Д.Ганхуяг: Ерөнхийлөгчийн хоригийн ач холбогдол их
2009.12.17

Д.Ганхуяг: Ерөнхийлөгчийн хоригийн ач холбогдол их

-Ирэх оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа. Гишүүдийн гэж нэрлэдэг мөнгийг та өм
нөх жилүүдэд яаж зарцуулж ирэв?

-Би зөвхөн тойргийнхоо хөрөнгө оруулалтын асуудлаар санал гаргаж тэр төсвийг УИХ-аар батлуулж ирсэн.Тэрнээс энэ шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглалын ажлыг хийж байгаагүй. Хийх боломж ч байхгүй ээ. Тухайлбал, 2009 оны тойргийн 500 сая төгрөгийг Ч.Сайханбилэг гишүүнтэй ярьж байгаад аль болох томоохон асуудлыг шийдвэрлүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчид нь хуулийн дагуу энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн.

-Жил бүр л ийм гишүүдийн мөнгө гэдэг маргаан гардаг. Үүнээс яаж гарах вэ?

-Энэ яаралтай өөрчлөх шаардлагатай хамгийн чухал асуудлын нэг гэдэгтэй
санал нэг байна. Хамгийн гол нь төсвийн тухай багц хуулиудыг өөрчилж байж энэ бүхнээс гарна Эдгээр хуулиудаар дараахь зарчмын чанартай асуудлуудыг зайлшгүй шийдмээр байна. Нэгдүгээрт, нийт ард түмний баялаг болоод татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж болох, болохгүйг зааглаж өгөх хэрэгтэй. Уг нь онол.үндсэн зарчмын хувьд улсын төсвөөр шийдэх асуудлыг зах зэлээс нийлүүлэгдэх боломжгүй бараа үйлчилгээ тухайлбал төрийн албан хаагчдын цалин, батлан хамгаалах болон хуулийн байгууллагын зардал, тодорхой хувийг төрөөс хариуцах ёстой боловсрол.эрүүл мэнд, нийгэм хамгаалал, дэд бүтцийн зарим хэсэг үздэг. Эдгээр шийдвэр ямар ч тохиолдолд ард түмний нийтлэг эрх ашиг, тэдний хүсэлд тулгуурласан байх ёстой. Тиймээс төсвийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирэхдээ заавал иргэний нийгмийн төлөөллийн байгууллагын саналыг сонсдог эрх зүйн орчинтой болох хэрэгтэй байна.

Бас орон нутаг төсөв, санхүүгийн эрх мэдэлгүй байна гээд бид баахан ярьдаг. Энэ үнэн, Энэ бас л хуультай холбоотой. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиар төсвийн төвлөрлийн бодлогын шийдвэр гаргачихсан юм билээ. Тэр үед ийм шаардлага байсан байх. Одоо бол өөр. Ашигт малтмалын лицензийн төлбөрийн болон нөөцийн төлбөрийн тодорхой хувь, хүн амын орлогын татварыг орон нутагт үлдээхээр хуульчилсан. Дээр нь 500 сая.төгрөгөөс доош үнийн дүнтэй тендерийг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр болсон. Гэхдээ энэ хуулиудын хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Өнөөгийн байдлаар бодит тохиолдолд татвараар төвлөрч байгаа орлогын 90 гаруй хувь Сангийн яамны төрийн санд орж байна.Энэ орлогыг Үндсэн хууль болоод төсвийн тухай бусад хуулиар төсвийг юунд зарцуулах шийдвэрийг УИХ хуульчилж, энэ төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг Засгийн газар гүйцэтгэдэг. УИХ-ын 76 гишүүн хуулийн дагуу татвараар цугларсан нийт төсвийн орлогын 90 гаруй хувийг юунд зарцуулах шийдвэрийг гаргах эрхтэй мөртлөө өөрсдийн тойрогтоо байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам, эрчим хүчний асуудлыг шийдэх нь буруу юу.

-Гэхдээ ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх мэдлийг гишүүд булаагаад байна шүү дээ.

-Дараагийн сонгуулиар шинэ хүн гарч ирж чадахгүй. эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч болчих гээд байна гээд зүгээр сууж байх уу. Ингэж
туйлширч болохгүй байх аа.

-Хөрөнгө оруулалтын үр өгөөжийн асуудал ч бас нэлээд шүүмжлэл дагуулдаг.

