Үндсэн чиглэлийг хавар хэлэлцэхийг дэмжсэнгүй
2009.06.03

Үндсэн чиглэлийг хавар хэлэлцэхийг дэмжсэнгүй

Өчигдөр УИХ-ын төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ хуулийн төсөлд жил бүрийн намар УИХ-аар улсын төсөвтэй хамт Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцдэгийг болиулж,  Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдлийг хаврын чуулганаар хэлэлцүүлж байх нь зүйтэй хэмээн тусгасан байгаа юм. Учир нь намрын чуулганаар төсөвтэй хамт үндсэн чиглэлийг хэлэлцэх үед “нэр төдий” байдлаар хэлэлцдэг, энэ байдлыг болиулахын тулд хавар баталдаг болох нь зүйтэй хэмээн ЗГ үзэж байгаа юм байна. Олонхи гишүүд “Хий цаг үрсэн ажил болно” хэмээн үзэж байнгаа байнгын хорооны хуралдааны үед илэрхийлж байлаа. Эцэст нь энэ асуудлын УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зөв эсэх талаар санал хураахад гишүүд дэмжсэнгүй. Одоо энэ асуудал нэгдсэн чуулганаар орж, хэлэлцэх эсэх нь эцэслэн шийдэгдэх юм.

Үдээс өмнө хуралдсан УИХ-дахь АН-ын бүлэг “Үндсэн чиглэлийнх нь дагуу намар төсвийнхөө хуулийг батлан гаргах нь цаг хугацааны хувьд ч, ажил зохион байгуулалтын хувьд ч хамгийн зөв бололцоотой хувилбар” хэмээн үзэж энэ хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зөв хэмээн зарчмын хувьд дэмжсэн байсан юм. Угтаа энэ асуудлыг Засгийн газраас өргөн барьсан ч, санаачилгыг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг гаргасан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.