Тогтоолын заалтыг өөрчлөх санал тавив
2009.06.20

Тогтоолын заалтыг өөрчлөх санал тавив

УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор нийтдээ 797.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй автозамын 33, 205.4 тэрбум төгрөгийн төсөвтэй эрчим хүчний 13 төсөл, арга хэмжээг улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ тогтоолоор дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулсны дараагийн нэг, хоёр дахь жил бүрт нь нийт гүйцэтгэлийн 30 хувь, гурав дахь жилд нь 40 хувийг улсын төсвөөс буцаан төлж байхаар тогтоосон байна. Улсын төсвөөс буцаан төлөх хувь хэмжээг ингэж хатуу тогтоож өгснөөс болж тендерт оролцох, тендерийн болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх аж ахуйн нэгжүүд олдохоо болиод байгаа аж.

Иймээс эл тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулсныг Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсэв.

Улсын төсвөөс буцаан төлөх нөхцөлийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналын дагуу гэрээт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа санхүүжилтийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа үлдэх хувийг нь төсвийн эх үүсвэртэй уялдуулан олгож байх, дараа төлөгдөх нөхцөлөөр ашиглалтад оруулсан барилга байгууламжийн санхүүжилтэд улсын төсвөөс тухайн төсвийн жилд болон дунд хугацаанд олгох санхүүжилтийн дүнг Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хүрээний хязгаартаа багтаан тодорхойлж, эх үүсвэрийг жил бүрийн төсвийн тухай хуульд тусгуулан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж байхаар уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.