2010.05.27

Ж.Энхбаяр: "Намын амлалт гэж нэг зовлон байна" гэж хэлснийхээ төлөө бүлгээс хөөгдөх сануулга авлаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг "Ярилцах танхим"-даа урилаа.

-Ярилцлагын эхэнд танаас нэг зүйлийг онцолж асуумаар байна. Төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед намууд сонгуулийн амлалтаасаа татгалзаж чадах уу?

-Чадахгүй. Энэ бол улс төрийн амлалт. Амласан зүйлсийнхээ ард гарахгүй бол улс төрийн хүчин байхын утга учир алдагдана. Гэхдээ би "Энэ амлалтуудаасаа сургамж аваасай" л гэж бодож байна. Сонгуулийн элдэв амлалтаас Монгол Улс, монголчууд маань олон сургамж авсан байх. Ер нь эдийн засгийн утгаараа маш муу амлалтууд шүү дээ. Ямар ч тооцоо, судалгаагүй, зүгээр л популизмыг дэвэргэж буй үзэгдэл. Миний хувьд, хоосон амлалтын эсрэг байдаг.

-УИХ 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй давхцан Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан  "Инфляци 27-30 хувьд хүрнэ" гэж сэрэмжлүүллээ. Гэхдээ инфляцийг хөөрөгдөгч гол хүчин нь улстөрчид та бүхэн. Популист уриа лоозон, Оюутолгой, Тавантолгойг тойрсон сэтгэлийн хөөрлүүд улс орныг хөмрөхөд туллаа шүү дээ?

-Харамсалтай нь үнэн. Бид нийлүүлэлтийг биш, эрэлтийг дэмжсэн бодлого явуулаад байна. Нийлүүлэлт нь зохицуулалтад ороогүй. Баталгаатай бус нөхцөлд эрэлтийг бий болгох мөнгөний эх үүсвэрээр нийлүүлэлтийг нэмнэ гэдэг нь хомсдол, өрсөлдөөн, үнэ, ийм л юм дагуулаад байгаа юм. Тэр дундаа бэлэн мөнгөний тэгш хуваарилалт хамгийн аймшигтай нь. Монголын нийгэм, эдийн засагт маш хортой. Гэвч намын амлалт гэж нэг зовлон байна. Би бүлэг дээр энэ үгээ хэлж байсан. Тэгж хэлснийхээ төлөө УИХ дахь МАХН-ын бүлгээс хөөгдөх сануулга хүртэл авсан даа.

-Яагаад?

-Би тэр бодлогынх нь эсрэг байгаа. Үндсэндээ гурван тэрбум ам.долларыг бид хуваах гэж байна. Ийм хэмжээний мөнгийг бий болгохын тулд энэ нутаг орон дахь ихээхэн нөөц баялгаа эргэлтэд оруулж байж, түүнээсээ ямар нэгэн хэмжээгээр урьдчилгаа, төрөл бүрийн төлбөрүүд цуглуулах хэрэгтэй болно. Энэ нь маш яаруу сандруу болж байгаа. Хоёрдугаарт, ашиг муутай. Хоёулаа нэг тэрбум ам.долларыг хуваая л даа. Ийм мөнгөөр юу хийж болох вэ. Монголын таван бүсийн төвд 100 сая ам.доллараар орчин үеийн иж бүрэн оношилгооны төв байгуулж чадна. Бас нөхцөл байдал нь хүндэрчихээд байгаа арьс шир, ноос ноолуурын боловсруулах салбарыг босгож чадна. Бүх аймгийн төв, Улаанбаатар хотод "Орчлон" сургууль шиг сургууль 50-ийг байгуулж болно. Дотроо усан бассейнтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй учраас би "Орчлон" сургуулиар жишээ авч байна. Үүнээс гадна 100 сая ам.доллараар монгол малаа эрүүлжүүлж чадна. Улс орноо ирээдүйд авч явах 1000 шилдэг инженерийг дэлхийн хамгийн өндөр түвшинд бэлтгэнэ. Улаанбаатар хотын замыг шинэчилж чадна. Тэр ч бүү хэл Улаанбаатар хотод таван одтой таван том зочид буудал барьж болно. Та бодоод үз дээ. Монголын 21 аймагт тулгамдсан асуудлуудыг 100 сая ам.доллараар шийдэх боломжтой. Хог цэвэрлэх байгууламж, эрчим хүч, ногоон байгууламж, ер юу эсийг хийх вэ. Гэтэл бид нэг тэр бум төгрөгөө хувааж чадахгүй байна. Гэсэн хэрнээ дахиад гурван тэрбум ам.доллар хуваах гэж байна. Хайран мөнгө, энэ бол зүгээр л үргүй зардал юм. Ингэснээрээ хөгжлийн том боломжуудыг үгүйсгэж байгаа хэрэг. Би хувь хүнийхээ хувьд иймэрхүү байдлыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Залуу хүн, ирээдүйгээрээ амьдарч байгаа учраас үүнийг "Ирээдүйд тун хортой" гэж ойлгож байгаа.

