Д.ДЭМБЭРЭЛ: Эх орны хишгийн дээжийг оны сүүлчээс хүртээж эхэлнэ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Булган аймагт ажиллаад буцсан билээ. Тэрбээр ажлаа шууд малчны хотоос эхэлж Дашинчилэн сумын Д.Ганбатынд очсон юм. Аймаг, сумын удирдлагын төлөөллөөс эхлээд айл саахалт, ойр хавийн намаржааныхан парламентын дарга хүндэтгэн очицгоож үг яриг нь сонсон, мөн бодож санаж явдаг зарим зүйлээ дуулгаж амжсанаа бахархсан ярьсаар үлдсэн. Ингэж эгэл малчныхаас ажлаа эхэлсэн тэд Бүрэгхангай, Орхон сумын тариаланчидтай уулзан намрын ажилтай нь танилцав. Мөн аймгийн төвийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцон Хутаг-Өндөр суманд ажиллаж Булган хангай нутгийнхны энэ намрын тариа ногооны ажил эрчимтэй өрнөж яваад сэтгэл өөдрөг аянаа өндөрлөсөн юм. Булганчуудын итгэл өгч сонгосон УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир болон ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Одонхүү, тус яамны жижиг дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Г.Баярмагнай нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр орон нутагт ажилласан их хурлын дарга Д.Дэмбэрэл аймгийн төвийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа иргэдийн сэтгэл дундуурхан явдаг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.
20 үнээ юү, 20 литр сүү юү?
Мал өсч байна.Тоо толгой нь нэмэгдэнэ гэдэг сайн хэрэг. Хөдөөгийнхөн маань хамар хатгаж хаяа нийлэхээрээ өдөр хоногийг өнгөрөөж болдог ч гэсэн мэргэжилтний үгээр бол бэлчээрийн даац хүрэхгүй, малчдын ярьдгаар бол газрын хөрс “улаанаар” эргэж мэдэх дохио гялалзаад байна гэж иргэн Ч.Жамбалдорж ярив. Аймгийн төвд болох хурал цуглаан уулзалтад урдахнуурх суудлаас босдог түүнийг зарим нь “жижүүрийн үг хэлэгч” гэх нь бий ч ортой юм ярьдаг гэж зарим хүн үздэг. Энэ удаа ч мөн тийм. Мал аж ахуйг эрчимжүүлье гэж их ярьдаг. Хэрэгжилт нь ямар билээ гэсэн асуултыг тэрбээр сэдээд, өндөр ашиг шимтэй мал л өсгөж үржүүлэх хэрэгтэй байна гэлээ. Мах, өөх арвинтай, сүү шим ихтэй үр төл сайтай мал өсгөцгөөе гэсэн үг. Өдөрт нэг литр сүү гардаг 20 үнээ хэрэгтэй юү, 20 литр сүү гардаг ганц үнээ хэрэгтэй юу гэдэг ойлгомжтой шүү гээд зарим зүйлээр жишиж тайлбарлав. Адгуулж маллах, арчилж тэжээхээс хэлээд нэг үхэр маллах, 20 үхэр байх аль нь ашигтайв гэдгийг бодох хэрэгтэй. Ашигтайг нь сонгоход төр бодлогоор дэмжих, түмэн олон ч өөрсдөө хичээж ашиг шим арвин мал өсгөж үржүүлье гэсэн нь зөв л санаа байв.
“Тэмээ өргөдөг” алаг ташуулав
Улсын арслан Б.Жамьяндорж бослоо. Тэрбээр микрофонын дэргэд очоод ингэж хэлэв. Залуучуудын спартакиад 1961 онд болсон. Манайхан амжилттай оролцсоныг тэр үеийнхэн андахгүй. Тэдний нэг нь би л дээ. Тамирчдын амжилтаар аймаг маань улсад шалгарч, биеийн тамир спортын байшинг улсын хөрөнгөөр бариулах болсон. Барьсан. Тухайн үедээ сайхан л байшин байлаа. Олон жил болсон болохоор одоо над шиг л өвгөрчихлөө. Биеийн тамир спортын ордонтой болно гэсэн сураг нэлээд хэдэн жилийн өмнө гарсан. Тэгээд сууриа тавьж эхлэхэд спортын уралдаан тэмцээнд оролцож явсан бидний үеийнхэн, одоогийн тамирчид баярласан.
