2009.11.24
Ж.Батсуурь: Хүүтэй зээл авчихаад их мөнгө орж ирлээ гэж баярлах хэрэггүй
Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урилаа.
-Ирэх оны төсөв 5-7 хувийн алдагдалтай гарна гэж байна. Нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл авахаар эдийн засагч гашүүнээ зорьж ирлээ?
-Төсвийн алдагдал бага байх ёстой. Өнгөрсөн жил, түүний өмнөх жилээс улбаатай санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалаад орлого жаахан тааруухан, бидний зах зээл дээр борлуулдаг бараа бүтээгдэхүүний үнэ бас зарим тохиолдолд хямдарч эрсдэлд орж буй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Эндээс улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдах, эрсдэлд орох гэх мэтчилэн нөхцөл байдал үүсдэг учраас төсөв батлахдаа үүнийг анхаарах шаардлагатай гэж эдийн засагч хүний хувьд үзэж байгаа. Нэг талаасаа бид, бүсээ чангална гэж зарим үед ярьдаг шүү дээ.
-Тэгэхээр та хэт үрэлгэн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?
-Тэсвэр тэвчээртэй байж, зарим асуудлын зардлыг хойшлуулах, их үрэлгэн тансаг хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай юм. Манай улс төрийн тогтолцоо, улс төрийн нөхцөл байдал маш их өргөн хүрээтэй. Бас хүн болгон аймаг бүр сонгууль хийдэг. УИХ тойргийн зарчимтай учир хэт үрэлгэн, өөрөөр хэлбэл тойрог болон жижиг сум, суурин, аймаг, дүүргийн эрх ашигт нийцүүлдэг төсөв зардал их өндөртэй. Энэ мэт улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад, шат шатандаа халамжийн чиглэлээр ихээхэн амлалт хийх нөхцөл байдал үүсч, төсвийг хүндрүүлж байгаа. Тухайлбал, нэг сая 500 мянган төгрөгийг баялгийн хуваарилалт гэж олгохоор ярьж байна. Баялаг орж ирэх нөхцөл байдал, цаг хугацааны хувьд болоогүй байхад хуваарилаад эхэлчих юм бол хямрал бэрхшээл дагуулна.
-Зарим эдийн засагчид монголчууд эдийн засгийн хямралыг даван тууллаа гэсэн. Та үүнтэй санал нэг байна уу?
-Манай улсад эдийн засаг, санхүүгийн хямрал гүнзгийрэлгүй зогсонги байдалд орж байх шиг байна. Хямрал эхэлсэн эдийн засгийн цаг үеийнхээ түвшинд ирнэ гэдэг өөрөө их цаг хугацаа шаардана. Бид хямрал даван туулах айхтар дорвитой, цогц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж чадсангүй. Шаардлагын түвшинд байж чадаагүй гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. Гэхдээ яахав, бидний аз гэх юм уу, буян хишгээр олон улсын нөхцөл байдал бидэнд нөлөөлөөд хямралыг бага ч гэсэн зогсонги байдалтай болгож байна. Гүнзгийрэх тал руугаа биш байх болтугай гэж залбирч бодож байна.
-Хэдийд цэг тавих бол?
-Монголд хариуцлагын тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой хэмжээгээр орхигдуулсан. Маш олон жижиг төсөв, захирагч олонтой. Ийм улс оронд эдийн засаг их үрэлгэн байдаг шиг байгаа юм. Тэгэхээр энэ хариуцлагын механизм сул, эдийн засгийн үрэлгэн байдлаас шалтгаалаад бид хямралд тийм амар цэг тавьж чадахгүй байхаа.
-Банкууд эхнээсээ дампуурч, үйл яжиллагаагаа зогсоохгүйн тулд хоорондоо нэгдэж байгаа нь зөв шийдэл үү?