-Гэвч та том "зодоон" дунд орж ирсэн. Юун эрэлт, нийлүүлэлт, бас бодлого вэ. Орд газруудтай холбоотой ашиг сонирхлын зөрчилдөөнүүд Монголд төр сульдсаныг баталж, улстөрчдийг улам хүчгүй болгож байна. Гишүүд төмөр замын өргөн, нарийн царигаас үүдэлтэйгээр Орос, Хятад, гуравдагч хөршийг "төлөөлж" үг хэлэх боллоо. Тухайлбал, та аль улсын ашиг сонирхлыг илэрхийлж байгаа вэ?

-Дахин хэлэхэд, би ирээдүйгээрээ амьдарч байна. Миний бүх амьдрал урд минь бий. Түүнээс биш би өнгөрснөөр, бас дурсамжаар амьдраагүй шүү дээ. Ирээдүй минь гэрэл гэгээтэй байгаасай, миний үр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдраасай гэж боддог. Монгол залуу орон. Хүн амынх нь 80 хувь болсон залуучууд ирээдүйнхээ талаар мөрөөдөж байна. Тэр мөрөөдлүүд нь биелээсэй. Тийм учраас би залуусынхаа эрх ашгийг хамгаалах байр суурьтай байгаа. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Түрүүнд дурьддагчлан айхтар өрсөлдөөн байна. Өнөөдөр хязгааргүй шунал, хэт ашгийн төлөөх өрсөлдөөн, өөр юу ч гэдэг юм билээ дээ. "Шуламын тойрог" ч гэх юм уу. Нэг тийм тойрог үүсчихлээ. Эдийн засгийн бүлэглэлүүдийн дунд эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх өрсөлдөөнүүд эрээ цээрээ алдсан. Гадаад орнуудын том сонирхлууд Монголд бодитойгоор орж ирлээ. Өмнө нь зөвхөн улс төрийн хүрээнд эргэлддэг байсан бол одоо эдийн засгийн сонирхлоор ноёрхол тогтоохоор өнгөлзөж байна шүү дээ. Гадныхныг дагаж гүйдэг монголчууд ч олон байна. Тэд янз, янзын "үнэртэй" санал, бодлогууд үе, үе оруулж ирдэг л юм.

-Тэгвэл та МАХН-ын тэрслүү 26 гишүүний тоонд ирээдүйгээ бодож орсон хэрэг үү?

-Яах вэ дээ. Тэрслүү 26 гэдэг бол нэг л асуудал. МАХН-д өмнө нь хүнээ бэлтгэдэг, сургадаг, ажиллаж чаддаг хүмүүсийг албан тушаалд үе шаттайгаар дэвшүүлэн томилдог цаг үе байлаа. Би 1990-ээд оноос өмнөх үеийн боловсон хүчнүүдийг их хүндэлдэг. Сайд нь сайд шиг, салбараа мэддэг байсан. Мэргэжилтэн нь мэргэжилтэн шиг бүхий л тооцоо, судалгаагаа хийдэг байлаа. Тэд хариуцсан салбараа цээж, тархиндаа хүртэл мэдэж, асуудлыг боловсруулж, алсыг харан төлөвлөж чаддаг байсан юм. Ийм том бодлого, боловсон хүчин, тогтолцоотой байгаад болдог л байлаа. Өнгөрсөн 20 жилд эл байдал алдагдсан. Тиймээс намын шинэ удирдлага маань үүнийг анхаарч, сайжруулаасай гэдэг үүднээс бид дэм болгож, санал гардуулсан юм. Түүнээс биш үүнийг "Тэрслүү" гэж томъёолж болохгүй. Харин ч намдаа тус болж байгаа хүмүүс шүү.