Аймгийн 70 жилийн ой гэхэд ашиглалтад орж, баярын өдрүүдийн уралдаан тэмцээн спортын шинэ ордонд болох байсан. Ойгоо ордонгүй өнгөрөөлөө. Бөмбөгдүүлсэн балгас шиг “араг яс” шиг энэ ажлын талбарт ганц ч хүн харагдалгүй жил гаруй боллоо. Их хурлын дарга минь та төсвийг нь баталж өгөөгүй юм уу, баталсан мөнгийг чинь зарим хүн гуйвчуулаад байгаа хэрэг үү? Спортын шинэ ордонд хэзээ очиж уралдаан тэмцээнд орох бол гэсэн тамирчид маань цөхөрч гүйцлээ шүү, дарга аа. Нутгийнхандаа төдийгүй нийт зон олондоо “тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан түүний энэ үгийг дэмжиж хуралд оролцогчид алга ташив. Энэ бол үнэхээр бид бүгд спортын шинэ ордноо ашиглалтад орохыг хүлээсээр байгаа шүү гэсэн сэтгэлийн илэрхийлэл юм. Тамирчдынхаа шагналаар бариулсан одоогийн спортын зааландаа Булганыхан 40 гаруй жилд хичнээн удаа уралдаан тэмцээн зохион байгуулж уухай ура хаширгаа бол? Элэгдэж муудсан түүнд засвар хийе гэхээр шинэ барилга барих гэж байхад “илүү зардал” гэдэг нь мэдээж. Урт настай энэ барилга хэзээ баригдаж дуусах бол хэмээн тус аймгийнхан тэсч ядан хүлээж байна.
“Авзагын Мэндээ” арай ч дээ
“Авзага трейд” компанийн захирал, улсын гавьяат барилгачин П.Мэндбаярыг хүмүүс “Авзагын Мэндээ” гэдэг. Яах аргагүй Булган нутгийн уугуул. Нутаг усаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна, бараг л “үзүүлээд өгнө” гэж олон удаагийн хурал уулзалт дээр хэлснийг хүмүүс мартаагүй. Үнэхээр ч нутгаа гэсэн сэтгэлтэй хүн гэж бодогдохоор ажил хийхээр ярьдаг, заримыг нь эхэлсэн. Гэтэл хэлсэндээ хүрч эхэлснээ дуусгахгүй байна. Уузлалтын хурал дээр үг хэлсэн зарим хүн, бид хичнээн итгэж найдаж байлаа. “Авзагын Мэндээ минь арайч дээ” гэх аястай хэлээд гар зөрүүлэхэд хүрч байснаа ч цухасхан дурдлаа. Аймгийн төвд гэхэд нохой шувуунд хагас дутуу идэгдсэн сэрзгэр сэг зэм шиг 4 барилга байгууламж байгааг тэрээр дурдаж шилдэг зэрэглэлийн ажил үйлчилгээнтэй, 5 давхар зочид буудлаа яагаад дутуу хаячихав? Булганчуудыгаа алдартнуудын өндөрлөгтэй болгоно гэж амласныхаа дагуу ажлаа эхэлсэн ч гэсэн одоо шувуу шаазгай сууж шагширдаг шон шиг болчихоод байгаа ажлаа хэзээ гүйцээж, бид нээлтэд чинь очих вэ? Ингэж биднийг асууж байна гэж их хурлын дарга та хэлээд өгөөч. Зочид буудал, алдартнуудын өндөрлөг хоёрыг өөрийн санаачилгаар хувийн хөрөнгөөр барина гэсэн юм чинь болгоно, бүтээнэ л гэж тооцсон байж таарна. “Тэмээ өргөдөг”-ийн яриад байгаа спортын ордон барих, мөн олны хандив дэмжлэгтэйгээр цагаан суваргыг сэргээн босгох ажлын тендерт шалгарч гэнэ гэж дуулаад нутгийн уугуул хүү овоо доо хэмээн баярлаж байсан бид хурдхан л дуусгаад ашиглалтад оруулчихаасай гэж хүлээсээр цөхөрч гүйцэх нь. Аймгийн 70 жилийн ойгоор шинэ буудалд зочид гийчдээ хүлээн авч цагаан суваргат мөргүүлж алдартнуудын өндөрлөгт цэцэг өргөнө байх гэж бодож байсан маань талаар болсон гэв. Түүний ингэж ярихыг сонсоод хуралд оролцогчид их хуралд сонгоогүй гэж “яс зууж” байгаа хэрэг хэмээн зэмлэх үг цухайлгахад арай үгүй байлгүй хэмээн өмөөрөх үг ч сонсогдов. Дашрамд хэлэхэд спортын ордон 690 гаруй сая төгрөгийн өртгөөр баригдах байсан гэнэ. Цаг хугацаа алдсаны улмаас зах зээлийн жамаар үнэ ханш өсч төсөвлөсөн мөнгө хүрэхээ болиход аймгийн удирдлага, их хурлын гишүүд хөөцөлдөн байж 440 гаруй сая төгрөгийг төсвөөс нэмж гаргуулаад байна. Урагшгүй ажиллагааны уршиг аймагт оруулах хөрөнгө оруулалтыг ийм хэмжээний мөнгөөр “шатаалаа” гэсэн үг. Нээрэн “Авзагын Мэндээ минь, арайч дээ” гэх үг олонтаа сонсогдлоо. Өөрийгөө өмөөрч бусдыг буруутгалгүй, өгсөн мөнгөөр спотын ордонг хурдан дуусгаад өгөөч хэмээн нутгийнхан чинь хүсч сууна. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн уламжлал болгон хэвшүүлсэн уралдаан тэмцээн нээлтээр нь болох гээд хүлээж байна.
