С.Эрдэнэ: АН хүүхдийн мөнгийг 20 мянга болгоно
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2008.11.25

С.Эрдэнэ: АН хүүхдийн мөнгийг 20 мянга болгоно

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж зарим зүйлийг тодруулав.

-МАХН-ын даргаар С.Батболд сонгогдлоо. Та МАХН дангаараа Засгийн газар байгуулах ёстой гэж үздэг. Энэ байр суурь хэвээрээ юу?


-Улс төрийн нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй байх. С.Баярын байгуулсан Засгийн газрыг С.Батболд өвлөж авсан. Сая намын даргаа авлаа. Намын дүрэм нь тийм юм шиг байна. Дангаараа Засгийн газар байгуулахыг би дэмждэг хэвээрээ байгаа. Уг нь олонхи нь олонхи шиг засгаа байгуулаад, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад явах нь Үндсэн хуулийн зарчим л даа. Гэхдээ өнөөгийн байгуулсан хамтарсан Засгийн газрын үр дүн гарах ёстой гэж бодож байна.

-Жишээлбэл?

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёстой. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг батлах ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиа өөрчилмөөр байна. Олон асуудлыг эвслийн Засгийн газар шийдчихвэл буруутгаад байх юм алга. Бусад үед бол улстөржөөд бие биеэ үгүйсгээд яадаггүй л дээ. Шийдэж чаддаггүй асуудлаа л шийдчихвэл хамтарсан Засгийн газрын үр дүн гарна. Түүнээс хамтарч хувааж идэх тухай асуудал , байж болохгүй.

-Оюу толгойн гэрээ батлагдчихлаа. Үүн дээр ямар байр суурьтай байна?

-Оюу толгойн хувьд зөв, буруу гэдгийг цаг хугацаа харуулна. Энд нэг их удаан хүлээх шаардлага байхгүй. Гэхдээ би Оюу толгойн гэрээний эсрэг байгаа.

-Таван толгойн хувьд?

-Таван толгойн хувьд хэн нэгэн олигархи биш, хэн нэгэн гадаадын том компани биш үндэсний компаниудын консорциум байгуулах замаар монголчууд өөрсдөө эзэмших ёстой гэж боддог.

-Тийм боломж байгаа юу?

-Байгаа. Өнөөдөр "Эрдэнэт"ийг монголчууд л ажиллуулж байна. Тэнд ямар нэгэн канад, хятад байхгүй биз дээ.

-Хөрөнгөө яаж шийдэх вэ?

-Олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа нөөцөө гаргаж тавиад хөрөнгө босгож болно шүү дээ.Гадныхан болохоор болдог. Монголчууд болохоор болдоггүй юм уу. Монголчууд тийм толгой муутай хүмүүс юм уу.

-Хугацаа, хүний нөөцийн боломж хэр байгаа бол?

-Ямар хугацаа хэрэгтэй юм. Одоо ч манайхан нүүрсээ ашиглаад л байж байна. Тэрийг чинь ухаад гаргахад ямар хөрөнгө, хүн шаардагдах юм бэ. Бид өөрсдөө ашиглаж чадна. Өнгөрсөн жил хэдэн саяыг ухаад гаргачихсан. Одоо ч ухаад гаргаж л байна.

-Хүүхдийн арван мянгын тухай танай нам дээр яригдсан гэсэн?

-Хүүхдийн арван мянгыг хорин мянган төгрөг болгох тухай ярьж байгаа.

-Ямар түвшинд?

-УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулаад ажилдаа орчихсон.

-Хэзээ шийдэх бол?

-Хамгийн богино хугацаанд шийдэх гээд ажиллаж байна.

-Бас иргэд 1.5 саяыг нэхэж байна.

-Би бол бэлэн мөнгөний амлалттай санал нэгддэггүй. Ард түмэнд бэлэн мөнгө биш байнгын орлогын эх үүсвэр л хэрэгтэй байна. Нэгдүгээрт ажлын байр, хоёрдугаарт энэ их баялгийг эзэмшиж хувь хүртэх хувьцаа олгох хэрэгтэй. Яагаад энэ их ашгийн хувьцааг хэдхэн компаниуд ззэмших ёстой юм. Эсвэл яагаад хэдхэн улс төрийн эрхтэн дархтнууд хувьцааг эзэмших ёстой гэж. Энэ чинь ард түмний өмч. Энэ бүхнийг ард түмэн л эзэмших ёстой. Гэхдээ хувьцаагаар л баялагтаа эзэн болох ёстой.

-Яагаад заавал хувьцаагаар гэж?

-Хэрэв иргэд хувьцаа эзэмшээд ногдол ашиг авдаг болбол баялагтаа, түүнээс олох ашигтаа анхаараад, хяналт тавиад эхэлнэ. Улмаар хэдэн тонныг олборлож байна. Хаана, хэнд, ямар үнээр зарж байна. Хэд нь урагшаа гарч, хэд нь дотооддоо үлдэж байна. Энэ бүхэн иргэдийн хяналтад орно. Өнгөрсөн жил хэдийг гаргав. Ирэх жил хэдийг гаргахав гээд бүгд бизнесийн оролцогч болно. Тэгж байж байгалийн баялаг чинь иргэдэд ашгаа өгсөн амьд баялаг болж хувирна шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.