Сонгуулийн амлалтын урьдчилгаанд 500 мянган төгрөг иргэн бүрт олгох санал дэмжигдсэнгүй
2009.11.16

Сонгуулийн амлалтын урьдчилгаанд 500 мянган төгрөг иргэн бүрт олгох санал дэмжигдсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Тус Байнгын хорооны хуралдаан дээр дээрх хуулийн төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалт явуулсан.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Алтай, Ж.Батсуурь, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д, Одхүү, Т.Тлейхан, Ц.Цэнгэл нарын гаргасан …Төсвийн тооцоонд зэсийн тогтворжуулсан үнийг 2011 оноос эхлэн мөрдөж, зэсийн үнийн зөрүүг тусгай санд төвлөрүүлж байх зарчимд шилжих, мөн Н.Батбаяр, З.Алтай, Ж.Батсуурь нарын гишүүдийн …2010 оны төсвийн урсгал зарлагыг 2009 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн түвшинд царцаах замаар 130.1 тэрбум төгрөгөөр бууруулж тооцох, …’’Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй, …’’Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай’’ хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллууд тус тус дэмжигдлээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн санхүүжилтийг 236,3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, өндөр хүчдэлийн шилэн кабельд холбогдсон 134 сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, хүн эмнэлэг, цэцэрлэгийг интернетийн сүлжээнд холбох замаар мэдээллийн солилцоог хөнгөн шуурхай болгоход шаардагдах 500 сая төгрөгийг нэмж тусгах зэрэг нийт 25 санал дэмжигдлээ.

Харин Үндэсний Статистикийн Хорооны ажилтнуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, Мянганы замын зүүн чиглэл, Өндөрхаан-Сүмбэрийн 50 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулахад шаардагдах 6 тэрбум төгрөгийг нэмж тусгах, сонгуулийн амлалтын урьдчилгаанд 2010 онд иргэн бүрт 500 мянган төгрөг олгох зэрэг саналууд Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.