Хишгийн дээжийг оны сүүлчээр хүрээж эхэлнэ
Хуралд оролцогчдыг төлөөлж үг хэлсэн зарим хүн УИХ-ын дарга аа, удаа дараагийн сонгуулиар намуудаас сонгогчдыг хошгируулаад байсан 1,5 сая төгрөг, Ерөнхийлөгчийн амласан оюутнуудын цалингийн 108 мянган төгрөгийг энэ 9 дүгээр сараас өгөөч хэмээн хатуухан тулгав. Яарч байгаагийнхаа учрыг ч тайлбарлалаа. Юу гэж гэвэл, эцэг эхчүүд оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх гэхээр бэл нь гүйцэхгүй байна. Хүүхдүүд нь сургуульдаа орж чадахгүйд хүрлээ. Настангууд “Эх орны хишиг”-ээс хүртэж амжилгүй “нүд аних нь” гэв.
Уулзалтын хурлын төгсгөлд Д.Дэмбэрэл дарга хэлэхдээ, эх орны хишгийн түрүүчийг 11 дүгээр сараас олгож эхэлнэ гэж амласан нэг зүйлээ залруулж өөрчилье. Ард олны хүсэн хүлээгээд байгаа “Эх орны хишиг”-ийг олгох арга замыг судалж, янз бүрийн хувилбар боловсруулж байгаа. Энэ ажлыг зохицуулахад эрх зүйн шийдвэр хэрэгтэй. УИХ-аас хууль гаргана. Намрын чуулганы эхний ээлжид хэлэлцэх асуудлын нэг бол энэ. Түүнчилэн санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Их хурал үүнийг төсөвт суулгаж батална. Энэ бүхнээс үзэхэд олгохын өмнө шийдэх ажил их байгаа учир 12 дугаар сараас олгож эхэлнэ гэж ярив. Хуралд оролцогчид ийнхүү спикерээсээ товтой үг дуулж авлаа.
Сайханчуудын гомдол, бухимдал
Сайхан сумын уугуул хүү Б.Мөнхбаатар төвийн хэвлэлээр удаа дараа бичигдээд тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа нэгэн зүйлийн талаар нутаг усныхнаа төлөөлөн их хурлын даргад ингэж хэлэв.
-Сайханчууд бидний ээж, эмэгтэйчүүд нар маань өглөөнийхөө цайны дээжийг сүсэглэн өргөдөг, аав, эрчүүд маань хүндэтгэн тахилга үйлдэж ажил амьдралаа даатгадаг “Сайхан” хэмээх сайхан уултай.
Энэ уулаа тойрон зусч намаржаад нөөлөг нөмөрт нь өвөлжиж хаваржиж ирсэн манай нутгийнхан өнөөдөр сэтгэлдээ сүүдэртэй толгойдоо гунигтай явдаг боллоо. Сайхан уул минь нүүрс хэмээх илч дулааны их өгөөжтэй. Гэтэл энэ их хишиг буянг нь өөр нутгийнхан, магадгүй харийн хүний өгөөш болохоор нүсэр том машинаар зөөгөөд байна. Нутгийнхан маань удаа дараа эсэргүүцээд дийлэхгүй газар нутгаа ухаж төнхүүлж дуусгах нь. Тэр “мангар” машинуудаар нүүрсээ зөөлгөсөөр шүтэн дээдлэх уулгүй болно. Мөн манай нутгийн 45 хувь лиценц гэдэг “луйвраар” гаднын хүний мэдэлд шилжсэн гэх юм. Үлдсэн хэсгийг нь эзэмших Сайханчууд хаана нутаглаж яаж сайхан айргаа эсгэн ууж, хэрхэн адуу малаа идээшлүүлж амьдрах болж байна? Олимпийн аваргаараа дамжуулж дээдэст мэдүүлээд ч “нохой хуцах”-ын дайтай санахгүй байна шүү хэмээн годмоллоо. Энэ бол ганц түүний биш, нийт сайханчуудын гомдол бухимдал болоод байгаа билээ
“Хас” банк гацаав уу?
