2009.12.05

Ц.Даваасүрэн: Баялгаа барьцаалуулж хувьцаа гаргачихаад ирээдүйд авах татвараараа төлж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах боломжийн талаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн талаар гишүүд янз бүрийн бодолтой байх шиг байна. Та Монгол Улсын 2009 оны Төсвийн тухай хуулийн төслөөр УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгүүдийн ажлын хэсгийн саналуудыг зангилдалцаж байсан хүний хувьд ирэх оны төсөв хэр сайн болсон гэж үзэж байгаа вэ?

-Төсөв анх Засгийн газраас өргөн барьсан төслөөсөө эрс өөр болж гарсан. Гол нөлөөлсөн зүйл бол зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буусан явдал. Үүнээс болж орлого тал 390 гаруй тэрбум төгрөгөөр буурсан. Зардал талд ч тодорхой хэмжээний хэмнэлтийг гаргалаа. Үргүй зардлуудыг нэлээд танасан. Аудитын газраас ирүүлсэн саналын дагуу хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг хумисан. Боловсрол, эрүүл мэндээс бусад байгууллагуудын их засварыг нэг жил түр азная гэсэн чиг баримталлаа.
Мөн алтны гэнэтийн ашгийн татварын босгыг 850 ам.доллар болгож өндөрсгөсөн. Ингэснээр 52 тэрбум төгрөгийн орлогыг байхгүй болгочихож байгаа юм. Нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийн орлого дутагдаад ирэхээр төсөв алдагдалтай батлагдах тал руугаа орж орлого зарлагын тэнцэл алдагдсан.

-Он гармагц төсөвт тодотгол хийнэ гэсэн яриа байгаа. Тийм байдалд хүрэх үү?

-Төсөв батлахдаа ирэх оны тавдугаар сард тодотгол хийхээр тооцсон байгаа. Экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн төлөв байдлыг харъя гээд алдагдлыг зургаан хувиар баталсан. Зургаан хувийн алдагдал гэдэг бол нэг талаас өндөр тоо л доо. Нөгөө талаас харвал төсөв яг ийм алдагдалтай байна гэсэн үг бас биш. Төсвийг хэрэгжүүлэх явцад орлого сайжраад гүйцэтгэлээрээ төсөв ашигтай ч гарч болно шүү дээ.

-Гишүүд зарлагаа сайн хумиж орлого, зарлагын тэнцлийг сайжруулъя гэж нэлээд ярилцсан. Тэр хэмжээгээр сайжруулж чадсан болов уу. Ялангуяа төсвийн байгууллагын зардал, хөрөнгө оруулалтыг багасгах санал их гарч байсан?

-Харин ч тэнцлээ сайжруулах гээд зарлагаа хэт хумисан бол бизнесийн эргэлтэд сөргөөр нөлөөлөх байлаа. Манай улсын нийт хэрэглээний 40 гаруй хувийг төсвийн байгууллага, тэнд ажиллагчдын хэрэглээ эзэлдэг. Төсвийн байгууллагынхан бараа, бүтээгдэхүүн худалдан авах, шаардлагатай төлбөрөө хийх гээд авсан цалингаа бизнесийнхэнд зарцуулдаг. Төсвийн байгууллага ч мөн адил шүү дээ. Бичгийн цаас хэрэглэл, тоног төхөөрөмж, дулаан, цахилгаан, түлш шатахуунд төсвийн хөрөнгөө зарцуулна. Нэг жишээ хэлье л дээ. Төсвийн хөрөнгө оруулалт өссөнөөр наад зах нь барилгын компаниудад шинээр ажлын байр бий болж, дотооддоо барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл төсвийн хэрэглээтэй уялдаад бизнес явж байгаа гэсэн үг. Иймээс тэдний зарлага, хөрөнгө оруулалтыг хэтэрхий таначихвал тэдгээр хувийн компаниуд үйл ажиллагаагаа хумиж, ажлын байраа цөөлөхөд хүрнэ ээ дээ. Манай зах зээл, хэрэглээ явцуу шүү дээ. Наад зах нь гэхэд барааны борлуулалт багасна. Иймд төсвийн зардлыг хэмнэнэ гээд өмнө бий болгосон эдийн засгийн өсөлтийг боомилсон төсөв баталж болохгүй байсан. Гол нь бизнесийн орчноо эрүүл байлгахад анхаарах ёстой. Энэ бүхнийг тооцсон төсөв болсон.