-МАХН-ын дарга С.Батболдтой саяхан Их тэнгэрт уулзахдаа олон хүн ууртай гарч ирсэн гэж сонссон юм байна. Улс төрд хурц, тод имижтэй болох гэсэн хүмүүст С.Батболдын дипломат маягийн үгс хангалтгүй санагдсан байх, тийм үү?

-Үгүй ээ. Би лав маш өндер сэтгэгдэлтэй гарч ирсэн.

-Үнэн үү?

-Би 1996 оноос хойш намын бодлогын гол цөмд байна. Намын Бага хурлын гишүүнээр олон жил тасралтгүй сонгогдсон. Ер нь намын дарга, Ерөнхий сайд гишүүдтэйгээ хэзээ ингэж уулзаж байсан юм бэ. Ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгал дунд хэзээ тэгж эрүүл шүүмжлэл хэлэлцэж байлаа даа. Тиймээс би их баяртай байгаа. Ний нуугүй, ажил хэрэгч их сайхан уулзалт анх удаа л болсон. Ямартай ч хүмүүс цээжнийхээ мyxapт байсанзүйлсийнхээ 50 хувийг ярьж чадсан. Багаар бодоход шүү. Зарим нь түүнээс дээш хувь ч ярьсан байх. МАХН-ын удирдлагууд асуудлыг дүгнэж, улс орноо тойрон гишүүд, ард түмнээ сонсч байна. Удахгүй намын их хурал болно. Тэр үеэр улс орныг авч явах дорвитойхон хөтөлбөр, бодлого боловсруулан оруулж ирэх ёстой. Түүнээс өмнө энэ бүх арга хэмжээ, уулзалтуудыг хийж байна. Миний зүгээс "Дарга нар маань аливаад зөв хандаж байна даа" гэж их дэмжиж байгаа.

-"Ирэх 7-8 дугаар сард багтаан МАХН-ын XXVI их хурлыг хуралдуулах ёстой" гэж та МАХН-ын даргад шаардлага гардуулах үедээ хэлсэн. Гэхдээүүнийгнамын бодлого, зорилгоо шинэчилж, улс орноо хөгжүүлэхийн төлөө хэлсэн үг гэж бодохгүй байна. Та хувь улстөрчийнхөө хувьд чухам юунд ингэтлээ яарна вэ?

-Улс төрийн томоохон шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь намын их хурал. Олонхийн шийдвэрийг ямар ч дарга даган биелүүлэх үүрэгтэй. Бид Монголын нийгмийн 20 жилийн түүхийг бүхий л суурь үзүүлэлтүүдээр дүгнэх хэрэгтэй байна. Яг үнэнийг хэлэхэд, бид 1990 оны түвшний хаана нь ч хүрэхгүй байгаа. Эрүүл мэнд, боловсрол, боловсруулах салбар, ядуурал, ажилгүйдэл гэх мэтчилэн олон зүйлээрээ бид 1990 оныхоос дордсон. Хүн амынхаа тэн хагасыг ядуу гэдэг ангилалд оруулчихлаа шүү дээ. Тэгэхээр бид юун дээр алдав, яаж хожив гэдгээ дүгнэх ёстой. Үүн дээр тулгуурлаж, ирээдүйнхээ том бодлогыг тодорхойлохын тулд МАХН-ын их хурлыг хуралдуулах гэж яараад байгаа юм. Намын удирдлага халуухан, шив шинэхнээрээ байна. Эрч хүчтэй байгаа энэ цаг үедээ хурдтай ажиллавал сайн сан.

