Ц.Даваасүрэн: Яарах хэрэгтэй. Амаалтаа хэрэгжүүлье
Улс орны төсөв санхүү хүндхэн байгааг байнгын хорооны танхимд ярилцсан төсвийн хүрээний мэдэгдэл баталж байна. Энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.7 хувь болж буурах тооцоог Сангийн яамныхан гаргажээ. Ирэх онд өсч долоон хувьд хүрэх төсөөлөлтэй ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 12 хувьд хүргэхээр төлөвлөсөн юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг улс орны хөгжлийг илэрхийлдэг чухал үзүүлэлт. Төсвийн байнгын хорооныхон Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр дотоодын нийт бүтээгдэхүүний бууралтыг лавлаж Засгийн газар эдийн засгийг өсгөх ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа тухай шүүмжиллээ. Сангийн сайд С.Баярцогт "Бид төсвийн хүрээний мэдэгдлийг танил цуулахдаа нөхцөл байдалтай уялдуулж багасгасан. Дэлхий нийтээр улс орон бүхэнд эдийн засгийн өсөлт саарч байна. Тэд ч бидэнтэй адил дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг төлөвлөснөөсөө хасч тооцож байгаа. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг сэргээх гол зүйл нь уул уурхайн салбар, стратегийн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ гэж үзсэн. Маргааш (өнөөдөр) Засгийн газрын хуралдаанаар алт, ээс, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай ярина" гэв.
Ирэх хоёр жилд Монгол Улсын хөрөнгө хэчнээн тоогоор хэмжигдэх, төсөвт тохирсон ямар ажлууд хийх тухай хэлэлцүүлгийг ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлнэ. Дэлхийг хамарсан санхүүгийн уналтаас шалтгаалан буурч байгаа манай орны эдийн засгийг сэргээх гол найдвар уул уурхайн салбарын хөгжил гэдэгт гишүүд санал нэг байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төсвийн хүрээний мэдэгдэлд хоёр толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай огт тусгаагүй байна. Ганц Оюутолгойн тухай ярих цаг биш. Тавантолгойгоо ашиглахад ч бид яарах хэрэгтэй.2010 оныг л алдаж болохгүй. Энэ бол маш чухал жил. Дээрх хугацаанд амжуулахгүй бол Засгийн газар улс төрийн намуудтайгаа хамт иргэддээ амласан 1.5 сая төгрөг талаар болно шүү" хэмээн сануулсан юм. Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болсон. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хаврын чуулганаар баталдаг байх саналыг Засгийн газар гаргаж УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Намар хэлэлцэж заншсан хуулийг урагшлуулж хавар хэлэлцэх нь онцын ач холбогдолгүй хэмээн гишүүдийн олонх нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзав.