2009.12.04

Ч.Улаан: Төсвийг оновчтой болгох үүрэг нь УИХ-д бий

УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзаж ярилцлаа.

-Ирэх оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавих тухай санал хураалтад та эсрэг санал өгсөн байсан. Ямар үндэслэлээр та хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бэ?

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нэлээд судалсан юм. 2010 оны батлагдсан төсөвт эргэж харахаар, засч залруулахаар, сайжруулахаар асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг дахин авч үзэх, ийм боломж бүрдэж болзошгүй гэдэг үүднээс хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. Ер нь хориг дээр нухацтай ярих ёстой байсан. Шийдвэр гарсны дараа харж байхад хориг тавьж байгаа хүн нь ч, хориг тавиулж байгаа Засгийн газар нь ч энэ хориг авагдахгүй гэдгийг урьдчилан төсөөлж байсан шиг байна билээ. Би ингэж ойлгосон. Хориг шиг хориг тавигдсангүй дээ гэж бодож байна. Хоригийг нэлээд үндэслэлтэй, сайн тавих ёстой байсан. Мэргэжлийн ы бол төсөвт бүхэлд нь хориг тавигдлаа гэдгийн цаад санааг төсвийн үндсэн тэнцвэр шалгуур үзүүлэлтэд нь хангаагүй юм байна гэж ойлгоно. Гэтэл гишүүдтэй холбоотой нэг тэрбум төгрөг гэдэг ч юм уу, эсвэл зураг төсөвгүй объект төсөлд орсон тухай асуудлыг хоригт зөвхөн дурдсан байсан. Харин төсвийн тэнцлийг сайжруулах, алдагдлыг таван хувиас бууруулах нөөц бололцоог дахин судалж үзэх ёстой гэдэг агуулгаар тавигдсан байсан бол төсвийг сайжруулахын тулд ажиллах боломж гарах байсан..

-Та төсвийг судалж үзсэн гэлээ. Төсвийн орлого, зарлага дээр юу, юуг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж харсан бэ?

-Энэ гол нь биш. Гэхдээ асуудал бол байна. Захиргааны зардал их байна, хөрөнгө оруулалт үр ашиг багатай, хэтэрхий жижиг объектод төлөвлөгдөж байна. Энэ мэтээр төсвийн хөрөнгийн асуудалд шүүмжлэлтэй хандах асуудлууд олон байна. Хориг тавихдаа тодорхой асуудлыг хөндөх ёстой байсан. Тухайлбал, зураг төсөвгүй объект хөрөнгө оруулалтын жагсаалтад оржээ гээд хориг тавьсан бол хөрөнгө оруулалтын жагсаалтаас тэрийг нь хасах л ёстой байсан. Гэтэл хориг ингэж тавигдаагүй. Ерөнхий тавигдсан учраас асуудалд ерөнхий хандсан. Ерөнхий агуулгаар нь хандахаар тэр нь эргээд төсвийн шинэчлэлтэй холбоотой асуудал болчихно. Харин төсвийн орлого, зарлагаа яах вэ, алдагдлаа яаж бууруулах вэ гэсэн бол бүхэлд нь хориг. тавьж болох байсан. Хэрэв ингэж хандсан бол мэдээж хугацаа хэрэгтэй.

-Хоригийг хүлээж авлаа гэхэд хэлэлцэж шийдвэрлэх хугацаа байхгүй гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байсан..?

-Цаг хугацааны хувьд бол бодох л ёстой. Ондоо багтаж төсвөө батлаад, УИХ, аймаг, сумд батлагдсан төсөвтэйгээр шинэ оныхоо ажлыг эхэлдэг журамтай. Тэгэхээр энэ журам зөрчигдөхөд хүрнэ шүү дээ. Тэгэхээр хориг тавихдаа энэ бүгдийг бодолцсон байх ёстой байсан. Харамсалтай нь ингэж бодолгүй хориг тавьсан. Тодорхой хугацаа, чиглэл өгөөд төсвийн шинэчлэл хий, төсвийн хуулиудаа эргэж харж үз, төсвийнхөө үзүүлэлтийг сайжруул гэсэн бол илүү үр дүнтэй болох байсан.