-Төсвийн алдагдлын хэмжээг хараад гадныхан хөрөнгө оруулахаас татгалзах юм биш биз. Тэдэнд татвар нэмэгдэх вий гэсэн буруу “дохио” болох юм биш үү гэсэн болгоомжлол төрж байна л даа?

-Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдын харах нэг үзүүлэлт мөн. Гэхдээ тэд ирээдүйн ашгаа олон талаас нь тооцоолж таарна. Монголын төсөв алдагдалтай байна гэдэг ганцхан шалтгаанаар “шууд татвараа нэмэхийн дохио” гэж төсөөлөөд хөрөнгө оруулахаас болгоомжлохгүй байх аа. Төсвийн алдагдлыг мөнгөн хөрөнгийн урсгал зохицуулалт, зээл, тусламж, эрсдлийн сан, үнэт цаас гаргах гээд янз бүрийн арга хэрэгсэлээр зохицуулж болно. Сангийн яам мөнгө босгохын төлөө залхууралгүй ажиллах ёстой. Энэ яамныхан авч болох орлогоо гүйцэд дайчлахгүй, зарлагыг бүрэн санхүүжүүлэх хөрөнгө босгохоос залхуурч хялбарчилсан байдлаар төсөвт хандаж болохгүй гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэх төсвийн алдагдлыг санхүүжүүлж барахгүй зардал мэтээр арай ч ойлгож болохгүй ээ.

-Та төсвийн эерэг талуудыг тайлбарлалаа. Гэхдээ ирэх жилийн төсвийг шүүмжлэлтэй талаас нь харвал ямар байх бол?

- Төсвийг хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөрт суурилж, тэдгээртэй уялдуулж төлөвлөж баталсангүй. Мянганы хөгжлийн зорилттой холбоотой нэг ч асуудал хөндсөнгүй. Уг нь улсын нэгдсэн төсөв бол бодлогын хэрэгжилтийг хангах санхүүгийн баримт бичиг байх ёстой юм. Төсөв тэр үүргээ биелүүлэхгүй явж ирлээ. Хэрэв Монгол Улсын эдийн засаг, нийгмийг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг эхэлж хуульчлаад, тэр хязгаарт бариулж төсвөө төлөвлөөд, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ хүрээнд нийцүүлж хийдэг болчих юм бол боломжоос хэтэрсэн амлалт, бодлогогүй хөрөнгө оруулалтуудыг хязгаарлаж чадна. Улс орон бодлого, төлөвлөлтөөр хөгжихөөс биш бодсон, сонссон зоргоороо амлаж, хийгээд хөгжихгүй биз ээ.

-Та орлого сайжирвал төсвийн тэнцэл ашигтай байх бололцоо бий гэсэн. Тэгвэл тийм ямар бололцоо байгаа вэ?

-Ашигт малтмалын томоохон орд газруудаа эргэлтэд оруулж бүтээн босголтын ажлыг нь эхлүүлбэл наад зах нь импорт нэмэгдэж татварын орлого өсөх бололцоо бий. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөх нөхцөлтэйгээр хийх 400 тэрбум төгрөгийн ажлыг эхлүүлчихвэл төсвийн орлого бас нэмэгдэнэ гэх мэт олон боломж харагддаг. Оюутолгой, Тавантолгойн ордуудын ажлыг даруй эхлүүлэх ёстой. Үүнийг дагаад санхүүгийн зах зээлийн цар хүрээ тэлнэ шүү дээ.

-Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээх тухай 2009 оны нэгдсэн төсөвт тусгаагүй. Гэтэл Засгийн газар, улс төрийн намууд хүртээнэ гэж ярьсаар байна. Төсөвт суулгаагүй байж ямар арга замаар, аль эх үүсвэрээс түүнийг хэрэгжүүлэх вэ?