-Их яригддаг нь үнэн. Гэтэл хөрөнгө оруулалтыг улс орны эдийн засгийн хөгжилд асар их нөлөөтэй хөтөлбөрт зарцуулах, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх, аль болох олон иргэний асуудлыг шийдвэрлэх, улсын чанартай, тойргийн буюу орон нутгийн чанартай зэрэг хучин зүйлст тулгуурлаж ач холбогдлоор эрэмбэлэх тухай заалт манай холбогдох хуульд байхгүй байна. Тэгвэл ихэнх оронд эдгээр харилцааг зохицуулсан хуультай Тухайлбал нэг сум, хорооны сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон нутгийн зам, эдгээр байгууламжийн засварын асуудлыг парламент дээрээ яриад сууж байгаа орон ховор л байх.

-Бас Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг үндсээр нь өөрчилдөг парламент ч олон биш байх аа.

-Үнэн, ихэнх парламентын засаглалтай оронд Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхдээ тухайн арга хэмжээг өөрчилж сайжруулдаг болохоос хэдэн арван тэрбум долларын орлого, зарлагыг нэмж хасдаг орон тийм ч олон биш байх аа. Ийм хязгаарлалт ч манай холбогдох хуульд байхгүй. Гэтэл засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хууль тийм төвшинд шаардлага хангаж байна уу гэвэл бас үгүй. Сая л гэхэд төсвийн орлогыг УИХ 140 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Ийм тодорхой бус эрх зүйн орчинд тухайлбал хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэрхэн шийдэж ирсэн нь сонин байгаа биз. Эхний үед Ерөнхий сайд, Сангийн сайд, эсхүл засгийн газрын гишүүд, тэдэнд ойрхон нь бусдаасаа хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татдаг байсан юм билээ.
Сүүлдээ тэгш байдлыг харгалзаад гишүүн бүрээр энэ асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ нь 10 саяаас эхлээд нэг тэрбум.төг хүрч. байна. Зарчмын хувьд ингэж болохгүй нь ойлгомжтой. Энийг холбогдох хуулиудыг өөрчлөх байдлаар засах ёстой. Энэ тохиолдолд энэ нийгэмд нөгөө төрийн дээр хууль байх ёстой гэсэн зарчмыг баримталж УИХ-ын гишүүд төсвийг баталсан. Гэтэл Ерөнхийлөгч өмнө нь хэлж байсныхаа дагуу хориг тавьлаа. Энэ хориг цаашдаа Монгол Улсын хөгжилд асар их ач холбогдолыг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Гэхдээ УИХ хоригийг хүлээж авахгүй байх л даа? .

-Хоригийг УИХ бүрнээр хүлээн авах эсэх нь тусдаа асуудал. Зарим зүйлийг засч болох талтай. Харин хэдхэн хоногийн өмнө асуудлыг мэдсээр байж баталчихаад эсхүл бусадтайгаа адилхан тойргийнхоо хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргачихаад тэс өөр зүйл яриад байх нь яав ч эрүүл асуудал биш байх аа. Нөгөө Монгол маягийн төр гээч нь юм болов уу.

-Төсвийн тухай хууль баталж байхад бодит эдийн засгийг дэмжих асуудал хөндөгдсөн үү. Энэ салбарт ямар асуудал тулгамдаж байна бэ?

-УИХ дахь АН бүлэг энэ чиглэлд бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдөхгүй байх, иргэд, аж ахуйн нэгжийн өөрөө бие дааж амьдрах болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг төрөөс дэмжих, бодит эдийн засгийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Мөн санхүү, эдийн засгийн хямрал, төрийн хүнд суртлын чирэгдэл, зээлийн хүүгийн хэт ачаалал зэргээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, орлого эрс буурч 2009 оны эхний арван сарын байдлаар ҮТЕГ-т тайлангаа ирүүлсэн 48 мянга гаруй аж ахуй нэгжийн 57.9 хувь нь алдагдалтай ажилласан байна. Мөн манай улс өөрөө жижиг зах зээлтэй, дээр нь экспортын үйлдвэрлэл хөгжөөгүйгээс мал аж ахуйн гаралтай түүхий эд, махны үнэ буурснаар малчдын орлогын хэмжээ доошилсоор байна. Өнөөгийн байдлаар 1.3 сая хүн аманд ч үгүй хамарт ч үгүй нийгэм халамжинд хамрагдаж байна. Эх орондоо ч, гадаад ч монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хамгийн доод төвшинд байна. Тухайлбал, хөгжилтэй орны жирийн нэг ажилтан Монголд ч гадаад ч дунджаар манайхнаас 50 дахин илүү цалин авч байна.

