Хүүхдийн 25.000 төгрөгийг 10.000 төгрөг болгоно
Засгийн газраас төсвийн тодотголоор улирал бүрт хүүхдүүдэд өгдөг 25.000 төгрөгийг 10.000 төгрөг, шинэ гэр бүлийн 500.000 төгрөгийг 300.000 төгрөг болгох саналыг УИХ-д оруулж ирсэн билээ. Баасан гаригийн чуулган дээр Э.Бат-Үүл гишүүн энэ талаар засгийн газраас лавлалаа.
"Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг тоогоор хэлээд өгөөч" хэмээв. Түүний асуултад сангийн сайд хариулт өглөө. С.Баярцогт сайд "Хүүхдийн мөнгийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Улсын төсвөөс сар бүрийн гурван мянгыг, Хөгжлийн сангаас улирлын 25 мянган төгрөгийг гаргадаг. Хөгжлийн сангаас жилд 104 тэрбум төгрөгийг гаргадаг байсан. 2008 оны Хөгжлийн сангийн үлдэгдэл 57 тэрбум байснаас нэгдүгээр улирлын мөнгийг өгөөд 32 тэрбум төгрөг үлдсэн. Энэ үлдэгдлийг хоёрдугаар улиралд өгөх үү, үлдсэн улирлуудад хувааж өгөх үү гэдэг санал гарсан. Харин шинээр гэр бүл бологсдын мөнгийг 300 мянган төгрөг болгоё гэсэн асуудлыг тавьж байгаа" гэлээ.
Энэ үеэр С.Бямбацогт гишүүн "Хүүхдийн мөнгийг авахгүй 200 мянга орчим хүүхэд бий. Үүнийг тооцож, ялгамжтай хандвал яасан юм бэ. Шинээр гэр бүл бологсод 500, 300 мянга ч бай амьдарна шүү дээ. Нэгмөсөн хасвал яасан юм бэ. Халамжийн мөнгийг хавтгайд нь хассан дүр үзүүлэхээ больж болдоггүй юм уу" хэмээж байв.