-Банк, санхүүгийн салбарт хүндрэл бэрхшээл байсаар байна. Яагаад гэвэл банкийг авч явна, банкир байна гэдэг ганцхан жижиг улс, компанийн, асуудал биш. Томоохон мэргэжил, мэргэшлийн, олон улсын түвшинд банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулах дадлага туршлага, ур чадвар шаардана. Дээрээс нь их хатуу зарчимч, банк санхүүгийн салбарын бичигдсэн болон бичигдээгүй тэр олон хуулийг зайлшгүй баримталж байх ёстой. Манайхны ярьдгаар танил тал, ах дүү, эсвэл янз бүрийн хуйвалдааны журмаар бараг бүх банкнаас их хэмжээний зээл аваад ашигласан компаниуд байж байх жишээтэй. Тэр нь өөрөө эрсдэлд орчихсон. Зээл авна гэдэг авсан зээлээ ашиглаж нэмүү өртөг бий болгох асар өндөр чадвартай байх ёстой. Зарлагын, тухайлбал, виза авах, ямарваа нэг юм худалдаж авахын тулд зээл авна гэдэг асар хариуцлагагүй зүйл. Зарим гадаад орны нөхөд “Монгол орноос “зээлье” гэдэг үгийг нь хасчихмаар байна” гэж томъёолж хэлсэн байдаг. Имй учраас зээлийг авч ашиглаж сурах хэрэгтэй. Еp нь бид өөрсөддөө хариуцлага тооцолгүй он удаан жил явж ирлээ.
-Оюутолгойн гэрээний тухайд та бодлоо товчхон хэлэхгүй юу?
-УИХ, гишүүд бид тогтоол гаргаж, Оюутолгойн гэрээ байгуулах ажлын хэсэг Засгийн газарт “Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг мөчид Монголын төсөвт орж ирэх, төлөгдөх орлогын татвараасаа урьдчилаад жаахан юм өгөөч ээ” л гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхдүүд зээл авчихсан. “100 сая ам.доллар орж ирлээ. Музейд тавина” л гэж байсан. Хүүтэй зээл авчихаад нэг их мөнгө ороод ирлээ гэж баярлаад, картон дээр 100 сая ам.доллар гэж биччихээд, түүнийгээ музейд хадгална гэж сурталчилгаа хийж болохгүй шүү дээ. Энэ бол асар их хариуцлагагүй явдал гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр хүүгэй авсан зээлээ бид нарын баялгаасаа хүртэх ашиг гэж ойлгоод тараана гэдэг бол өшөө илүү хариуцлагагүй явдал.
-Одоо зээлсэн 100 сая ам.долларын зээлийн хүү яригдаж эхэлнэ байх?
-Хүү нь яригдаж таарна. За яахав, буцааж төлөхгүй, орох орлогоосоо тооцоод явлаа гэж бодъё. Нэгд, цаг хугацаа нь болоогүй, эдийн засгийн нөхцөл байдал, халамжийн зардлыг нэмэгдүүлэх түвшинд очоогүй байхад ийм алхмууд хийх юм бол улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хүнд гарз хохирол учирна. Аливаа юманд тохироо бүрдэнэ гэж байдаг. Сонгуулийн амлалт бол нэг асуудал. Гэхдээ үүнийгээ биелүүлэхийн тулд эдийн засгий н нөхцөл байдал, боломжийг бүрдүүлэхийн төлөө байгалийн баялгаа зөв ашиглаж, түүнийхээ ашиг орлогыг зөв хуваарилахгүй бол нөгөө эдийн засгийн талаархи аюулгүй байдал маань хүнд байдалд орох ийм эрсдэлтэй. Тэгэхээр цаг хугацааг нь олж, зөв шийдвэрлэх шаардлагатай.
-Бэлэн мөнгө тараах нь ямар нэг сөрөг үр дагавар дагуулах уу?
-Бэлэн мөнгө их хэмжээгээр тараана гэдэг бол өөрөө мөнгөний ханшны уналт зэрэг олон олон хүчин зүйлд сайнаасаа илүү хор хохирол учруулна. Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтыг асар их удаан хугацаагаар сааруулах аюул учирч болзошгүй учир их болгоомжтой хандах ёстой. Бид зах зээлийн эдийн засагт шилжих гэж 1990 оны хувьсгалаас хойш үндсэндээ 20 жил болж байна. Ийм урт удаан хугацаанд ахиц дэвшил гарч чадахгүй, төрийн албан хаагчдын маань цалин багаар барахгүй амьдралд нь хүрэлцэхгүй байна. Монголд “Цалин бол доромжлол” гэж зарим хүн хэлдэг юм билээ. Хатуу ч гэсэн би үүнийг үнэн гэж бодож байгаа. Ийм нөхцөл байдалтай удаан жил явна гэдэг бол хариуцлагагүй төр, төрийн арга механизм удаан байгаагийн шинж.
