2009.11.21

Г.Баярсайхан: Төрийн ордны цэцэрлэгт 1000 мод суулгана

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ ирэх оны төсөв хэлэлцэж байна. Энэ жилийн төсвийн талаархи Таны байр суурийг юуны түрүүнд сонирхож байна?

-Энэ жилийн төсөв их алдагдалтай байгаа. Бид хамгийн гол нь үргүй зардлаа л багасгах ёстой. Ийм цөөхөн хүн амтай газар төрийн данхайсан бүтцийг цомхотгох хэрэгтэй. Үүнээс гадна төсвийн байгууллагууд төсвөө нэмж орж ирээд байх юм. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л Авилгатай тэмцэх газар 60 гаруй сая төгрөгөөр төсвөө нэмээд л ороод ирсэн байна. Энэ байгууллага ахуйн хэрэгцээндээ "тансаглаж" байгааг хэвлэлээр бичээд л байгаа шүү дээ. Тансаглах гэж байгаа бол мөнгө өгмөөргүй байна. Харин ч төсвийг нь танамаар байгаа юм. Мөн Хүний эрхийн хороо гэж юу ч хийдэггүй, монгол хүний эрхийг хамгаалдаггүй байгууллага дахиад л 30 сая төгрөгөөр төсвөө нэмж. Монголын их гарын бизнесменүүдийн тансагласан банкны мөнгийг ч жирийн иргэдийн мөнгөөр л төлөх гэж байна.

-Авилгатай тэмцэх газар гэснээс "Транспэрэнси интернешнл" олон улсын байгууллагын тайланд манайх тааруухан дүн авчээ. Энэ нь нэг талаас хариуцсан байгууллагын ажилд тавьсан дүн биз ээ?

-Дан ганц Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүнг дүгнэх үзүүлэлт гэж хэлмээргүй байна. Гэхдээ энэ байгууллага муу ажиллаж байгааг олон улсын байгууллага гэлтгүй жирийн иргэд ч хэлээд өгнө дөө. Ер нь энэ байгууллага ард түмнээ дарамталдаг газар болсон байна лээ. 1937 оңд хүүхэд нь аав, ээжийнхээ эсрэг, эцэг, эх нь хүүхдүүдийнхээ эсрэг хүчээр мэдүүлэг өгдөг байсан шиг л болсон аятай байгаа юм. Нийгмийн даатгалтай холбогдуулсан шалгалт хийхэд охиныг нь ээжийнх нь эсрэг мэдүүлэг өгөх шахалт хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, Авилгатай тэмцэх газар ажлаа хийж чадахгүй байгаа.

-Оюутолгойн орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Таны хувьд байгаль орчны чиглэлээр дуугардаг цөөхөн гишүүдийн нэгийн хувьд гэрээнд энэ талаас нь хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Бидний хэдэн гишүүд гэрээг хэлэлцэж байх үеэр саналаа оруулсан. Санаж, бодсон зүйлс маань ерөнхийдөө тусгагдсан. Канадууд ч байгаль орчны тал дээр ямар ч шаардлага тавьсан хүлээж авахад бэлэн гэсэн байр суурьтай байгаа. Ер нь энэ тал дээр Оюутолгойн гэрээ боломжийн хийгдсэн гэж үздэг.

-Ингэхэд Та яагаад экологи, байгаль хамгаалах ажилтай холбогдчихов оо?

-Экологи гэж грекээр экос буюу орон гэр гэсэн үг шүү дээ. Ер нь монголчууд бид байгаль, дэлхийтэйгээ зохицож, хамгаалж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Миний хувьд багаасаа хөдөө, орон нутгаар их явдаг байсан. Аав маань экспедицээр их явдаг байлаа. Тэр үеийн байгалийг өнөөгийнхтэй харьцуулахад үнэхээр өөр болжээ. Ганцхан үеийн дотор л ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь одоо л аварч үлдэхгүй болохгүй.

-Харамсалтай нь парламентын шинэ ордныг Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн байгаа газар барих тухай яригдаад байгаа?

-Техник технологи хөгжсөн энэ үед байшин барилга барихад ямар ч асуудалгүй болсон. Төрийн ордны арын цэцэрлэгт байшин барих дээрээ тулвал 100 давхар барилга барьчихаж чадна. Харин мод ургуулна гэдэг манай нөхцөлд маш хүңд. Мод ургамал тэнгэрт тултлаа л ургах ёстой. Бид амьдралаасаа өөрийн хүчээр л ногоон өнгийг хасаад байх юм. Ямар ч тохиолдолд би хувьдаа үүний эсрэг байгаа. УИХ-ын шийдвэр гарлаа ч үүний эсрэг байгаагаа илэрхийлэх л болно. Ирэх хавар хойд талын цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод суулгана гэж бодож байгаа. Тарих модоо би өөрөө аваад ирнэ. Төрийн ордонд ажиллаж байгаа бүх хүңд үүнийгээ уриална.

