Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлэх төсвийн орлого нэмэгдсэн нь Сүхбаатарчуудын санааг зовоож байна
2009.12.08

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлэх төсвийн орлого нэмэгдсэн нь Сүхбаатарчуудын санааг зовоож байна

Аймаг, сум, хот, тосгон бүр газар нутгийнхаа хэдэн хувьд нь ашигт малтмалын орд ашиглах лиценз олгогдсоныг тоолох цаг болжээ-

“Сүхбаатар аймгийн 2010 оны төсөв, тулгамдсан асуудал” сэдвээр явагдсан онлайн ярилцлага өвөлжилтийн бэлтгэл ажил, төсвийн хөрөнгө оруулалтын сэдвийг хөндсөний зэрэгцээ уул уурхайтай холбоотой нэн эмзэг асуудлыг гаргаж ирснээрээ онцлог байв.

УИХ-ын гишүүн Р.БУД: Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд аймаг бүр тодорхой үүрэг хүлээж байгаа
 

Аймгийн ИТХ-ын дарга орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүдэд микрофон шилжиж, эхлээд Р.Буд гишүүн сонгогчиддоо хандан мэдээлэл өглөө.

Тэрбээр, онлайн ярилцлагад хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье гээд, 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл орон нутагт очсон байгаа хэмээн яриагаа эхэлсэн юм. Р.Буд гишүүн, Сүхбаатар аймагт спортын цогцолбор барихад зориулан 100 сая төгрөг, 30 ортой халдвартын эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан зэргээр тус аймагт нийт 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсвийн хөрөнгөөр хийгдэх тухай мэдээлсэн юм. Энэ бүхнийг аймгийнхаа төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулахад гишүүд хамтран нэлээдгүй хүчин чармайлт гаргасныг тэрбээр онцлоод, Мянганы замд нэмж таван тэрбум төгрөг тусгаснаа танилцууллаа.

Р.Буд гишүүн, Д.Шижирбаатар даргын ярианд төсвийн орлогод орон нутгаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэг тэрбум төгрөгөөр илүү төлөвлөгдөж ирсэн талаар дурдагдсаныг хэлээд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд аймаг бүр тодорхой үүрэг хүлээж буйг хэлж байлаа.

Мөн өнгөрсөн жил 500 сая-аас 240 гэр тусламжид өгснөөс гэрийн бүрээс, туурга, дээврийг орон нутгаас авч 51 сая төгрөгийг орон нутагтаа үлдээж чадсан, үүний зэрэгцээ компьютержүүлэх, малжуулах төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх \сандвич хана, махны үйлдвэрлэл\ төслүүдэд зориулснаа хэлж байв. Харин энэ оны хувьд боловсрол, соёл, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад 20 хувь, төрийн захиргааны байгууллагыг чадавхижуулахад 42 хувь, МАА, газар тариаланг хөгжүүлэхэд 19 хувь, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд 19 хувийг нь төсөвлөснөө эрхэм гишүүн нэмж хэллээ.
Р.Буд гишүүн орон нутгийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлээд өвлийн бэлтгэл чамбай сайн байгааг нь үнэлж, өнтэй өвөлжихийг ерөөлөө.

УИХ-ын гишүүн Ч.УЛААН: 2010 оны төсөв бол хямралын үеийн төсөв


Микрофон Ч.Улаан гишүүнд шилжиж, тэрбээр сонгогчдынхоо амрыг эрж, сайхан өвөлжиж байна уу хэмээн мэндчиллээ. Эрхэм гишүүн аймгийн удирдлагуудад хандан “Аймаг, сумдын төсвөө хэлэлцэж батлах хэрэгтэй. 2010 оны төсөв бол хямралын үеийн төсөв. Зайлшгүй зардлыг төлөвлөж, тэвчиж болох зардлыг хэмнэх хэрэгтэй” гээд орлого, зарлагаа зөв зохицуулаарай гэв.

Тэрбээр цааш нь, энэ жил гол гол обьектуудад 34 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, 11,3 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна. Аймгийн Засаг даргад очих мөнгө бага ч оногдсон төсвийг оновчтой зарцуулах нь чухал юм гээд хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх ажлыг хэрэгжилтийг сайтар зохион байгуулахыг аймгийн удирдлагуудад анхааруулан хэлж байв.