-Тэрслүү 26 өнгөрсөн өвөл МАХН-ын экс дарга С.Баярт "Огцор" гэсэн шаардлага тавих гэж байсан нь зүсээ хувиргаж, намын шинэчлэл гэсэн үгсээр өөрчлөгдсөн. Тиймээс нэг зүйл дээр гайхаад байдаг юм. Улс төрийнхүрээнийхэнтаныг"Намын XXV их хурлын үеэр М.Энхболдыг унагахад гол санхүүжүүлэгчээр ажиллаж, С.Баярыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болгоход хүчин зүтгэсэн. Ерөөс энэ хүн бол С.Баярын "хэтэвч" юм" гэдэг шүү дээ?

-Мэдэхгүй. Намайг яагаад тэгж хэлдэг юм бол. Би ерөөсөө ойлгодоггүй. Ганцхан зүйл хэлье. Би С.Баяр гэдэг хүнийг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болсноос нь хойш нэг ч удаа нүүр тулж уулзаагүй. Их сонин байгаа биз. Ийм л хариулт өгье.

-"Газар холдинг" гэж танай групп байх аа?

-Тийм. "Газар" гэж 1992 онд үүсгэн байгуулсан компани надад бий.

-Тус компанитай л С.Баярыг холбож их ярьдаг?

-Худлаа. Миний сая хэлсэн үг хангалттай байх.

-Сонирхолтой л юм. Хэтэвч нь биш юм гэхэд УИХ-ын гишүүний хувьд С.Баяр даргатай уулздаг биз дээ?

-Намын бүлэг, хурлын үед уул-зана уу гэхээс биш ганцаарчилсан уулзалт хийж үзээгүй. Тийм шаард-лага ч байхгүй.

-Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар гишүүний дунд юу болоод өнгөрснийг та сайн мэдэж байгаа. Тухайн үед МАХН-ын зарим залуус "Бид ах захаа хүндэлж, асуудалд тэвчээртэй ханддаг. Тэгэх тусам эд даварч байна" гэж байсан. Үнэхээр УИХ дахь МАХН-ын бүлэгт, ер нь УИХ-ын чуулганы танхимд оны ялгаа давамгайлаад байна уу?

-Улс төрд удаан ажилласан гэдгээрээ илүүрхэх гэдэг үзэгдэл байдаг. Гэтэл гадна талд, нийгэмд нөхцөл байдал өөр байна. Нийгмээс хүсч буй зүйлс, бидний гаргаж буй шийдвэрүүд хоорондоо зөрчилддөг. Бид Монголын залуу үеэс сонгогдсон гишүүд буюу шинэ нийгэм, зах зээлийн үеийн залуус. Бид өөрсдийн долгионоор ярилцаж, хоорондоо илүү ойлголцдог. Үе тэнгийнхэн болон ирээдүй хойчийнхоо хүсэл эрмэлзлийг УИХ-д  ойлгуулах  гэж оролдож л байна. Гэтэл тэрхүү илэрхийлэл, хандлага маань хууччуудад заримдаа таалагддаггүй юм байна л даа. Ер нь болж байна. Өөрчлөх шаардлагагүй" гэж үздэг нэг хэсэг бий. Харин нөгөө хэсэг нь "Болохгүй байна. Өөрчилье" гэдэг. Иймэрхүү л зөрчлүүд байна.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар та хэд МАХН-д жигүүр байгуулах сураг сонсогдсон. Яг хэзээ байгуулах гэж байгаа юм бэ?

-Жигүүр гэдэг нь намын дүрмийн дагуух албан ёсны бүтцийн байгууллага. Намын Бага хурлаар хэлэлцэж, олонхи нь дэмжвэл байгуулагддаг. Гэвч бид "Жигүүр байгуулна" гэж хэлэлцээгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдсан Бага хурлын үеэр 300 гаруй залуу гарын үсэг зурж, МАХН-ын удирдлагад жигүүр байгуулах хүсэлтээ гардуулсан. Тэр үйл ажиллагаанд би оролцоогүй. Тэдгээр залуус "Нийгэмд ийм шаардлага байна" гэж хэлж байсан. Миний хувьд, дэвшүүлсэн асуудлыг нь дэмжиж байгаа.