-Монгол оронд үсрэнгүйгээ байя гэхэд “хөнжлийнхөө” хэрээр хөгжих боломж бий гэж боддог уу?
-Хоёр томоохон хэрэглэгч байгаа нь давуу тал. Аливаа баялгийг үйлдвэрлэх бүтээх, байгалийн баялгийг ашиглахад худалдан авагч гол үүрэгтэй. Юу ч байгаад худалдан авагч байхгүй бол бид яах вэ, тийм ээ. Худалдан авагч байгаа гэдэг утгаараа давуу тал. Гэхдээ энэ хоёрынхоо ашиг сонирхлыг зөв хослуулж, зөв ойлголцож явахгүй бол бас л түвэгтэй, эрсдэлтэй байдалд хүрнэ. Энэ хоёр улсын хувьд өнөөдөр бидний яриад байгаа нүүрс, зэс яг хоолой дээр тулсан хэрэглээ нь биш. Өөрсдөө асар их уудамнутаг, асар их баялагтай учраас бид айхтар хатуу хандан, хэт үнэрхээд ямар нэг байдлаар хавчлагад орвол бүр хүнд байдалд орно. Дээрээс нь хэлж ирдэггүй, хийсч ирдэг ханиадны асуудал байна. Манай улс өөрөө жижиг, жижиг эдийн засагтай. Тэгэхээр асар их мэдрэмтгий.
-Энэ байдал юун дээр тод илрэх юм?
-Ганцхан ханиад төдийд л онцгой нөхцөл байдлын горим тогтоогоод, тээврийн хэрэгслийг хязгаарлачихад л тэр аяараа сүйрч, олон айл өрхийн амьжиргаанд нөлөөлж байх жишээтэй. Юуны түрүүнд өөрсдийнхөө аюулгүй байдал, тэр тусмаа хүнсний аюулгүй байдал янз бүрийн өвчин, гамшгийн аюулгүй байдалд бэлэн байх тэр дархлаагаа улам илүү сайжруулах шаардлага бидэнд байна. Цаг сайхан болохоор найр наадам хийж давхиад, гэнэт цаг муудангуут юу юугүй үхлээ хатлаа, өвс ус, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж давхиад байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд энэ чиглэлээрээ эрсдэлд орохгүйн тулд нэгд, хувь хүний хариуцлага, хоёрт жаахан хуримтлал бий болгох асуудалд анхаарч, сургалт сурталчилгааг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй. Гахайн ханиад нэг талаасаа тийм аюултай биш шиг байгаа юм. Нөгөө талаасаа хүний амь насанд асар их эрсдэл учруулдаг учраас хувь хүний хариуцлага гэж нэг айхтар юм байдаг. Яагаад гэхээр хувь хүн өөрөө тийм хэмжээний эрсдэл даван туулах чадвартай, бэлтгэлтэй, ухамсартай байх ухаантай л байх ёстой.
-Зээл гэдгийг тодорхойлвол?
-Аливаа хэрэглээг хангах гэж бус, баялаг үйлдвэрлэх, бүтээх гэж зээл авах ёстой. Хүүгээ төлөөд, дундаас нь тэр хүн ашиг хүртсэн байх ёстой. Тэгэхээр зээлийн асуудалд банкууд маань өөрсдөө ч бас хайхрамжгүй ханддаг. Гадны улс орнууд төсөв хэрэгжүүлнэ, зээл олгоно гэхээр л нөгөө хэрэглэгчдээ сургана, сургалт явуулна гээд учиргүй хөрөнгө зараад юм хийгээд байдаг. Энэ чинь өөрөө асар чухал зүйл байхгүй юу. Монголд хэлц үг гарчихсан л даа. “Зээл авч чадсан бол олсон гэж бод. Зээл өгсөн бол гээсэн гэж бодсон нь дээр” гэж. Банкууд ч хамаа намаагүй зээл өгснөөс эрсдэлд ороод, өгсөн зээлээ хаясан нь бараг дээр гэж бодох хэрэгтэй болчихоод байна. Ганц банкууд биш, өшөө олон салбар нэгж бие биенээ дэмжиж ойлгож, хамтын хүчээр даван туулахгүй бол хүндрэлтэй л дээ.
