Ерөнхийлөгчийн хоригийг С.Оюун гишүүн дэмжлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа бөгөөд Төсвийн тухай хууль нь Үндсэн хууль болон бусад зарим хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн үзэл санаанд харшилсан. Хөрөнгө оруулалтыг шийдэхдээ объект бүрээр нь хэлэлцээгүй, хөрөнгө оруулалтын 80 хувь нь орон нутгийн шинжтэй байна. Зураг төсөлгүй барилга байгууламжид хөрөнгө оруулалт тусгасан гэх зэргээр нийт 6 зүйлээр хуулинд зөрчилтэй байна хэмээсэн аж.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд ирж оролцон, Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулсан түүний Хуулийн бодлогын зөвлөх энэ тухай товч танилцуулсан юм.
Хуралдааны үеэр гишүүдээс асуулт гарсангүй харин санал гарч байв.
УИХ-ын гишүүн С.Оюун, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй. 10 саяас эхлээд ИЗН өмнө нь ч дэмжээгүй. Орон нутаг, тойрогт тулгамдсан асуудлууд бий. Гэхдээ гишүүн болгонд 10, 100, 500 сая, 1 тэрбум гэх мэтээр хуваарилан тоо нь өссөн. Гишүүд нийтлэг эрх ашгийг харж шийдвэр гаргаж байх ёстой. Төлөвлөлт муу байна. Гишүүд давуу эрхтэй шийдэх биш орон нутагтай эртхэн ярьж шийдэж баймаар байна. Гишүүдэд давуу эрх олгож байгаа нь төсвийн мөнгийг гишүүд өөрөө өгч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дараагийн сонгуульд өрсөлдөгчдөд тэгш бус байдал үүсгэдэг. Зарчмын хувьд буруу бодлого гэсэн юм.
Харин Х.Баделхан, Д.Арвин, Д.Одбаяр нарын гишүүд хоригийг хүлээж авах боломжгүй тухай тайлбарласан.
Х.Баделхан хэлэхдээ, гишүүдийн гарт нэг ч мөнгө ирэхгүй. Сайд нарын багцад орж байгаа. Гишүүдийн мөнгө гэж хэлмээргүй байна гэсэн бол, гишүүн Д.Арвин гишүүдийн мэдлийн мөнгө гэж шүүмжлээд байж болохгүй. Аймгийн төсөвт орсон байгаа.. Зарим нь сайдуудын төсөвт орсон... Шалгуулах хэрэгтэй... 76 мөнгө идэгч болгож болохгүй... Улс төр хийгээд байж болохгүй... хүмүүст таалагдах гэж, ард түмний өмнө шударга дүр эсгэж байна...гэсэн юм.
Д.Одбаяр, гишүүд баахан мөнгө халааслаад өөрсдөө хуваариладаг мэтээр буруу ойлголтыг нийгэмд өгөөд байна. Хууль зүйн талаасаа зөрчил байхгүй... Улс орны эгзэгтэй үед Ерөнхийлөгч ийм байдлаар хандаж болохгүй...Одоогийн ерөнхийлөгч гишүүн байхдаа бас зарцуулаад явж байсан... Хөдөө орон нутагт юу хэрэгтэй байгааг гишүүд мэддэг, тиймээс саналд нь үндэслэж гаргасан төсвийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй... гэж байлаа.
Ц.Даваасүрэн:-Гишүүдийн гаргасан 270 тэрбум төгрөгийн саналыг хязгаарлаж 60 тэрбум болгосон. Бас тэгш бус байдлыг жигдэлж нэг тэрбум, нэг тэрбумаар шийдсэн...Ерөнхийлөгч бас хэлсэн үгээ санах хэрэгтэй... Төсвийн орлого, зарлагыг нийгэмд зориулах ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн... Хууль зөрчсөн асуудал гараагүй гэж хэллээ.
Ингээд санал хураалт явуулж, хоригийг хүлээж авахыг 11 гишүүнээс нэг нь буюу С.Оюун гишүүн дэмжлээ.
Төсвийн байнгын хорооны хурлаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Зоригтыг улируулан сонгосон юм.
Түүнчлэн “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтов.
Төсвийн байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Мөн өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зөвшилцлөө.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Н.Тунгалаг