Мөн төвлөрсөн арга хэмжээний зардал гэж байгааг хэлж, Сүхбаатар, Завхан аймгуудад Швейцарийн тусламжийн хүрээнд малаас хүнд халдах халдварт өвчний тархалтыг бууруулахад чиглэгдсэн төсөл хэрэгжих бөгөөд энэхүү төслийн монголын талын хөрөнгө оруулалт нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 700 сая төгрөг байхаар тусгагдсаныг мэдээллээ.

Ч.Улаан гишүүн аймгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ, энэ ондоо багтаж төсвөө батлах хэрэгтэйг онцлоод Түмэнцогт сумын хувьд цахилгааны хүчдэлтэй холбоотой асуудал үүссэнийг ойрын үед шийдэхээр яамнаас мэдэгдсэнийг хэллээ.

Үүний зэрэгцээ ирэх оны төсөв дотор сум бүрт \15 сая төгрөг\ ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулах арга хэмжээг тусгасныг хэлж, орон нутгийн иргэд төслөө илүү сайн боловсруулж, ИТХ нь хэлэлцэж, хэрэгжүүлэх төслийг оновчтой сонгож, үр ашигтай байлгаж чадвал олон хүн уг төслийн үр шимийг хүртэх боломжтойг онцлон дурдаж байв.

Өмнө нь 1,8 сая төгрөгийн зээлийг төдийлөн оновчтой хуваарилж чадаагүй нь сумдаар явахад иргэдийн гаргасан санал хүсэлтээс харагдсан тул сум бүр өөрийн гэсэн сантай болоход анхаарч, яваандаа энэхүү сангийн хөрөнгийг сум бүрт 50 сая төгрөг болгох зорилттой ажиллаж буйгаа эрхэм гишүүн хэлж байсан юм.

Мөн өвөлжилтөд анхаарч байхыг сануулаад, санаа амарч тайвширч болохгүй, хаврын улиралд манай тал нутаг эрсдэлтэй, 2008 оны хавар цаг агаарын ямар хүнд эрсдэл учирсныг мартаж болохгүй гэв. Түүнчлэн Малжуулах төслийг зөвхөн 2008 оны хаврын гамшигт өртсөн сумдад хэрэгжүүлж байгааг иргэддээ зөвөөр ойлгуулахыг аймгийн удирдлагуудад анхааруулаад, хугацаа алдалгүй ирэх оныхоо төсвийг хэлэлцэж, орлогоо дайчилж, зарлагаа хэмнэх хэрэгтэйг Ч.Улаан гишүүн онцлон хэлж байв. Тэрбээр цааш нь, зарлагыг механикаар хавтгайруулан хасахгүй илүү оновчтой болгох хэрэгтэй гээд өвчний тархалтыг сааруулсан сайн мэдээ байгаа ч халдварт шар өвчний дэгдэлт их байгаа мэдээллийг би авсан гэлээ.

ИТХ-ын дарга Д.ШИЖИРБААТАР: Гадныхны мэдэлд хамаг газар маань орж гүйцлээ, үүнийг л анхаараасай


Онлайн ярилцлагын асуулт, хариултын цаг эхэлж, аймгийн бусад албан тушаалтнууд асуулт тавьж, хариулт авсан юм. Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал төсвийн орлогын төлөвлөгөө өндөр байна, үүнийг тодотголоор зохицуулж өгнө үү гэсэн бол, ЭМГ-ын орлогч дарга М.Энхтуяа аймгийнхаа эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг баримт дурдан ярьж, томуу, томуу төст өвчний дэгдэлтэд бэлэн байх шаардлагатай байгааг хэлж, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилахад анхаарч ажиллахыг гишүүдээс хүслээ.



Аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл олголт сайн гэсэн үнэлгээ авсан тухайгаа тайлбарлаж, зээлийг барьцаа хөрөнгөтэй хувь хүн, ААН-д Монгол Шуудан Банкаар дамжуулан олгосон гээд, төсвийн хөрөнгө оруулалтын орлогын төлөвлөгөөг төсвийн тодотголоор танаж өгөхийг хүслээ. Мөн H1N1 вирүсээр үүсгэгдсэн томуугийн талаарх тоо баримтыг 10 сарын 28-наас 12 сарын 7-ны өдрүүдээр багцлан мэдээлсэн юм. Тус аймагт нийт 132 хүн өвчилснөөс 104 нь бүрэн эдгэсэн, нэг эх эндсэн, өвчин нь хүндэрсэн эх хоёр байгаа. Нийт найман сумаас 14 эхийг авчирч эмчилсэн бөгөөд хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн тоо буурахгүй байгаа, өвчлөгсдийн 7 хүн тутмын 2 нь жирэмсэн эхчүүд байгааг хэлж байсан юм.