-Та гишүүний хувьд нийгмийн ямар асуудалд илүү зовниж явна?
-Хариуцлагатай төр баймаар байна. Хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, хүлээсэн үүргээ, төрийн бүх шатны албан хаагчид ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагатайгаар ойлгох хэрэгтэй. Түүнээс надад олдож байгаа үүлэн чөлөөний нар гээд түүнийгээ нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ашиглах зорилгыг давамгайлуулмааргүй байна.
-Гишүүд тойрогтоо тэрбум төгрөг зарцуулна гэж ярьж байна. Үнэхээр ийм их хэмжээний мөнгө хэрэгтэй юу?
-Зарим гишүүд ч эсэргүүцэж байгаа. Бид чинь тэр тойргийн ард иргэдийн өмнө айхтар том үүрэг хүлээчихсэн. Манай суманд ч сургуулийн дээвэр цоороод бороо гоожчихлоо. Аль эсвэл цэцэрлэг жижигдээд байна гэнэ. Надад ийм алд дэлэм бичиг зөндөө бий. Би түрүүн хэлсэн шүү дээ. Алдагдалтай төсөв баталчихгүйн тулд хөлийнхөө хэрээр хөнжлөө жий гэдэгчлэн орж ирж буй орлогынхоо түвшинд байхаас аргагүй. Өнгөрсөн жил 500, 500 орчим сая төгрөгийн хүрээнд саналаа өгөөрэй гэсэн. Би Дорноговь аймгийн төв Сайншанд дээр цэцэрлэг дутуу барьчихсан, түүнийг дуусгаж барья гээд санал өгөөд, түүний хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Энэ жил ч бас тийм хэмжээний юм байвал зүгээр байна. Надад нэг тэрбум битгий хэл 10,20 тэрбум төгрөгийн санал ирсэн. Тэгэхээр арай ахиухан байлгахын тулд дор хаяж нэг тэрбум төгрөгийн санал авч болдоггүй юм уу л гэж Засгийн газар өөрөө багцлаад боогоод оруулаад ирсэн. Тэрэнд тусгагдаагүй, жишээлбэл, аймагт хүүхдийн ордон шатсан. Дээврийг нь хийхийн тулд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Сайншандаас Улаанбаатар хүрэх зам барихад 16 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр нэг тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй.
-Энийг чинь л хүмүүс тойрогт зориулна гээд мөнгө идээд гэж ойлгодог байх?
-500 саяыг Батсуурь гэдэг гишүүн аваад, гарын үсэг зураад, юунд хамаагүй зарцуулж байгаа асуудал биш шүү дээ. Төсвийн эрх захирагчийн багцад санал өгдөг. Саналаа өгсөн. Сангийн яам, Шадар сайдын багцад ороод, хөрөнгө нь аймгийн засаг даргын мэдэлд очоод тэр цэцэрлэгийн барилга баригдаад явж байх жишээтэй. Мөн Говьсүмбэр аймгийнхан 12 жилийн сургуулийн засварт мөнгө шаардлагатай гэсэн санал ирүүлсэн. Би Боловсролын сайдад санал өгч байгаад бас хэдэн төгрөг тусгуулаад явуулах жишээтэй. Ийм л зарчмаар шийдэгдэж байгаа асуудал. Юу хамаагүй хийгээд байгаа асуудал бол байхгүй л гэж би хувьдаа ойлгож байгаа.
-Та Дорноговь аймгийн Засаг даргаар олон жил ажилласан хүн. Аймгийн Засаг дарга байх, УИХ-ын гишүүн байх хоёрын аль нь амар ажил вэ?
-Би яг таны асууж байгаа тэр өнцгөөс хармааргүй байна. Яахав “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг би Монголын төрийн буянаар Ерөнхий боловсролын сургууль төгсөөд, зардал төлбөргүйгээр гадаадад Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургуульд суралцаад ирсэн. Ирсэн өдрөөсөө эхлэн ажиллаад, тодорхой хэмжээний туршлага, . мэдлэг боловсрол эзэмшлээ. Амьдралаа ч аваад явчих түвшинд байна. Тийм учраас би улс орны хөгжилд өөрийн мэдсэн чадсанаа зориулъя, ард түмнийхээ амьдралыг сайжруулахын төлөө зүтгэе гэсэн сэтгэл өвөрлөж нутагтаа очиж, аймгийн даргаар ажилласан. Тодорхой хугацаанд тэр нутгийн ард иргэдтэй хамтарч үр дүнд хүрэхээр олон төрлийн ажил хийж, зохион байгуулсан. Монгол Улсын төр барилцах ажилд оролцохыг манай намын журмын нөхөд дэмжсэн. Тийм учраас ганц аймгийн асуудал хариуцаад суух биш улсынхаа хөгжилд миний мэдлэг боловсрол, санал нэмэр байдаг бол туслаж дэмжье л гэж бодсон.