-Ажлын бүтээмж нь бол харин ч илүү байх, тийм ээ?

-Үнэндээ тэдний бүтээмж нь Монголчуудаас ийм олон дахин илүү юү гэвэл лав тийм биш. Тэгэхээр төрийн эдийн засаг, төсөв, санхүү, мөнгөний бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид төр, засгаас бодит эдийн засгийг дэмжих, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин, тэтгэврээрээ амьдрах болом жийг бүрдүүлэх нь чухал. Мэдээж цалин нэмэх асуудлыг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах нь зүйн хэрэг. Цалингаараа амьдрах нөхцөлийг бүрдүүлснээр л ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл болон ядуурал буурдаг нь энэ нийгмийн жам билээ. Манай иргэд бэлэнчилж төрийн болоод бусдын гарыг харсан аль ч орны иргэн байнга хоцрогдож хүнд, хэцүү нөхцөлд амьдарч байгааг сайтар ойлгож байгаа. Бид хүний эрхэнд жаргахаар өөрийнхөөрөө зовсон нь дээр гэдэг ухаантныхаа үгийг сайн мэднэ. Нөгөө өнцгөөс нь хэлбэл энэ нийгэмд хүн чаддаг ажлаа хийж амьдралаа авч явах нь иргэний үүрэг.иргэн бүрт тэгш боломжийг олгох нь төрийн үүрэг юм. Энэ байдлаас гарахад одоо яах вэ гэвэл, нийт зээлд эзэлж буй хөнгөлөлттэй зээлийн хэмжээг маш ихээр нэмэгдүүлэх, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, төрийн хүнд суртлыг багасгах шаардлагатай байна. Зүгээр жилийн 20-30 зээлийн хүү төлөөд боловсруулах үйлдвэр хөгжсөн орон байна гэж хэн ч сонсоогүй байх. Мөн байгаль дэлхийгээс заяасан эсхүл оролцоотой түүхий эдийн экспортоор хөгжиж байгаа орон ч ховор л байх.

-Манайх бол баялгаа түүхийгээр нь экспортлосоор байгаа шүү дээ.

-Тийм ээ, энгийн жишээ хэлэхэд ноолуураа ихэнхийг нь түүхийгээр гаргаж байна. Эндээс Монголд 200 орчим сая.ам.долларын орлого орж байгаа байх. Тэгвэл нийт ноолуурынхаа 80 орчим хувийг Монголдоо боловсруулж хагас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хамгийн доод хэмжээ нь Монголд 600 орчим сая ам.долларын орлого орох тооцоо бий. Энэ 400 сая ам.долларын зөрүү нэмүү өртгөөр Монголд үлдэж, монголчуудын ашиг, цалин, цахилгаан дулааны төлбөр болж жил бур үлдэх жишээтэй. Мөн коксжих нүүрсээ ганц орон руу нэг тн-ыг 50 орчим ам.доллараар зөөх уралдаан болж байна. Тэгвэл хоёр оронд экспортлох юм бол дэлхийн зах зээлийн үнэд ойртож энэ коксжих нүүрсний үнэ дахин нэмэгдэнэ. Ер нь хүний хөгжлийн төвшин бол тэдний бий болгосон техник, технологийн төвшин улмаар түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ча-нар, үзэмж зэрэг хэрэглээний үзүүлэлтээр тодорхойлогдож байна. Тиймээс ч Ардчилсан нам ардчилсан хувьсгалын хоёр дахь шат үйлдвэржилт гэж тунхагласан. Монгол Улс ардчилсан орон болсныг Монголын бүх ард түмэн, Монголын төр хүлээн зөвшөөрлөө. Одоо бид ардчиллаа бэхжүүлэн баталгаажуулахын тулд эдийн засгаа хөгжүүлэх нь юунаас ч, чухал байна. Тодруулбал, иргэдийн амьжиргааны төвшний өсөлтөөр дамжсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь эдгээр зорилтын гарц болох ёстой. Ингэснээр чинээлэг иргэний нийгмийг байгуулах зорилт хэрэгжинэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.