Уулзалтад оролцогчдын толгойд 750 сая төгрөгийн эрэл эргэлдэв. Засгийн газраас энэ жил 30 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан олгосныг их хурлын дарга мэдээлэлдээ тэмдэглэсэн юм. Түүнээс Булган аймагт 800 шахам сая төгрөг хуваарилсан юм байна. Төсөл шалгаруулж 9 дүгээр сарын 1 гэхэд зээлээ олгосон байх чиглэл өгсөн Хэрэв олгоогүй бол үлдэгдлийг татан авах учиртай аж. Энэ зээлийг чинь аваагүй шүү гэх гомдол гарав. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тэр мөнгө хаачив гэсэн асуултаас дээрх эрэл эхэллээ. Дээд удирдлага болохоор аймагт чинь аль эрт өгчихсөн гэдэг. Аймгийн удирдлагууд л мэднэ гэх яриа ам дамжив. Санал асуулга хүлээж авахыг зогсоочихоод байхад ажил олгогч эздийн холбооны тэргүүн С.Зундуй зориуд босч, зээлийн мөнгийг авахад гацаа их байна. Манай ажил үйлдвэрлэл эрхлэгчид лав авч чадахгүй юм билээ гэв. Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, Булган сумын Засаг дарга Ж.Бадамдорж, аймаг энэ хөрөнгө оруулалтад хамруулахаар үйлдвэрлэл эрхлэгчдийн төсөл шалгаруулж зээлийн эрх олгосон. Удаж байгаа. “Хас” банк гацаачихаад байгаа юм гэхэд хуралд оролцогчид эрлийнхээ учрыг сая олов бололтой. Дэмбэрэл дарга та маргааш өглөө “Хас”-аар орж үзээрэй гэж захицгаав. Дарга ч тэдний захиснаар тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкаар орж дүрэм журмаа тайлбарлахыг нь сонсож танилцаад аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дэмжихэд төр засгаас анхаарч байгаа асуудалд уян хатан хандахыг зөвлөв. Энэ ажлыг хариуцсан яамны ажилтан зээлийн үлдэгдлийг эргүүлэн татах хугацааг ес дүгээр сарын 15 хүртэл сунгаж баярлуулав. Одоо Булганы үйлдвэрлэл эрхлэгчид “Хас”-ын энэрлийг л хүлээж байна.
Баярмагнай даргад баярлалаа, харин хэлсэндээ хүрээрэй
Ямар нэг төсөл хөтөлбөр боловсруулаад үйлдвэрлэл эрхэлж өрх гэрийнхээ орлогыг арвижуулан амьжиргаагаа дээшлүүлж улмаар сум орон нутгийнхаа хөгжилд “хуруу” нэмэрлэх гэсэн иргэд олон болжээ. Гэтэл тэдний хүсэл тэмүүлэл нь банкны үйл ажиллагааны дүрэм журмын шалгуурын “хясаа”-нд ордог талаар уулзалтад оролцогчид хөндөн ярьж, яаж шийдэх чиглэлтэй байна вэ? гэв Энэ асуултад ХХААХҮЯ-ны жижиг дунд үйлдвэрийн газрын орлогч дарга Г.Баярмагнай, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс цухас дурдаад, цаашдын зарим чиглэлийг ярьсан нь үйлдвэрлэл эрхлэгчдийн чихэнд наалдан үлдлээ. Тэр наалдацтай үгийн агуулга гэвэл, арилжааны банкууд эрсдлээ хамгаалж зохих дүрэм журам, шаардлагатай байх нь аргагүй. Харин иргэдийг банкны тэр шахаа, гацаанд оруулахгүйн тулд төрийн бодлого хэрэгтэй байгааг Засагийн газар, УИХ-д санал тавьж шийдвэрлүүлэх зорилготой байна. Тухайлбал, лизенгийн үйлчилгээгээр энэ зээлийг зохицуулдаг болох, барьцааг нь төр хариуцдаг байх, даатгалд хамруулах гээд хэд хэдэн хэлбэрээр шийдвэрлүүлдэг журамтай болбол ямар вэ гэсэн асуудлыг сэдэж байгаа гэв. Ажил үйлчилгээ явуулахаар төсөл боловсруулж зээлийн хөрөнгөөр дэмжлэг авах гэхээр банкны шалгуурыг мөргөж гацдаг үйлдвэрлэл эрхлэгчид, ер нь аймаг орон нутагт энэ ажил үр дүнтэй явагдаж байгаасай хэмээн бодож хүсдэг иргэд түүний энэ үгэнд баярлав бололтой. Харин тавьж байгаа энэ саналуудаа хэрэгжүүлж хэлсэндээ хүрээрэй гэж сэтгэлдээ ерөөн үлдэцгээв.