-Та саяхан УИХ-ын залуу гишүүдийн хамт хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн төрийн албан хаагчдыг байлцуулан нээлттэй сонсгол хийсэн. Хэдийгээр авлига гэдэг Монголыг хэрсэн "Аалзны тор" боловч та нөхдийн ажлыг зүгээр л PR гэж бухимдах улстөрчид тэр үед олон байлаа. Энэ хандлагыг мэдэрсэн үү?

-Дургүйцэж, эмзэглэсэн улс олон бий. Бид авлига гэж 20 жил ярилаа. Тиймээс ядахдаа ямар нэгэн хөдөлгөөн, үйл ажиллагаа зохион байгуулъя гэж бодсон юм. Ямартай ч нэг алхам хийлээ. Төрийн албан хаагчдад маш том дохио болсон байх. "Хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв, хариуцлагатай бөглөхгүй бол болохгүй нь" гэж цочроо авсан болов уу. Ийм сэдвээр нээлттэй сонсгол хийсэн маань төр тунгалаг байхын анхдагч алхам болсон гэж бодож байна. Бид "Авлигатай тэмцэх тухай хуулийг улам боловсронгуй болгох ёстой" гэдэг үр дүнг олж харж, оношоо тодруулж чадсан. Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар гишүүн бид гурав Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө боловсруулаад дуусч байна. УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөөс өмнө өргөн барина. Хуулиа тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн хэлбэрээр бултаж, зайлах аргагүй болгочихъё гэж бодож байна. Бидний санаачилсан нээлттэй сонсголыг олон түмэн арай өөрөөр хүлээж авсан байх. Үндсэн хуульд "Эрх мэдэл, засгийн эрх ард түмний мэдэлд байна" гэж заасан байдаг. Ямар ч байсан "Сайд нарыг, төрийн өндөр албан тушаалтнуудыг дуудаж, асууж болдог юм байна" гэдгийг хүмүүс мэдэрсэн байх. Учир нь бид олон түмнийг төрд төлөөлж байгаа хүмүүс. Өнөөдөр ТҮЦ ажиллуулж, барааны зах дээр лангуу түрээслэж үзээгүй хүмүүс тэнгэрт хадчихаад байна. Үр хүүхэд нь гадаад, дотоод руу л яваад байх юм. Том, том байшин, барилга барьж байна. Иргэд гайхаж байна шүү дээ. Иймэрхүү үзэгдэл нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоно. Хүмүүс бие биенээ үзэн ядаж эхэллээ. Уг нь төрийн алба гэдэг шударга ажиллах орчин. Түүнээс баяжих, чинээлэг амьдрах бололцоо биш. Нийт 53 мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг онлайн хэлбэрт оруулахаар бэлтгэж байна. Товчхондоо, 3-5 жилийн дараа хэн гэдэг төрийн албан хаагч өмнө нь ямар хөрөнгө, орлоготой байсан бэ. Одоо ямар болчихов гэдгийг ил тод харах боломж бүрдэнэ гэсэн үг. Сонсгол зохион байгуулснаар бид өөрсдөө "Авлигаас ангид байж чадна" гэдгээ ч илэрхийлсэн.

-З.Энхболд гишүүний ёжилдогчлон "Жараахай"-нуудыг биш, "Акулууд"-ыг дуудаж ирүүлж болоогүй юм уу?

-Бид оруулж ирдэг хүмүүс нь биш. Холбогдох байгууллагаас оруулж ирсэн асуудлыг л хэлэлцсэн. З.Энхболд гишүүн өөрөө "Акулууд"-ыг мэддэг бол иргэнийхээ хувьд хэлэх ёстой. Би энэхүү ярилцлагаараа дамжуулан эрхэм гишүүнээс ингэж асуучихмаар байна. Тийм "Акулууд"-ыг мэдэж байгаа бол хурдан хэлээч гэж. Өөрөө мэдэж байгаа юм шиг яриад байгаа биз дээ.