-Та гэр бүл, бага насаа дурсахгүй юу?

-Миний бага нас номон дунд өнгөрсөн. Хоёр эгч маань ч ном их шагайдаг байсан. Манай нэг өрөөний дөрвөн хана тэр чигээрээ ном байлаа. Энэ утгаараа ч миний дээд талын эгч маань Японы Аичи Гаккуин АУИС-д докторын зэрэг хамгаалж, нөгөө эгч маань япон багштайгаа хамтарч генийн судалгаагаараа шинжлэх ухааны нээлт хийсэн. Эгч маань энэ талаараа ярьдаггүй л болохоос Америкийн "Nature" сэтгүүлд бүтээл нь гарч байсан. Одоо ЭМШУИС-д ажилладаг. Аав маань монгол орныхоо хөрсийг судалж, 300 гаруй эрдэм шинжилгээний бүтээлтэй болсон хүн. Тухайн үедээ Тимерязевын академийг төгссөн. Миний ээж Гомбосүрэнгийн Алиса гэж хүн байсан. Ээж минь мундаг уран нугараач Ягаан гуайтай хамт нугарч, монголын циркийн урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан хүн дээ. Хожим нь монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж, олон мянган шавьтай болсон ардын багш. Би гэр бүлийнхээ хүнтэй АУИС-д суралцаж байхдаа танилцаж, төгсөх жилээ хуримаа хийсэн. Эхнэр маань нүдний мэс засалч мэргэжилтэй. Одоогоор эмчилгээний гоо сайхны чиглэлээр хувиараа ажиллаж байгаа. Хүү маань олон улсын сургуулийн наймдугаар ангид сурдаг.

-Төрийн түшээгийн хүндхэн алба Таныг номноос хөндийрүүлээгүй биз дээ?

-Би хөндийрнө гэж байхгүй ээ. Гэртээ номын сантай. Түүнийгээ баяжуулах дуртай. Найз нөхөд маань ч явуулах юм. Би хуульч хүн биш болохоор Нарангэрэл багшийн хуулийн толийг ширээнээсээ салгахгүй байгаа.

-Танд номноос өөр сонирхдог зүйл байгаа л байх даа?

-Техник, автомашин сонирхоно. Энэ бол багын сонирхол юм даа. Хүүхэд байхдаа залуу техникчдийн ордон, авто загвар, радио загварын гээд гурван дугуйланд суралцдаг байсан. Одоо ч сонирхдог. Мөн интернетийг нэрлэх байна. Чулуу цуглуулах дуртай шүү.

-Ер нь УИХ-ын гишүүн болоод амьдралын хэв маяг тань өөрчлөгдөх юм уу?

-Урьд нь ч өглөө гараад л орой гэрийн бараа хардаг байлаа. Одоо ажлын ачаалал улам л нэмэгдэж байна. Хувийн амьдралын хувьд байдгаараа л байна.

-Таныг анагаахын хуурамч дипломтой гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа одоо ч байдаг. Энэ тухайд Та юу хэлэх вэ?

-Ер нь сонгуулийн үеэр монголчууд эрээ цээрээ алддаг. Бие биенээ гутаан доромжилдог. Бид цөөхүүлээ ард түмэн. Тэр ч утгаараа бие биенээ сайн мэддэг. Хүнд гүтгүүлэхэд тухайн үедээ эвгүй л байдаг юм билээ. Яахав, улстөр юм чинь гэж бодоод өөрийгөө тайвшруулж л байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг. Ер нь сэтгүүлчдийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог зайлшгүй бий болгох ёстой.

-Таны давуу болоод сул тал юу вэ?

-Би цэвэр хүн учраас ямар нэг зүйлээс бэргэж яваагүй. Санаж, бодсоноо хэнд ч гэсэн чөлөөтэй илэрхийлдэг. Байр сууриа зоригтой илэрхийлдэг нь давуу тал болов уу. Харин сул тал гэвэл өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд хүн дээ. Гэхдээ улстөр багийн тоглолт учраас үүнийгээ сайтар ухамсарладаг. Уян хатан байх тал дээр анхаарч байгаа.

-Залуу төрийн түшээгийн хувьд залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Залуу хүн өөрийн орон зайгаа өөрөө л олж авна. Ялангуяа парламентад, намд харъяалалтай болсон гээд суу гэсэн газар нь суугаад байж болохгүй. Ер нь тэмцэж байж л урагшилна. Улстөрийн амьдралд идэвхтэй оролцох хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.