Л.Гантөмөр: Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах хэрэгтэй
-Засгийн газар казино байгуулж, орлого нь улсын төсөвт ордог байвал гурван жилийн дараа нийслэлийн зам, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ-
"Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"-ийг олгохын тулд янз бүрийн эх үүсвэрийг судалж, боломжит хувилбаруудыг дэвшүүлж байгаа билээ, УИХ-ын гишүүд. Харин дээрх санаа, оноо, хувилбаруудаас УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан санал анхаарал татсан юм. Тэрбээр Монгол Улсад казино байгуулж, төсвийн алдагдлыг нөхөх хэрэгтэй гэсэн саналыг гаргасан. Энэ талаар эрхэм гишүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Улсын төсвийг алдагдалгүй болгох, улс төрийн намууд амласан амлалтаа биелүүлэхэд казино байгуулах хэрэгтэй гэж та хэлж байсан. Үнэхээр манай улсад казино байгуулах шаардлага байна уу, энэ цаг үед?
-Манай улсын үйлчилгээний салбарт энэ бизнес хөгжих боломжтой. Зөвхөн казино гэж онцлохгүй, хийж болох олон бизнес байгаа. Харамсалтай нь бид бизнесийг урамшуулах, зөв бодлогыг харж чадахгүйд л гол учир нь байна. Миний бодож байгаагаар Монголд казино, цэнгээний төв, таван одтой зочид буудал байгуулбал гаднаас ирэх мөнгөний урсгалыг зогсоохгүй барих боломж байгаа.
Хамгийн гол нь мөнгө даллан дуудсан орчинг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Мөн хувийн хэвшлийнхэнд энэ орчинг бүрдүүл гээд өгч болохгүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар казино байгуулж, орлого нь улсын төсөвт ордог байвал гурван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын зам, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ.
-Казино байгуулах зөвшөөрлийг олголоо гэж бодоход хаана байгуулбал ашигтай байх бол?
-Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах хэрэгтэй. Гэхдээ чөлөөт бүсүүддээ байгуулсан казиногийн хувь эзэмшигч нь чөлөөт бүсийнхэн л байх ёстой. Түүнээс биш гадныхан хувь эзэмшинэ гэвэл энэ асуудал цааш ахихгүй. Энэ бол миний байр суурь шүү.
-Казино байгуулах тухай хуулийн төслийг өнгөрсөнд нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьж байсан удаатай. Гэсэн хэдий ч дэмжлэг авч чадаагүй. Харин одоо Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулаад өргөн баривал хүлээн авах болов уу?
-Өмнөх парламентад дэмжлэг аваагүй нь уг хуулийн төсөлд "Хувийн хэвшлийнхэнд казино байгуулах зөвшөөрөл олгоно" гэж байсан. Нэг, хоёр компанид л зөвшөөрөл олгоход бусад томоохон бүлэглэлүүд нь унагаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд байгуулах казиногийн 10 хувьд нь хөрөнгө оруулах эрхийг бизнесийн байгууллагад өгч болно. Тэгээд ашгаас нь тодорхой заасан хувийг өгнө гэхэд компаниуд бие биеэсээ өрсөх гээд аль байдгаараа л хичээнэ шүү дээ.
-Монгол Улсад казино байгуулах хөрөнгө мөнгө байгаа юу, та энэ талаар судалж үзэв үү?
-Хэдийгээр хямралтай байгаа ч казино байгуулахад их мөнгө шаардлагагүй. Тухайлбал, 1000 хүний суудалтай казино байгууллаа гэхэд маш бага хэмжээний хөрөнгө шаардагдана. Гадны аль нэг улсаас зээл авахад гурван жилийн дотор л өрөө дарна.
-Үнэхээр гуравхан жилийн дотор өрөө төлөөд, дээр нь ашиг олсон ямар улс байдаг юм бэ, тодруулахгүй юу?
