Байнгын хороо төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2009.11.12

Байнгын хороо төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, холбогдох агентлаг, газрын дарга нар оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан гишүүн Ц.Батбаяр, Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь, Э.Мөнх-Очир нар асуулт асууж, Н.Энхболд, Р.Раш, Д.Энхбат, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нарын гишүүд саналаа хэлэв. Байнгын хорооны гишүүд онцгой байдлын албаны бэлэн байдлыг хангах үүднээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж техник хангамжийг сайжруулах, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хүүхэд багачуудын боловсролд анхаарч ном сурах бичгээр хангахад зориулан зохих хөрөнгө гаргах боломж байгаа эсэх, төсвийн алдагдлыг бууруулах, засаг захиргааны шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж буйг тодруулж хариулт авлаа.

Сангийн сайд С.Баярцогт Сангийн яаман дээр хөрөнгө хасагдсан гэх ойлголт байхгүй. Засгийн газар төсвийн асуудлыг танхимаараа яриад оруулж ирсэн. Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалтад анхаарч төсөвт 1.5 тэрбум төгрөг тусгасан гэдгээ хэлээд ирэх оны төсвийг өргөн барьснаас хойш Хүний хөгжлийн сангийн хууль батлагдсантай уялдаж төсвийн алдагдал 1.8 хувиар нэмэгдэж болзошгүй байгаа тул төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг нэмэх тухай асуудал нь тодорхой зардлыг хасахтай уялдаж байх учиртайг эрхэм гишүүдэд сануулав.

Гишүүн Н.Энхболд цагаатгах ажлыг ойрын хоёр жилд багтааж дуусгахаар УИХ-аас шийдвэрлэсэн тул одоо Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа 6000 гаруй хүний хэргийг шалгаж дуусгахад зориулж төсөвт 160 сая төгрөг нэмж тусгах, Д.Энхбат төсвийн зардлын бүтцийг эрс өөрчлөх чиглэлээр ажлын хэсэг байгуулж дорвитой шинэчлэл хийх, Х.Тэмүүжин төрийн албаны шинэтгэл хийх замаар төсвийн зардлыг багасгах, энэ үүднээс байнгын хороооны дэргэд Төрийн албаны шинэтгэлийн дэд хороо байгуулах хэрэгтэй байгаа тухай саналаа хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад гишүүн Н.Энхболдын гаргасан Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа хэргүүдийг шалгаж дуусгахад зориулан төсөвт 160 сая, Ж,Сүхбаатарын гадаад байгаа монгол иргэдийн хүүхдүүдийг ном сурах бичгээр хангахад зориулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад 30 сая төгрөг нэмж тусгах саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжив. Харин гишүүн Э.Мөнх-Очир Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хуримтлагдсан хөрөнгөөс зарим арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргая гэсэн саналаа татаж авсан юм.

Байнгын хорооны гишүүд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

Референт Ш.Содномжамц

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.