Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.6 хувиар өсчээ
2009.08.11

Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.6 хувиар өсчээ

Үндэсний стастистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг гаргалаа

Макро эдийн засгийн үзүүлэлт

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2009 оны эхний хагас жилд 1608.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.4 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар буурчээ. Үүнд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.5 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 7.5 хувиар буурсан нь нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 3.2 хувь, үйлчилгээний салбарынх 2.1 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 7 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар өссөн байна.

Тээврийн бүлгийн үнийн дүн 4.1 хувь, бусад бараа үйлчилгээний үнийн дүн 1.2 хувиар тус тус өссөн боловч хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4.2 хувиар буурсан нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 7 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар буурахад голлон нөлөөлсөн байна.

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 7 дугаар сарын эцэст 2495.4 тэрбум төг болж өмнөх сарынхаас 70.8 тэрбум төг буюу 2.9 хувиар өссөн боловч өмнөх оны мөн үеийнхээс 100.2 тэрбум төг буюу 3.9 хувиар бага байна. Мөнгөний нийлүүлэлт оны эхнийхээс 225.4 тэрбум төг буюу 9.9 хувиар нэмэгдэхэд бараг мөнгө 358.1 тэрбум төг буюу 22.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 7 дугаар сарын эцэст 350.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төг буюу 2.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19.0 тэрбум төг буюу 5.1 хувиар тус тус багасчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 7 дугаар сарын эцэст 2580.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 21.8 тэрбум төг буюу 0.9 хувиар өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 12.7 тэрбум төг буюу 0.5 хувиар буурчээ.

Үнэт цаасны арилжаа 2009 оны 7 дугаар сард 22 удаа явагдаж, 855.3 сая төгрөгийн гүйлгээ хийж, 2.1 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Арилжигдсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 10.0 cая ширхэг буюу 82.9 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 сая ширхэг буюу 88.7 хувиар буурчээ.

Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.3 тэрбум төг буюу 59.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 тэрбум төг буюу 87.2 хувиар буурав. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний 7 сард 990.1 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1271.7 тэрбум төг болж, нийт тэнцэл 281.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 305.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.5 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ.

Төсвийн урсгал орлого 975.6 тэрбум төг, урсгал зардал 985.9 тэрбум төг болж, урсгал тэнцэл 10.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 309.4 тэрбум төг буюу 28.3 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 202.0 тэрбум төг буюу 81.3 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 70.5 тэрбум төг буюу 43.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 18.2 тэрбум төг буюу 9.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 37.0 тэрбум төг буюу 23.8 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 63.5 тэрбум төг буюу 3.4 дахин, навигацийн орлого 11.0 тэрбум төг буюу 2.7 дахин, хүү, торгуулийн орлого 0.6 тэрбум төг буюу 4.7 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 7 сард 1271.7 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 44.3 тэрбум төг буюу 3.6 хувиар өсчээ.
Үүнд цалин, хөлсний зардал 31.0 тэрбум төг буюу 10.1 хувь, татаас, шилжүүлэг 35.6 тэрбум төг буюу 9.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 7 сард 165.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 32.0 тэрбум төг буюу 16.2 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгө оруулалт 29.4 тэрбум төг буюу 17.5 хувиар багассанаас шалтгаалжээ.
Манай улс 2009 оны эхний 7 сарын байдлаар дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008.8 сая ам.доллар, үүнээс экспорт 922.4 сая ам.доллар, импорт 1086.4 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1276.6 сая ам.доллар буюу 38.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 540.3 сая ам.доллар буюу 36.9 хувь, импортын хэмжээ 736.3 сая ам.доллар буюу 40.4 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 7 сард 164.0 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 196.1 сая ам.доллар буюу 2.2 дахин багассан байна. Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 540.3 сая ам.доллар буюу 36.9 хувиар буурсан нь зөвхөн үнийн бууралтаас шалтгаалсан байна. Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын үнийн дүн 55.9 хувь; цайрын баяжмалын үнийн дүн 45.8 хувь; боловсруулаагүй алтны биет хэмжээ 47.9 хувь, үнийн дүн нь 49.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.
Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 736.3 сая ам.доллар буюу 40.4 хувиар буурсны 147.5 сая ам.доллар буюу 20.0 хувь нь үнийн бууралтаас, 588.8 сая ам.доллар буюу 80.0 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 2009 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар дугуйт тракторын 82.0 хувь, тракторын хадуурын 90.9 хувь, тракторын тармуурын 95.4 хувь, хаман боогчийн 83.7 хувь, морин хадуурын 93.9 хувь, морин тармуурын 95.7 хувь нь тус тус хадланд ажиллахад бэлэн болсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тракторын хадуур, тракторын тармуур, хаман боогч, морин хадуур, морин тармуурын бэлэн байдлын хувь 1.2-7.9 пунктээр илүү, харин дугуйт тракторын бэлэн байдлын хувь 0.6 пунктээр доогуур байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 7 сарын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 858.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.4 тэрбум төг буюу 9.1 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 12.3 тэрбум төг буюу 2.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 75.8 тэрбум төг буюу 24.7 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 9.1 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-53.6 хувиар багассан нь нөлөөлжээ. Нарийн боов, хиам, катодын зэс, тамхи, шохой, металл бэлдэц, самнасан ноолуур, спирт, хивс, бетон зуурмаг, металл цувимал, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7-88.4 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 24.7 хувийн бууралтад голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 7 сард 78.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 73.2 тэрбум төгрөг буюу 92.8 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 5.7 тэрбум төгрөг буюу 7.2 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.
Төмөр замын тээврээр 2009 оны эхний 7 сард 7660.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 1844.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 654.3 мян.т буюу 7.9 хувь, зорчигчдын тоо 711.7 мян.хүн буюу 27.8 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 2009 оны эхний 7 сард 664.8 тонн ачаа, давхардсан тоогоор 161.1 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 485.7 тонн буюу 42.2 хувь, зорчигчдын тоо 48.7 мян.хүн буюу 23.3 хувиар тус тус буурчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.