-Ингэхэд та хэр чинээлэг хүн бэ?

-Өнөөдрийн Монголд баянд л тооцогдох байх. Нуух юмгүй, шударгаар хуримтлуулсан хөрөнгөө ил тод хэлж чаддагтаа би баярладаг.

-Жилийн орлого?

-Боломжийн. Гэхдээ тогтвортой биш, янз бүр байдаг. Ямар ч байсан нэлээд олон зуун саяар хэмжигдэх байх. Би хөдөлмөрийнхөө үр дүнд "цэвэр" мөнгө, цэвэр орлоготой болсон хүн. Тийм учраас нуугаад байх шаардлагагүй. Олсон орлогоо олон түмэндээ сэтгэл харамгүй зориулдаг. Зарим хүн өөрсдийгөө "Орлогогүй" гэж харуулахыг хичээдэг. Харин бодит байдал дээр тэс өөр байдаг нь их сонин дүр зургийг харагдуулах юм.

-"Мон-Энко" компаниас хандивласан 50 сая төгрөгийг хэрхэн хуваарилахаас болж та Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргатай нударга зөрүүлсэн. Та хоёр учраа ололцсон уу?

-Ажил хэргийн шинж чанартай маргаан болсон л доо. Би аймгийн телевизээр олон түмнийхээ өмнө ИТХ-ын даргаас уучлалт гуйсан. "Та бид хоёр иргэдэд үлгэргүй байдал харуулчихлаа" гэж.

-Таны буруу байсан юм уу?

-Аль, алиных нь л буруу байсан байх. Гэхдээ хувийн асуудлаас болоогүй. Олон түмний төлөөх үйлээс болж үүссэн маргаан шүү дээ. Нэг их сүр болгоод байх зүйл биш.

-Говь-Алтайн Цээл сумын төмрийн уурхайн нууц ноёнтноор таныг тодруулжээ. Ард нь байдаг ч гэнэ үү?

-Би ард нь биш, урд нь байдаг ил ноёнтон байх. Уурхайн хөгжил гэдэг орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой. Говь-Алтай аймаг анх удаа бие даан төсвөө бүрдүүлэх том зорилт тавиад байна. Гол үндэс нь Цээлийн уурхай юм. Ажлын байр, мэргэжилтэй боловсон хүчин, өндөр цалинтай ард иргэд уурхайг даган бий болно. Үүний төлөө би ажиллаж байна. Энэ бол нуугдаад байх шаардлагагүй, ил үүрэг минь юм. Гэхдээ миний эзэмшлийн уурхай, лиценз гэж ганц ч байхгүй.

-Бизнесийн салбараас УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн нэг нь та. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан бизнесийнхэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, "Монгол 999+үндэсний нэгдэл" гээд хоёр хуваагдчихлаа. Бодит нөхцөл байдлыг та ямар өнге, өнцгөөр харж байна вэ?

-АНУ-ын нийгэм, эдийн засгийн хүчтэй тал юу вэ. "Женерал моторс" хэмээх дэлхийн автомашин үйлдвэрлэгч №1 компанийн 96.4 хувь нь дундаж амьдралтай америкчуудын евөрт байдаг юм. Хувьцаагаар тарчихсан гэсэн үг. Тэгэхээр энэ нь Америкийн ард түмний компани. Би юу гэж хүсдэг гээч. Монголын ирээдүйд чиглэсэн, залууст нийг-мийн баялгаас шударгаар хүртээх загвартай байгаасай гэж л хүсдэг юм. Америкт Bank of America, Google, General motors-ийн том, том байшингууд ард түмний хөрөнгө байдаг. Харамсалтай нь Улаанбаатарт Дорж, Батынх гэх мэт нэг хүний л байшингууд бий. Ийм том ялгаатай. Баялаг нь олон түмэнд тэгш байдаг нийгэм л хүчтэй байдаг. Гуравхан сая хүнийг хэт баян, ядуугийн туйлд хуваачихсан Монголын эдийн засгийн байдал надад таалагддаггүй. Ийм байдал ужгирсаар ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийчих вий гэхээс би их айдаг.