-Тийм л дээ. Эх орны хишгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаагүй. Харин Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан,. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлээд, төсөвт тодотгол хийх замаар оруулах боломж бий. Амласнаа олгох хамгийн боломжтой хувилбар бол ашигт малтмалын орд газруудаа үнэлж хувьцаа гаргаад, тодорхой хэсгийг нь борлуулах замаар шаардлагатай эх үүсвэрийг босгох арга юм.

-Ашиглаж эхлээгүй орд газруудыг үнэлж хувьцаа гаргах гэдэг арай эртэдмээр сонсогдож байна. Ялангуяа ашгийн 51 хувийг Монголын талд үлдээчихвэл гадныхан хөрөнгө оруулахгүй байж магадгүй гэсэн болгоомжлол байдаг учраас эрсдэлтэй биш үү?

-Зэс, алтны орцтой ийм агуулгатай баялаг орд одоохондоо дэлхий дээр ганц хоёрхон нээгдээд байхад хөрөнгөө оруулахгүй гэх тэнэг байхгүй болов уу. Гаднынхан манай баялгаар гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байхад бид яагаад болохгүй гэж. Тухайлбал, Айвенхоу майнз 3.7 тэрбум канад долларын хөрөнгө босгожээ. Энэ баялаг орд байгаагүй бол хаанаас ийм их хөрөнгө оруулалтыг татаж чадах вэ дээ. Тавантолгой, Оюутолгой чинь манай баялаг биз дээ. Бид Америкийн ч юм уу, аль нэг орны нэг баялгийг барьцаалаад үнэт цаас гаргаж болох уу. Яагаад бид эх орныхоо ашигт малтмалын орд газруудыг үнэлээд 49 хувийг нь хувьцаагаар борлуулж болохгүй гэж. Энэ орлогоосоо иргэдэд амласан 1.5 сая төгрөгөө өгнө биз дээ. Бид ямар ч байсан Бороо гоулдын алдааг дахин давтаж болохгүй. Засгийн газраас Айвенхоу майнзтай байгуулах Оюутолгойн төслийн гэрээнд эхний хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 51 хувьд хүргэх заалт оруулж ирэхгүй бол дэмжигдэхгүй л байх. Иргэд маань ч үүнийг хэрхэн шийдвэрлэхийг харж байгаа. Буруу шийдвэл тэд жагсаад, босоод ирэх байлгүй. Хоёр сая илүүхэн хүнтэй, хэрэглээний жижигхэн зах зээлтэй манайх шиг улсын хувьд баялгийнхаа орлогоор амьдрахаас өөр зам харагдахгүй байна. Иймээс бидний үе цаашдаа хэр амьдрах нь энэ төслийн хувь заяанаас шалтгаална. Ер нь баялгаа экспортлож импортын хэрэгцээгээ санхүүжүүлээд, хүнсний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө үйлдвэрлэж, хүнсний аюулгүй байдлаа хангаад явсан цагт л бид хэнийг ч царайчлахгүй амьдарч чадна.

-Өнөөдөртөө манайханд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах хангалттай туршлага бий гэж үү?

Гадаадын бирж, санхүүгийн зах зээл дээр ажиллахын тулд гаднын туршлагатай, зөвлөгөө өгдөг компани хөлслөөд ажиллаж болно. Бас олон улсын санхүүгийн байгууллага, гадаад банкуудад ажилласан туршлагатай монгол залуучууд ч олон болсон. Манай хөрөнгийн биржийнхэн ч гэсэн зохих хэмжээний бэлтгэл хангаж байгаа байлгүй.

-Оюутолгойн гаргах хувьцааны 34 хувийг Монголын тал ирээдүйд авах татвараараа төлөх тухай хэлэлцээрийг үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнийг манайд татвар төлөхгүй нь гэж ойлгож болох уу ?

-Харин тийм заалт орсон байна лээ. Баялгаа барьцаалуулж хувьцаа гаргачихаад ирээдүйд авах татвараараа төлж болохгүй л дээ. Арай ч тийм гэрээ хийчихгүй байх л гэж найдъя.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.