-УИХ-ын гишүүдийн мөнгө гэж төсөвт нэг тэрбум төгрөг тусгуулсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-УИХ-ын гишүүний мөнгө гэж байхгүй. УИХ-ын гишүүн төсөв захиран зарцуулагч биш, хөрөнгө мөнгөний зарлага гаргах эрхгүй. Ийм ч хуультай. Энэ утгаараа төсвийн зарлагын талаар УИХ-ын гишүүн үүрэг хариуцлага хүлээдэггүй хуультай. Орон нутагт төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ, түүний жагсаалтыг гаргахдаа УИХ-ын гишүүдийн саналыг авсан учраас гишүүдтэй холбогдож яригдаад байгаа юм. Гишүүд тойргийнхоо иргэдтэйгээ байнга уулздаг. Тийм учраас орон нутагт тулгамдсан ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой вэ гэдэг дээр гишүүд тодорхой байр суурь бодлоготой байдаг. Ирэх жилийн төсвийг энэ жилийнхтэй харьцуулбал том ялгаа бий. 2009 оны төсөвт бүс нутгийг хөгжүүлэх хөрөнге оруулалт гээд дүнгээр нь Шадар сайдын багцад батлаад, тодорхой объект болгохдоо УИХ-ын гишүүдийн саналаар зарцуулж байсан. Энэ үед нийт дүнгээр нь баталсан нь Төсвийн хуультай зөрчилдөж байсан юм. Төсвийн хуульд арга хэмжээ нэг бүрээр нь баталдаг хуультай. Харин ирэх оны төсөвт ийм зүйл байхгүй. Бүх объектыг хуулийн дагуу өртөгтэй, зардалтай, жагсаалтаар нь баталж өгсөн. Энэ хоёрт ялгаа заагтай хандах учиртай байх. Тойрог бүрт өөрийн асуудал байна, аймаг, орон нутаг бүрийн хөгжлийн түвшин зааг ялгаатай байна. Тийм учраас шийдэгдэх тулгамдсан асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй. Цаашдаа ч ийм л байна.

-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулаад оруулаад ирж байхад УИХын гишүүд хөрөнгө тусгаж байгаа нь Засгийн газрын эрх мэдлийг булааж авч байгаа хэрэг гэсэн шүүмжлэл ч бас байна..?

-Би тэгж үзэхгүй байна. Үндсэн хуулиа унших хэрэгтэй л дээ. Үндсэн хуулиар УИХ бол улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн аль ч асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах бүрэн эрхтэй субъект. Энэ утгаараа улсын төсвийн хөрөнгийг, тэр тусмаа ард түмний хөрөнгийг яаж зарцуулахав, юунд хуваарилахав, ямар үр дүнтэй ашиглахав гэдэгт гарцаагүй хяналт тавьж оролцох субъект нь мөн. Хэрэв Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр ямар ч санал, шүүмжлэл хэлдэггүй бол УИХ гэж байхын хэрэг байна уу. Нөгөө талаар төсөв гэдгээ бодох хэрэгтэй. Төсөв гэдэг чинь эдийн засгийн сонгодог агуулгаараа байгаа хөрөнгө мөнгийг оновчтой хуваарилах, үр ашигтай зарцуулах, зарцуулсан хөрөнгийн гүйцэтгэлд хяналт тавих үйл явц. Тийм учраас УИХ ард түмний хөрөнгө,' төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилах асуудал дээр байр сууриа илэрхийлж,оролцох ёстой. Төсвийг оновчтой болгох үүрэг нь "УИХ-д бий.

-Төсвийн хэлэлцүүлгийн үед шинэчлэлийн талаар багагүй яригдсан. Тухайлбал, тухайн сумын нэг багийн тохижилтыг төсөвт тусгах хэрэгтэй, энд хэлэлцээд суух нь буруу гэх гишүүд цөөнгүй байсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол зөв асуудал. Өнөөдөр манай төсвийн харьцаанд удирдлагын түвшингийн зааг ялгаа арилсан байна. Хэтэрхий их хавтгайрсан байна. Улсын төсвөөр үндэсний хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэхийн хажуугаар бүр жижиг асуудлыг ярьж байна. Тухайлбал, багийн төв тохижуулах, хөгжим авч өгөх ч гэдэг юм уу, хэтэрхий их хавтгайрч задгайрсан тал байна. Үүнийг цаашид өөрчлөхийн тулд удирдлагын түвшин түвшинд нь эрх үүргийг нь зааглах ёстой. Засгийн газар улс орны хэмжээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээг улсын төсвөөр, аймаг орон нутгийн хэмжээнд шийдэх ёстой асуудлыг тухайн орон нутаг өөрийнхөө төсвөөр шийддэг, сумынхаа шийдэх асуудлыг сум өөрөө шийддэг болох хэрэгтэй. Ингэж байж удирдлагын оновчтой уялдаа бий болно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулиар түвшин түвшний Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газрын эрх үүргийг тодорхой болгож өгөх ёстой. Эдийн засгийн даац суурийг бэхжүүлж өгөх учиртай. Ингэж байж өөрийнхөө хүрээнд өөрийнхөө асуудлыг шийддэг зарчим руу орно. Төсвийн хүрээнд хийх шинэчлэл яах аргагүй энэ чиглэл рүү хандаж хийгдэнэ гэж бодож байна.