Мөн халдвартын эмнэлгийн барилгын асуудал, багийн эмч нарын унаа, хөдөлмөр хамгааллын хувцас, тоног төхөөрөмжийн асуудлыг хөндөн, одоо тус аймгийн багийн эмч нарт эхний ээлжинд 12 мотоцикл, 48 морь шаардлагатай байгааг хэлж байв. Түүнчлэн багийн эмч нарын асуудлыг улсын төсөвт тусгадаггүй тул үүнийг улсын хэмжээнд авч үзэн анхаарч шийдвэрлэж өгөхийг гишүүдээс хүслээ. Мөн Онгон сумын сум дундын эмнэлгийн барилга, түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Дараа нь Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул тус аймгийн халдварт өвчний тархалтын талаарх мэдээллийг өгөв.

Гишүүд орон нутгийн удирдлагуудын асуултад хариулж, тэдний тавьсан асуудлуудыг анхааралдаа авахаа илэрхийлээд, зарим сэдвээр тодорхой мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Р.Буд гишүүн халдварт өвчний үед хэрэглэх эм, тариа, вакциныг аваачиж өгснөө хэлж, багийн эмч нарын асуудлыг яаманд хандан тавихын зэрэгцээ албан тоотын нэг хувийн гишүүдийн нэр дээр ирүүлбэл бид эндээс нь шахаж шаардах мэдээлэлтэй байх болно гэж байв. Мөн ЖДҮ-ийг дэмжих зээлийг олгохдоо ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгоод малжуулах төсөлд бүх сумдаа тэгш хүртээмжтэй хамруулах, төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаа тооцоо баримттай нь ирүүлээрэй хэмээн орон нутгийн удирдлагуудад хандан хэллээ.

Ч.Улаан гишүүний хувьд ч бас, ЖДҮ-ийг дэмжих зээлийн хуваарилалтын ил тод байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад анхааруулсан ба төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөний хувьд нэгэнт хууль болоод батлагдсан хойно хэрэгжүүлэх үүрэгтэйг сануулж, ер нь төсөв хэлэлцэхээс өмнө саналаа сайн ирүүлж байх, түүнчлэн салбарын яамдтайгаа тооцоогоо сайтар нийлж, гишүүдээ мэдээллээр хангаж ажиллах нь чухал болохыг хэлсэн юм.

Дараа нь онлайн ярилцлагад оролцож буй иргэдийн төлөөллөөс асуулт тавьж, гишүүдээс хариулт авлаа. Иргэн н.Гэрэлбадрах ЖДҮ-ийн талаар төрөөс баримтлах бодлого ба дэмжлэг, Мянганы замын бүтээн байгуулалтыг тодруулан асуусан бол, иргэн н.Алтансүх аймгийн төвийн цэвэр усны хангамж, АХБ-ны төслөөр хэрэгжих уурын зуухны засварын санхүүжилтийг тодруулж асуулаа. Мөн аймгийн ЭМГ-ын дарга халдварт өвчний вакцин, эм тариаг хүлээн авснаа хэллээ.

Дээрх асуултад Р.Буд гишүүн хариулахдаа, хуулийн төсөл өргөн барьж, ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан нь одоо ч хэрэгжиж буйг хэлээд энэ салбарыг дэмжин олгож буй зээлийг барьцаа хөрөнгөтэй хүмүүст олгож байгаа учир сайн ажиллаж чадах хэдий ч барьцаа хөрөнгөгүй хүмүүс хамрагдаж чадахгүй байна. Иймд барьцаа хөрөнгийн сан бий болгох талаар хөөцөлдөж байна гээд, УИХ ЖДҮ-ийн салбарын хууль, эрх зүйн орчинг тогтвортой байлгахад анхаарна гэв. Мөн Мянганы замд хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тайлбарлаж, үе үеийн Ерөнхий сайдууд Сүхбаатар аймгийг анхаардгийн ачаар ус цэвэршүүлэх төхөөрөмж хамгийн сүүлд М.Энхболд сайдыг очсоны дараа тавигдаж иргэд цэвэр усаар хангагдсан болохыг сануулаад, АХБ-ны төслийг анхааръя гэв.