-Тийм болох эсэх нь танай намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрүүдээс ихээхэн шалтгаална. Олон улсын байгууллагынхны сэрэмжлүүлэг бодит биеллээ олж, 2012 онд Монгол гэдэг улс нэгмөсөн сүйрэхэд хүрвэл тэрслүү 26 С.Батболдод нэгмөсөн хариуцлага тооцож чадах уу?

-Би танд нэг цаас үзүүлье л дээ. Өнөөгийн бизнесийн зарчим бол win win. Аль, аль нь ялах гэсэн үг шүү дээ. Тавантолгойд"Эрдэнэт"-тэй адил уул уурхайн үйлдвэрлэлийн корпораци байгуулах ёстой. Тус корпорацийн 51 хувийг төрийн мэдэлд, 49 хувийг Монголын иргэд, компаниуд эзэмших бололцоотой. Дээрх 51, хувиас нэлээдийг нь Хөгжлийн санд байршуулж, иргэн бүрт мөнгө өгөхийн оронд хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Засгийн газрын эзэмшлийн 26 хувийг "Эрдэнэс МГЛ" компани мэдэлдээ авч, менежмент хийдэг. Тавантолгойгоос хувь эзэмших гээд байгаа 900 байна уу, 9000 компани хувьцаагаа л аваг. Гэхдээ орчин үеийн зөв хэлбэрээр эзэмш. Бололцоог нь төр нээгээд өгчих. Иргэдээ мартаж болохгүй. Тэгэхгүй 900 компани цуглачихаад "Бид орно" гэж дайраад байж болохгүй. Тэдний эсрэг дахиад 1000 компани гарч ирнэ. Тэдний эсрэг дахиад 1000 босно. Монголын 20 гаруй мянган аж ахуйн нэгж хоорондоо ийм байдалд хүрвэл хэчнээн ч шинэ нэгдэл үүсч магадгүй. Тавантолгойн орд багаар бодоход 200 жил үргэлжлэх бизнес. Хэдэн үе дамжих ашигтай ажил. Хувьцааных нь үнэ өсөх нь ч тодорхой. Тэгвэл өнөөдөр нэг сая төгрөг авч идсэнээс илүү өгөөжтэй. Үсрээд л 200 сая ам.доллар байхад Тавантолгойн нүүрсний уурхай бүрэн ажиллана. "Энержи ресурс"-ыг хар л даа. Тэд далан сая ам.доллараар л ажлаа эхэлчихлээ. Өнөөгийн шаардлагаар бол хоёр тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт тус ордод хийх хэрэгтэй.

-Төрийн банкийг хувьчлах талаар ярьж эхэллээ. Зарим улстөрч эл үйл явцыг "Төрийн банк бол нэг удаад хэрэглээд хаях "бэлгэвч" шиг л зүйл. Хүмүүс авах ёстойгоо авсан. Одоо Төрийн банк тэдэнд хэрэггүй" гэж байна. Таны хувьд?

-Төрийн банкийг "Гүүр банк" гэж ойлгоорой. Нөхцөл байдал нь хурцадсан газрын эрсдлийг төр үүрч, асуудлыг нь шийдээд дараагийн түвшинд хүлээлгэж өгөх гэсэн үг л дээ. Төрийн банкийг байгуулсан нь аргагүйн эрхэнд хийсэн алхам юм. Өнөөдөр Төрийн банк биш, Хөгжлийн хөрөнге оруулалтын банк зайлшгүй хэрэгтэй байна. Арилжааны банк бол "Даашинхүүгийн пүүс" гэдэг шиг мөнгө хүүлдэг объект. Эмээ, өвөө, хүүхдийн мөнгийг л өгдөг. Түүнээс биш удаан хугацааны бизнес, үйлдвэрлэлийг дэмжиж чадахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.