Дөрвөн ч газар төсөв хэтрүүлжээ
УИХ-ын нэгдсэн чуулган өглөө 10.00-д хуралдаанаа эхлэх ёстой байсан ч Засгийн газрын гишүүдийг хүлээгээд цагаасаа 30 минут хоцорч эхэллээ. Чуулган засгийн газрын гишүүдийг хүлээсэн учир нь өчигдрийн үдээс хойших хуралдаанаар явуулсан Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг сонсож, явуулсан хэлэлцүүлэг үргэлжлэх ёстой байсан юм.
Өчигдрийн Сангийн сайдын тавьсан тайлан, илтгэлээр бол Монгол улсын 2008 оны нэгдсэн төсвийн орлого хоёр их наяд 170,4 тэрбум төгрөг, зарлага хоёр их наяд 466,8 тэрбум төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл төсөв 296,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн дөрвөн ч төсвийн ерөнхийлөн захирагчид төсвөө хэтрүүлжээ. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо, МҮОНРТ, Эрдэс баялаг, эрчим хүчний яам зэрэг байгууллагууд орж байгаа юм. Сангийн сайд Ц.Баярцогтын тайлбараар бол эдгээр байгууллагууд нь 100 хувь улсын төсвөөс санхүүждэггүй, өөрсдөө ашиг олдог учраас төрийн сангийн данснаас гадна арилжааны банкнуудад данстай байдаг нь хянах боломжгүй байдаг учир төсөв хэтэрсэн гарч байгаа гэлээ.
УИХ-ын гишүүд төсөв хэтрүүлэгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн үзэж байна.