Байнгын хорооны хуралдаанаар эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр гурван ч байнгын хороо хуралдах нээ. Хоёр байнгын хороо хамтарсан хуралдаантай хийх юм байна. 09.30 цагаас Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан болох ажээ. Хамтарсан хуралдаанаар Эх орны хишиг сангийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Үүний дараагаар нь Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Төсвийн байнгын хороо дангаараа хэлэлцэх юм байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаантай зэрэгцэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болох бөгөөд хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийх ажээ. Энэ хуулийн төсөлд зарим тамирчдын шагнал урамшууллыг хасах тухай тусгасан байгаа юм.
Мөн энэ өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.