Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогын төлөвлөгөө давж биеллээ
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогын эх үүсвэрийг тооцож тусгахдаа дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 3400.0 ам. доллараар тооцож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 24.7 тэрбум төгрөгийг зэсийн үнийн өсөлтийн албан татварын орлогоор, алтны үнийг 850.0 ам. доллараар тооцож алтны үнийн өсөлтийн албан татварын орлогоор 26.0 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр тооцож, нийт 50.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор Монгол Улсыг хөгжүүлэх санд нийт 18.7 тэрбум төгрөг төвлөрч, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогын төлөвлөгөө 7.1 тэрбум төгрөгөөр буюу 61.4 хувиар давж биелсэн байна. Монгол Улсыг хөгжүүлэх санд эхний таван сарын байдлаар төвлөрсөн орлогыг бүтээгдэхүүний нэр төрлөөр авч үзвэл алт олборлогч аж ахуйн нэгжээс нийт 2.3 тэрбум төгрөгийг алтны үнийн өсөлтийн албан татвараар, үлдэх 16.4 тэрбум төгрөг нь зэсийн үнийн өсөлтийн албан татвараар тус тус төвлөрсөн байна. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогын төлөвлөгөө ийнхүү давж биелэхэд дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийн өсөлт шууд нөлөөлжээ.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан боловсруулагдсан “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 16-гийн 1-д заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийн тулд УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа шийдлээ.