Б.Бат-Эрдэнэ:Дандаа илүү хардаг сэтгэлгээг яаралтай өөрчилмөөр байна
"Өнөөдөр "-ийн дэвшуүлсэн Хавтгайрсан халамжаас татгалзаж, хямралыг гэтэлье уриалгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "наадах чинь гүн зүйтэй санал байна" гээд гарын үсгээ үлдээв. 2009 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байхад тансаг хэрэглээнээс татгалзахыг тэрбээр гишүүддээ уриалж байсан. Хямрал, тансаг хэрэглээ тойрсон сэдвээр дархан аварга гишүүнтэй яриа өрнүүллээ.
-Манай сонины уриалга үр дүнгээ өгнө гэдэгт бид найдаж байгаа. Хямралын нөхцөлд хавтгайрсан халамжаас татгалзахын ач холбогдлыг Та юу гэж үзэж байна вэ?
-Үнэхээр цаг үеэ олсон тун ач холбогдолтой зүйл санаачилжээ. Нийтэд нь бус зөвхөн хавтгайрсан халамжаас татгалзах хэрэгтэй. Санал нэг байна. Зөв, "Өнөөдөр" сонины санаачилгыг УИХ, Засгийн газар дэмжих ёстой.
Гэхдээ зөвхөн уриалаад байх биш, халамж, тансаг хэрэглээнээс татгалзаж байгаа хамт олон, хувь хүмүүсийн санаачилгыг ч олон нийтэд мэдээлж, үлгэр дууриал үзүүлж байгаа тэднийг нийгэмд таниулж сурталчлах хэрэгтэй гэж бодож байна. Танай сонин "Монголын гэгээ" гэж сайхан булантай болсон байна лээ. Түүндээ ч гэсэн халамж, тансаг хэрэглээнээс татгалзсан байгууллага, хувь хүний талаар сурвалжилж байхад гэмгүй гэж бодож байна. Манай хэвлэлийнхэн болохгүй бүтэхгүй зүйлийг арай их ярьж, бичих юм. Төрийн албан хаагчдыг халамж, тансаг хэрэглээнээс татгалзаач гэж уриалах бус шаардах хэрэгтэй.
-Таныхаар Монголын хүн амын хэдэн хувьд нь халамж хүргэх ёстой гэж боддог вэ. Ингэхэд Та тансаг хэрэглээнээс татгалзсан хэвээр биз дээ?
-Хэвээрээ байлгүй яахав. Нэг их хол биш газар очих бол би алхаж л орхидог. "Та ингээд санаа зовохгүй гудамжаар алхаад байхад бид ч юунд зовох вэ" гэж олон найз нөхөд маань хэлж байгаа.
Хүн амын 30 гаруй хувь нь нэн ядуу гэдэг. Тэр хэсэгт л халамж үзүүлье. Боломжтой хэсэг нь татгалзаж буйгаа ил тод хэлэх хэрэгтэй. Монголчуудын 60 орчим хувь ямар нэгэн хэлбэрээр хоол тэжээлийн дутагдалтай, 30 шахам хувь нь илүүдэлтэй, зөвхөн 12 хувь нь зохистой хэрэглээтэй байдаг гэж байгаа юм. Сонин үзүүлэлт шүү. Хуваарилалт хэрэгтэй байгаа биз.
-Тансаг хэрэглээнээс татгалзсанаартанай гэр бүлийн төсөвт хэмнэлт мэдрэгдэж байна уу?
-Үр дүн нь мэдрэгддэг. Зарим хүний сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлсөн юм шиг байна лээ. Намайг уриалга гаргасны дараа манай гэр бүл, найз нөхөд, шавь нар маань ч хэмнэлтийн "горимд" шилжиж байгаа. Хүмүүсийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлж эхэлсэн нь хамгийн том хэмнэлт гэж ойлгож байгаа.