-Аймгийн даргын алба хүнд үү?
-Төрийн алба явдгаараа явж л таараа гээд сууж болохгүй. Эрхийг нь эдлээд, үүргийг нь жаахан тэгсхийгээд, мөнгө ирээгүй ээ гээд дээш нь асуудлыг чихчихээд, үгүй бол тэр хүмүүс хариуцна гээд суугаад байх юм бол бас болох л ажил юм шиг харагдаж байгаа юм. Миний хувьд тийм сэтгэл байгаагүй. Чадахаасаа чадахгүйг нь хүртэл, янз бүрийн эрсдэлд орж, олон төрлийн алхам хийж, бүтээж байгуулахын төлөө их зүтгэсэн. Ер нъ хариуцлагатай, сэтгэлтэй хүний хийх ажил. Үнэхээрийн цаг наргүй. Сургууль боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарт, бас тэнгэр муухайрсан ч санаа зовоод унтаж чадахгүй байх жишээтэй хүнд ажил л даа.
-Тэгвэл УИХ-ын гишүүн байна гэдэг?
-Улс орны хэмжээнд мөрдөгдөх хууль, журам батлана гэдэг өөрөө асар их өндөр хариуцлагатай. Гэхдээ тэр хариуцлагынхаа хэрээр нэг хүний оролцоо бас жаахан бага л даа. Арвуулаа сууж байгаад зургаа нь миний саналын эсрэг гар өргөхөд л миний санал авахын байхгүй салхинд хийсээд л, миний хөдөлмөр талаар болно. Тийм учраас нэг талаасаа бас юу гэх юм бэ дээ, оролцоо бага ч юм шиг, нөгөө талаасаа хариуцлагатай ажиллдаа. Яаж ойлгосноосоо, аль өнцгөөс нь харж байгаагаас шалтгаална.
-Манай сонин нийслэлийн амьдралын толь. Та нийслэлийнхээ тухай ямар бодол өвөртөлж явна?
-Аливаа улс орны хөгжил гэдэг тэнд хүн хөгжих нөхцөл бололцоо байна уу, үгүй юу гэдгийг л шийдсэн байх ёстой. Улаанбаатар хотод эрс шийдэмгий олон алхам шаардлагатай. Хотынхон маань “Шинэ Улаанбаатар” гээд яриад эхэллээ. Хэр зэрэг үр дүнд хүрэхийг сайн мэдэхгүй. Ер нь нэгэнт сая хүнтэй хот болчихсон юм бол хүн болгон машин хөлөглөж давхиад, замаа бөглөчихөөд зогсоод, утаа униар үүсгээд, хэдэн төгрөгөө бензин шатахуун болгож шатаагаад суугаад байх бол зохимжтой биш. Хурдан галт тэрэг, газар доогуурхи метро ч гэж ярьдаг, ядаж нэг хоёр шугамтай, төвдөө нэг зөрдөг зөрлөгтэй байх ажлыг нэн даруй эхлүүлмээр байна. Дээр нь давхар зам, гарцууд хэрэгтэй. Зүгээр л нэг нүхэн хонгил барьчихаад учиргүй баярлаад. Ичмээр л юм даа. Нэг гүүр барьж чадахгүй. Тухайлбал Маршалын гүүр гээд урагшаа Их тэнгэр лүү явдаг зам байна.
-Гурван жил ч энэ гүүрийг барихад хангалтгүй байлаа л даа?
