МАХН ахмад настнууд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бэлэн мөнгө олгохыг дэмжлээ
УИХ дахь МАХН-ын бүлэг Даваа гаригийн ээлжит хуралдаанаараа үдээс өмнө “Хүний хөгжил” сангийн тухай хуулийн төслийн тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Монгол Улсын гол баялаг болсон ашигт малтмалын стратегийн орд газруудын ашгаас бүрдүүлэх “Хүний хөгжил” санг иргэдийн боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, эх орны хишгийг хүртээхдээ бэлэн мөнгө болон хувьцаа, нийгмийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөрийг барагдуулах зэрэг янз бүрийн хэлбэрээр өгөх нь зүйтэй гэж олонхи гишүүд үзлээ. Харин 2010 оны хувьд эх орны хишгийг хүртээхдээ ахмад настнууд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бэлэн мөнгөөр олгохыг бүлгийн гишүүд дэмжсэн.
Үдээс хойшхи хуралдаанаар 2010 оны улсын төсвийн төслийн тухай хуулийн талаар 27 гишүүн асуулт тавьж санал гаргалаа. Бүлгийн хуралдаанаар төсвийн орлого, зарлагын ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг хорогдуулах талаар гаргасан 20 шахам асуудлаар санал солилцож, санал хураалт явуулсан байна.
Одоогоор Монголбанкны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээс 5 тэрбум, газрын тосноос олох орлогоос 5,1 тэрбум, усны үнэ тарифыг нэмэгдүүлэх замаар улсын төсвөөс орон нутагт өгөх татаасыг 2,4 тэрбум төгрөгөөр бууруулах санал дэмжлэг аваад байна. Орлогыг нэмэгдүүлж, зарлагыг хорогдуулснаар нэмж төсөвт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарах боломж байгаа гэж ажлын хэсэг үзэж байна.