-Солонгосын бэлэн жишээ байна шүү дээ. Сөүл хотын нэрэмжит казинод Солонгосчууд ордоггүй. Гадаадынхан л ордог. Хэрэв Монголд хотын нэрэмжит казино байгуулбал бидний төсөөлж байгаагүй их хүн ирнэ. Манай урд хөршид мөрийтэй тоглоом тоглох сонирхолтой хүмүүс байдаг. Тэд азаа үзэх дуртай. Гэтэл нутагт нь казино тоглуулдаггүй. Тиймээс Солонгос, Макао зэрэг улс руу явж тоглодог. Тэр мөнгийг л Монгол руу урин дуудах хэрэгтэй. Харин Монгол хүн казино тоглож болохгүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл, хожих магадлал маш бага. Тэгээд ч бидэнд эрсдэлтэй.
-Та казиногийн асуудлаар хуулийн төсөл өргөн барих уу?
-Засгийн газарт асуудал тавина гэж бодож байгаа. Хэрэв Засгийн газар энэ талаарх хуулийн төсөл боловсруулж, өргөн барих хэрэгтэй. Тэгвэл хэн, хэндээ хал, балгүй байх. Түүнээс биш хэн нэгэн УИХ-ын гишүүн, жишээлбэл би энэ хуулийн төслийг бариад гүйвэл найдвар багатай. Ер нь казино байгуулах сонирхолтой этгээд садаа болж, хуулийн төсөл унах магадлалтай.
-Улс төрийн намуудын амлалт болох 1.5 саяыг иргэд хэзээ өгөх бол гэж хүлээж байгаа. Хэрэв Монгол Улсад казино байгуулбал энэ мөнгийг өгөх бас нэгэн эх үүсвэр болно гэсэн мессэж байгаа?
-УИХ анх байгуулагдахдаа л 1.5 сая төгрөгийг иргэдэд олгоно гэж амласан. Засгийн газар ч ялгаагүй. Энэ мөнгийг өгөхийн төлөө л ажиллах ёстой, өнөөдөр. Хэрэв иргэддээ 1.5 сая төгрөгийг өгч чадахгүй бол УИХ залилан хийж байгуулагдсан гэсэн үг. Тиймээс иргэддээ мөнгө өгөхийн тулд бүхий л аргыг хайж, эрэх ёстой.
-Монгол Улсыг зорих гадныхны тоо жилээс жилд буурч байгаа. Бид жуулчдыг ямар аргаар татах ёстой вэ, магадгүй казино байхыг үгүйсгэх аргагүй л юм?
-Энэ жил Монголыг зорих гадныхны тоо өнгөрсөн жилүүдийнхээс цөөрсөн. Яагаад гэхээр Монголд жуулчдыг татах, сонирхох зүйл алга гэдгийг харуулж байгаа юм. Жуулчдад Монголын тал, хээр, хад цохиог үзүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл худлаа шүү дээ. Тэгэхээр тэднийг юу татахыг бодох л хэрэгтэй болсон, өнөөдөр.
-Хууль бус үйл ажиллагаа казиног байнга дагаж явдаг гэдэг. Гадныхны зарим улс орнуудаас ч энэ жишээг олж харж болохоор байдаг шүү дээ. Тэгэхээр казино байгуулах нь манай улсын хувьд эрсдэлтэй, тэгээд ч хугацааны хувьд арай эрт юм шиг санагдаж байна?
-Мөрийтэй тоглодог хүмүүсийг дээрэмчин, гэмт хэрэгтэн гэж ойлгож болохгүй. Ер нь тоглох сонирхолтой бизнесмэн, мөнгөтэй хүмүүс л ирдэг. Хэрэв Монголд казино байгуулбал хувийн компанид зөвшөөрөл өгч болохгүй. Харин манай улс казино байгуулж, тэр мөнгө нь улсын төсөвт ордог бол маш их төсөв бүрдүүлнэ гэдгийг онцлон хэлмээр байна.