Ч.Улаан гишүүн аймгийн удирдлагуудад хандаж, ЖДҮ-ийн зээлийн олголтыг ИТХ-аараа хэлэлцэж шийдвэрлээд, шийдвэрийг иргэдэд ил тод нээлттэй байлга. Ингэвэл иргэд өөрсдөө хяналтаа тогтоогоод явдаг бусад газрын сайн туршлагыг хэрэгжүүл ээ. Мянганы замд улсын төсвөөс дөрвөн тэрбумыг төсөвлөсөн ч Буд гишүүн бид хоёр нэг тэрбумыг дундаасаа нэмж тусгасан. Том хэмжээний ажилд хөрөнгө оруулалт бага байх нь зардлыг ихэсгэж, ажлыг үр дүн муутай болгодог учраас бид ийнхүү шийдсэн юм гээд, АХБ-ны төслийг ойлгож байна, дэмжье, харин аймгийн Засаг даргын нэр дээр арга хэмжээний нэр заагаагүй 148 сая төгрөгийн хөрөнгө оруулалт очиж байгаа шүү. Төсвийн хөрөнгө оруулалтууд ер нь төсвийн ерөнхийлөн захирагчийн багцууд дотор байгаа. ЗГХЭГ-ын багцад байгалийн цогцолбор газруудыг хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалт тусгагдсан гэв.

Уулзалт ярилцлагын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатарт микрофоныг шилжүүлэв. ИТХ-ын дарга онлайн ярилцлага амжилттай болж буйд талархал илэрхийлээд, аймгийн өмнө тулгамдсан гол асуудлуудыг хөндөж ярьж чадлаа гэв. Тэрбээр цааш нь, малын гаралтай өвчлөлийг бууруулахад чиглэгдсэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа нь сайн хэрэг, гэхдээ малын гаралтай түүхий эд хэт үнэгүйдэж байгааг анхааралдаа авч, малчдад чиглэсэн бодитой бодлого, ажлыг хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. ЖДҮ-ийн төслийн зээл хэн барьцаа хөрөнгөтэйд нь олгогдож, нэг банкны мэдэлд орчихоод байгааг анхаарч зээлийн сан бүрдүүлэх бодлого баримталж байгаад гишүүддээ талархаж байна гээд энэхүү ярилцлагын хувьд хамгийн анхаарал татсан асуудлаар саналаа илэрхийлсэн юм.

Д.Шижирбаатар дарга хэлсэн үгэндээ, “Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн орлогыг нэмэгдүүлэн төсөвт тусгасан нь орон нутагт муугаар нөлөөлж байна. Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын шахалт шаардлага ч их байна. Ер нь гадныхны мэдэлд хамаг газар маань орж гүйцлээ. Үүнийг л анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Тулгамдсан асуудлыг хөндсөн сайн ярилцлага боллоо. Цаашдаа нэг сумын сургуулийн шав тавих асуудлыг УИХ, ЗГ шийдээд байгаад анхаарч ажиллана уу” гэв.

Онлайн ярилцлагыг хааж Ц.Шаравдорж дарга хэлсэн үгэндээ "Сэдэв нь тодорхой, цаг зав, орон зай хэмнэсэн, цаг үеийн чухал асуудлуудыг хөндөж ярилцсан, төрийн бодлогоо хэрэгжүүлэх ажлыг оновчтой болгоход дэм болсон ярилцлага боллоо" хэмээн дүгнээд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг анхааруулсан юм.

Сүхбаатар аймагтай хийсэн онлайн ярилцлага уул уурхайн хувьд хамгийн эмзэг сэдвийг хөндөж чадсан юм. Учир нь ашигт малтмалын орд ашигласан татвар хураамж нь орон нутгийнхаа төсөвт хэрэгцээтэй ч газар маань хэмжээтэй шүү дээ гэдгийг анхааруулсан анхны сануулга нь тус аймгийн ИТХ-ын даргын “...Гадныхны мэдэлд хамаг газар маань орж гүйцлээ” гэсэн үг байлаа. Аймаг, сум, хот, тосгон бүр газар нутгийнхаа хэдэн хувьд нь ашигт малтмалын орд ашиглах лиценз олгогдсоныг тоолох цаг болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.