Төсвийг тэнцвэржүүлэх, алдагдлыг санхүүжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэв
2009.05.13

Төсвийг тэнцвэржүүлэх, алдагдлыг санхүүжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улсын Засгийн газартай тус тус байгуулах “Төсвийг тэнцвэржүүлэх, алдагдлыг санхүүжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөр”-ийн зээл санхүүжилтийн хэлэлцээрүүдийн төслийг зарчмын хувьд дэмжин, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тогтов.


Өнгөрсөн оноос эхлэн дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хямрал Монгол Улсад ч таагүй нөлөө үзүүлж, энэ нь банк, санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик үзүүлэлтүүдээс ч тодорхой харагдаж эхэлсэн билээ. Тухайлбал өнгөрсөн 2008 оны дүнгээр эдийн засгийн өсөлт саарч 8.9 хувьд хүрсэн, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4 дүгээр улиралд буурсан, гадаад худалдааны алдагдал ихээхэн нэмэгдсэн, арилжааны банкуудаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, төсвийн нийт тэнцэл 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, цайр зэрэг металын үнэ ханш өнгөрсөн оны дунд үеэс эхлэн огцом унаснаас төсвийн орлого буурч, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учруулж эхэлсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн бодлого орлогын тогтвортой бус эх үүсвэрт суурилан, эрдэс баялгийн үнээс хамаарч зарлагын тэлэлтийг дэмжиж ирснээс үүдэн улсын санхүү, төсөв эрсдэлд өртөж, тогтворгүйжих нөхцөл байдал бүрдсэний илрэл болсон юм. Үүссэн нөхцөл байдал нь төсөв боловсруулах институцийн орчныг сайжруулах, нийгмийн халамжийн болон бусад төсвийн зарлагыг тодорхойлох тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагыг улам тодруулж өгч байгаа бөгөөд шинэчлэл хийх боломжийг ч нээж өгч байгаагаараа сайн талтай.

Аливаа хямралын үед нийгмийн эмзэг бүлэг, орлого багатай иргэд, өндөр настан, хүүхэд багачууд хамгийн их өртөж, хохирдог болохыг НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, тайлангуудад тодорхой харуулсан байдаг. Ийм учраас бодлогын нэгдсэн матрицад тусгасан арга хэмжээнүүдийн дийлэнх нь ядуурлыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, өндөр настан, хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлгийхнийг хямралын сөрөг нөлөөллөөс хамгаалахад чиглэж байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсад хөрөнгийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын бодлогын хүрээг тодорхой болгох, ядуу иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг нарийвчлан эдийн засгийн хямралын үед ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хотын мастер төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах зэрэг чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдэд тусгагдсан ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.