-Компанийнх нь захирал Ерөнхий сайдтай хэрэлдээд. Би үнэхээр ичиж байгаа юм. Энэ том хотод ганц гүүрийн асуудал шийдэх мэргэжлийн яам, чадвартай компани байхгүй ч юм уу. Бие бие рүүгээ чихээд, эцэст нь Ерөнхий сайдаа буруутгаад, аягүй бол хөрш орноо буруутгах тийшээ хандах нь уу, яах нь вэ, мэдэхгүй. Тийм инээдтэй байж таарахгүй л дээ. Орчноо дагаж соёл гэдэг. Орчныг нэн түрүүн сайжруулах шаардлагатай. Яахав, энэ жил нэг алхам хийгээд хэдэн автобус авсан л даа. Гэтэл тэр хэдэн автобус чинь бас л том томоороо гудамжиы түгасээ болоод. Утаа баагиулж хорт хий ялгаруулдаг. Хот энэ асуудлаа хурдан хурдан шийдээд явах хэрэгтэй. “Шинэ Улаанбаатар”-ын зураг төсөл бий болчихсон гэж зарим нөхдүүд ярьж байх шиг байсан. Тэрнийгээ яагаад эхлэхгүй байгаа юм. Нэгж үйлдвэр, нэгж компани бэлэн гap дээр нь тэрбум тэрбумаар нь мөнгө үрээд ирснээс эхлээд хөгжөөд явсан түүх байдаггүй. Цэвэр нойлоос эхлээд зөвхөн хөдөлмөрийн үр шим, оюун ухааны хүч чадлаар л хөгжиж дэвжиж орлого, баялгийг бутээсэн түүх байдаг учраас энэ дээр онцгой анхаармаар санагддаг. Ялангуяа зам талбай, усан оргилуурууд, хүний ая тухтай зугаалах газар, агаар цэвэршүүлэх арга механизмуудыг сайн хиймээр байна. Асар замбараагүй болчихсон л доо.
-Бүтээсэн зүйлээ эргүүлээд үгүй хийх ч тохиолдол байх юм?
-Тийм. Машин зөрдөг, Оросын барьсан аятайхан замтай хороолол байсан чинь л ганцхан машин явдаг болгоод, замынх нь талыг таглаад байшин барьчихаж байгаа юм. Зөвхөн хувийнхаа эрх ашгийг бодоод. Би Европт сурч хүмүүжсэн хүн. Хүний, ялангуяа европ хүний хүнд л тээр болохгүй юмсан гэсэн зарчим байдаг. Та эрхээ эдэлж байна гэж хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Тийм учраас ийм зарчим л баримталж, хүнд тээр болохгүй юмсан. Хоёр машин тавих газар ганц машинаа хаячихаад алга болчихдог. Дараагийн машин зогсох зогсоолгүй болдог. Тэгэхээр ингэж л амиа бодолгүй, өөр өөрсдийгөө аваад явчихвал төр ч амар амгалан хөгжил дэвшлийг бодох боломж байна шүү дээ. Түүнээс гар угаах саван, түлэх түлш алга гээд суугаад байхаар чинь төрийн санаа зовох юм хэт жижигдээд, том юмаа ч хийж чадахгүй, жижиг юмаа ч хийж чадахгүй болчихож байна.
-Асар их баялагтай Монгол орны нийслэлийн тал хувь ядуу амьдарч байгаа. Ер нь 2.7-хон сая хүнийг хангалуун амьдруулах боломж бий гэж та боддог уу?
-Хангалуун амьдруулж болно. Болох ч ёстой. Би их амархан гэж бодож байгаа. Тэр тусмаа гадаад нөхцөл байдалдаа тулгуурлаад. Би хэлсэн шүү дээ. Асар их хэрэглэгч, аливаа бүтээгдэхүүнийг худалдан авагч, зах зээл нь байна гэдэг бол өөрөө асар том боломж нээж байгаа юм. Харин эдэнтэйгээ үг хэлээ зөв ололцоод, би л баяжиж мөнгөжих ёстой гэх биш хэн хэнийхээ эрх ашгийг бодоод зөв аваад явчих юм бол болно. Өнөөдөр төрд энэ 2.7 мянган хүнийхээ төлөө амиа зольж чадах, бүхий л амь амьдралаа зориулж чадах тийм түшээ ховор байгаа учраас урагшлахгүй байна. Нэгталаасаа ажил албан тушаалыг өөрийн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах хэрэгслүүр гэж ойлгодог. Нөгөө талаасаа энэ бол зөвхөн үүлэн чөлөөний нар гэж боддог шиг байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.