Эх үүсвэр барихад зориулж 3.8 тэрбум төгрөг төсөвт суулгахыг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Ингэхдээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авсан нэр бүхий таван гишүүний гаргасан Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбоход шаардагдах 3.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах тухай саналыг авч хэлэлцсэн.
Энэ үеэр гишүүд Тайширын усан цахилгаан станц шиг үр дүнгүй хөрөнгө оруулалт болж хувирч магадгүй учраас Техник эдийн засгийн үндэслэл гарсан цагт 3.8 тэрбум төгрөг олгох эсэх тухай асуудлыг авч хэлэлцье гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саналаа хамгаалж, тайлбар хийв. Тэрбээр Хувийн компани өөрийн хөрөнгө оруулалтаар шугам татах гээд байхад түүнд хаалт тавиад буйг шүүмжиллээ. Харин Эрдэс, баялаг эрчим хүчний сайд “Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчээр хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн станц байгуулах санал бүх шатанд дэмжлэг аваад явж байгаа. Хуучин энэ саналыг “унагачихсан” байсан. Тиймээс Техник, эдийн засгийн үндэслэл нь гарсны дараа хөрөнгийг төсөвт суулгах эсэхийг эцэслэн шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Эцэст нь байнгын хорооны дарга болоод гишүүдийн олонхийн саналаар шугам барихад бус Могойн голын уурхайд станц барихад зориулж 3.8 тэрбум төгрөг төсөвт суулгахыг зөвшөөрч байгаа эсэхээр санал хурааж, олонхийн дэмжлэг авав.