-Танай гэр бүлд төрөөс халамж авдаг хүн бий юу. 18 нас хүрээгүй хүүхэдтэй бил үү?
-18 хүрээгүй нэг хүүхэдтэй ч бид төрөөс ямар ч халамж авдаггүй. Би УИХ-д сонгогдсоноос хойш гадаад, дотоод томилолтын мөнгө, байр сууц, ажлын хэрэгцээнд төрөөс ямар нэгэн тусламж хүсэж, хөрөнгө гаргуулж байсангүй. Бусдад бэлэнчлэх, муу үлгэр үзүүлэхгүй байх нь миний зарчим байдаг. Үр хүүхэд, шавь нараа ч ийм л маягаар хүмүужүүлдэг.
-Халамж авах шаардлагагүй нийгмийн давхарга бий гэсэн. Ийм бодолтой хүн олон байдаг. Гэтэл тэр хэсэгт мөнгө өгнө гээд төсөв баталчихсан байдаг. Авах ёстой эзэд нь татгалзсан энэ их хөрөнгө хаагуур урсаж, юунд зарцуулагдаж байгаа бол гэж бодож үзсэн үү?
-Энэ хөрөнгө байж л байх ёстой. Түүнийг нь өөр арга хэмжээнд шилжүүлэн зарж, төсвийн цоорхойг нөхдөг байж таарахгүй гэж үздэг. Гэтэл бид хямрал гээд гаднаас бадар гуйх гээд байдаг. Халамжаас татгалзсанаас хуримтлагдах тэр мөнгөнөөс эхлээд дотоод боломжоо шавхах нөөц байгаа л байхгүй юу. Бидний гаднаас гуйх гээд байгаа 1.5 их наяд төгрөг чинь эдийн засаг таатай байх үеийн 3-4 жилийн хөрөнгө оруулалтад л зарцуулсан мөнгө шүү дээ. Харамсалтай нь түүний үр дун алга.
Хэдэн тэрбум төгрөг зарцуулж тавьсан зам нь жил болохгүй засвар шаардаж байна. Сургууль, цэцэрлэгт их засвар хийлээ л гэдэг. Нэг жилд гурван удаа сургуулийн дээвэр засаж байна гээд л бод. Арай дэндүү. Үнэн хэрэгтээ асуудал хариуцсан төрийн албан тушаалтан, зах зээлээ хуваагаад авсан хэдхэн монополь аж ахуйн нэгжүүд л мөнгө, хөрөнгийг "цуслаад" дуусгасан шүү дээ. Зам, барилга бүтээн байгуулалтаар маш олон ажлын байр бий болдог. Гэтэл түүн дээр нь дандаа гадаадынхан ажиллаж байдаг. Ийм бодлогоор хямралыг хохирол багатай давж чадахгүй л болов уу. "Танай дарга нар зузаанаас нь иддэг, манай дарга нар өргөнөөс нь хусдаг. Тэгэхээр бидэнд юу үлдэх юм бэ" гэж хятад ажилчид ярьдаг тухай онигоо байдаг гэсэн. Зах зээлд онцгой давуу эрхтэй аж ахуйн нэгжүүдийн олох ашгийн хэмжээг заагаад егсөн ч болохгүй юмгүй. Дандаа илүү харж байдаг төрийн албан хаагчдын сэтгэлгээг өөрчлөх талаар ажил хийхгүй байх шиг.
-Уг нь манай гэр бүлийнхэн халамж авах ёстой ч бид татгалзаж байгаа. Бидэнд төсөвлөсөн тэр мөнгө хаашаа урсаад байна. Тайланг нь сонсоё гэж нэхэх эрх халамжаас татгалзсан хумүүст байх ёстой юу?
-Байж болно. Энэ тооцоог сайн хийж, маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Халамжийг хавтгайруулж олгохгүй байх хуулийн зохицуулалт ч байж болно. Бид ч шаардах эрхтэй.