-Төсвийн шинэчлэл хэзээнээс хийгдэх бол..?

-Тасралгүй хийгдэх ёстой. Энэ бол нийгмийн тасралтгүй үйл явц. Жижигхэн асуудал байсан ч шийдэж байх учиртай. Бух асуудлыг иж бүрэн сайхан боловсруулж байгаад. Нэг далайлтаар хийнэ гэж байхгүй.

-УИХ-аар Засгийн газрын бонд гаргах асуудлыг хэлэлцэж байгаа. Банкууд дампуураад байхад татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөөд байх нь зөв үү?

-Үүнийг одоо ярихад оройтсон гэж бодож байна. Ер нь өнгөрсөн жил бүх арилжааны банкны хадгаламж эзэмшигчдийн болоод харилцах дансны эрсдлийг төр хүлээхээр шийдсэн. Одоо болохоор нэгэнт хууль ийм байгаа учраас төр оролцохоос өөр аргагүй болж байгаа юм. "Зоос" банкны асуудал үүслээ, төр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн учраас оновчтой арга замыг хайх ёстой. Банк гэдэг бол өөрөө итгэлцлийн байгууллага. Банкинд итгэсэн хүн мөнгөө хадгалуулдаг. Итгэлийг нь хүлээсэн банк мөнгийг нь өөртөө байршуулаад оновчтой ашиглаад өсгөж хүүг нь өгдөг. Өөрөөр хэлбэл, зээлдэгч, зээлдүүлэгчийн хоорондын итгэлийн харилцаа. Харилцан итгэлцэл дээр үүссэн тэр харилцааны эрсдлийн дундуур төр орж хариуцах шаардлага байсан уу, үгүй юу гэдгийг ул суурьтай авч үзэх ёстой.

-Хадгаламжийн даатгалын тухай хуультай болбол иргэдийн хадгаламжийг хамгаалж, төрөөс хөрөнгө гаргах шаардлагагүй болох юм биш үү?

-Зах зээлийн сонгодог зарчмаар бол үүсч болзошгүй эрсдлээс xaмгаалдаг сонгодог арга нь даатгал. Тийм учраас хадгаламжийн даатгалын тухай хуультай болбол зах зээлийн зарчимтай нийцэх байсан. Үүнийг боловсруулж, хэлэлцэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Ер нь тор өнөөдөр өөртөө шууд холбоогүй маш олон эрсдлийг хүлээж байна. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоод, татвар төлөгчдийн эрсдэл, банкинд байгаа хадгаламж эзэмшигчдийн эрсдэл.Хадгаламжийн ард хувь хүн ирж байгаа учраас төр анхаарах ёстой. Гэтэл харилцах дансны эрсдлийг төр хариуцаж байна. Мөн олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхний эрсдлийг төр хариуцах тухай яригдаж байна. Энэ чинь нэг талаасаа өгөөмөр; сайн төр болж харагдах байх л даа Гэхдээ цаанаа бол тэр харилцаан; оролцож байгаа хүмүүсийн өөрсдийн оршин тогтнохын төлөөх тэмцлийг нь үгүй болгож байгаа хэрэг.

-Төрийн банк байгуулж байснаас хадгаламж эзэмшигч, харилцах дансны эрсдлийг шууд гаргасан бол арай бага хӨрөнгө гаргах байсан юм биш үү?

-Үүнийг тооцож үзээд Төрийн банк байгуулах шийдвэр гаргасан гэж итгэж байна. Яагаад гэвэл гарсан хохирлыг шууд нөхөхгүйгээр Төрийн банк байгуулаад, тэндээс олсон орлогоороо эрсдлээ нөхөх гэж байна. Тийм учраас төрд ирэх ачааг хөнгөлж өгөх зам энэ мөн. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгийг шууд тоолоод өгнө. "Зоос" банкинд байгаа арай чадвартай хэсгийг нь авч үлдээд бонд өгөх гэж байна. Бонд гэдэг чинь зээл шүү дээ. Түүнээс бус шууд татвар төлөгчдийн мөнгийг өгөх байсан бол бонд гаргахгүй шүү дээ. Энэ арга зам нь шууд хохирлыг нөхсөнөөс ил үү үр дүнтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас ойлгож, дэмжиж байгаа юм.

-Дахиад дараагийн банк эрсдэлд орвол Төрийн банктай нийлүүлэх үү?

-Магадгүй энэ нь хялбар арга байж болно. Банк эрсдэлд орох тоолонд гаргаж өгөөд байх мөнгө бидэнд бий юү, байхгүй шүү дээ. Тийм учраас найдвартай хэсгийг нь ажиллуулж, эрсдлийг нь өөрөөр нь төлүүлэх боломжийг нь олгож байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.