Д.Ганхуяг: Монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн гээд хуурай сүүг ашигласан компаниудад өндөр хариуцлага хүлээлгэнэ
УИХ-ын нэр бүхий 15 гишүүн одоогоос гурван жилийн өмнө Өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулсан ч өнөөдрийг хүртэл энэ хууль батлагдаагүй байна. Энэ тухай асуудлаар хуулийн төсөл санаачлагчдын нэг Д.Ганхуяг гишүүнтэй ярилцлаа.
-2007 онд та болон 15 гишүүн Өрсөлдөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан санагдаж байна. Энэ хуулийн төсөл өнөөдрийг хүртэл батлагдаагүй л байна. Ямар учиртай юм бэ?
-Бид 2007 онд “Өрсөлдөөний тухай” хуулийн төслийг УИХ өргөн барьсан. Ингээд хэлэлцэгдэхгүй явсаар байгаад 2008 он руу орсон юм. Сонгуулийн жил учраас сонгууль болоод энэ хуулийн төслийг эргэн татаж авсан. Харин сонгуулийн дараа 2009 онд дахиад өргөн барьсан. Тэгээд Засгийн газар тухайн үед нь дэмжээгүй, УИХ дээр хэлэлцсэн. УИХ дээр хэлэлцэхэд 90 гаруй хувийн дэмжлэг авсан. Нэг иймэрхүү байдлаар дуншаад явж байна.
-Засгийн газар дэмжээгүйн учир шалтгаан нь юу байсан юм бол?
-Өрсөлдөөний тухай хуулинд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө” газрыг УИХ-ын харъяа байлгая, бие даасан хараат бус байдал их чухал юм гэсэн байдлаар оруулсан байсан. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын харъяа агентлаг хэвээр нь үлдээе, гэхдээ хараат бус байдлыг нь бий болгоё, үүнийг нь хууль санаачлагчид шийдээч ээ гэж үзсэн юм.
-Өрсөлдөөний тухай хуулийг хэзээ дахин өргөн барьсан бэ?
-УИХ-ын харъяа байлгахыг нь больж байгаа учраас зарим нэг заалтыг нь авч хаясан юм. Ингээд дахиж өргөн барих шаардлагатай болсон. Харин Ингээд засгийн газраас дэмжээд, өчигдөр эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн.
-Шударга өрсөлдөөний хууль манай улсад тийм хэрэгтэй гэж үү?
-Ер нь шударга өрсөлдөөн гэдэг бол хувь хүний хувьд, компани болоод улсын хувьд маш чухал асуудал гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Шударга өрсөлдөөн гэдэг зах зээлийн эдийн засгийн нийгмийн суурь асуудал яах аргагүй мөн. Дээр нь нэмээд хэлэхэд хүний хөгжлийн асуудал. Иймээс Монгол жижигхэн зах зээлтэй учраас шударга өрсөлдөөнөө дэмжих хэрэгтэй.
-Манай улсад шударга бус өрсөлдөөн газар авчихсан юм шиг санагддаг. Миний харж байгаагаар зарим аж ахуйн нэгж байгууллагууд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг юм шиг байгаа юм?
-Ийм асуудал байхгүй биш байгаа. Үнэхээр хуйвалддаг, хэрэглэгчээ хясаж үнээ хуйвалдаж нэмдэг аж ахуйн нэгж байгууллагууд бий. Одоо ийм хоцрогдсон арга барилаас салах хэрэгтэй. Зарим нэг томоохон компаниуд Монополдож бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгддөг шүү дээ? Манай улсад зүй ёсны Монопол аж ахуйн нэгж нь бол Ус сувгийн удирдах газар ,Эрчим хүчний зохицуулах газар гэдэг тухайн улс оронд ганц нэгхэн аж ахуйн нэгж бүхэл бүтэн тогтолцоогоороо байдаг юм билээ. Эдгээр байгууллагууд нь хамгийн бага өртгөөр иргэддээ бараа үйлчилгээгээ хүргэх үүрэгтэй байдаг. Тэрнээс бусад байгууллагууд үнээ хөөрөгдөж болохгүй л дээ.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөлд энэ бүхнийг зохицуулах зүйл заалт орсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулж байгаа, бусдыгаа шахаж хавчих үйл ажиллагаа явуулж байгаа тэр байгууллагад тооцох хариуцлагыг өндөр болгосон. Ер нь бол өрсөлдөөн байвал өрсөлдөөнөөд шинэ техник технелого нэвтэрч байдаг, бараа бүтээгдэхүүний чанар сайжирч, үнэ нь хямдарч байдаг юм. Энэ чиглэл рүү нь явуулахаар хуулийн төслийн санаачилсан. Манай улс зах зээлийн нийгэм рүү шилжээд 20 гаруй жил болж байна. Гэвч гүйцэтгэх засаглал, дунд шатны төрийн байгууллагууд , орон нутгийн удирдлагыг алаг цоог үздэг тохиолдол гарсаар байдаг. Ийм зүйл байж болохгүй. Ийм тохиолдолд адилхан хариуцлага тооцно гэж хуулийн төсөлд тусгагдсан байгаа. Мөн “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө” газрын үүргийг олон улсын жишигт хүргэж тогтоосон.
-Өрсөлдөөн байж гэмээн чанартай, тэр тусмаа хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд явуулна гэж бодож байна. Энэ тал дээр таны хэлэх үгийг сонсмоор байна?
-Тэр бол үнэн. Бид зарим салбар дээр өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл банкны салбар дээр өрсөлдөөн бий болсноор хүү нь хямдрах ёстой. Гар утасны салбар дээр өрсөлдөөн бий болсноор гар утасны тариф багасах ёстой. Бидний санаачилсан хуулийн төсөл энэ бүхэн дээр өрсөлдөөн бий болгох учиртай юм.
-Манай улсын хуулиар бол ямар нэг зөрчил гаргасан, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулсан тохиолдолд ердөө 250,000 төгрөгийн торгууль ноогдуулдаг. Энэ нь шударга бус мэт надад санагддаг?
-Үнэхээр 250,000 төгрөг гэдэг бол бага торгууль. Хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, зарж борлуулсан байгууллагуудыг ийм хямдхан торгож болохгүй л дээ. Энэ бол тухайн үед цалин мөнгө бага байсантай болоод бусад эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарсан. Бидний санаачилсан хуулийн хуулийн төсөлд ийм тохиолдолд жилийн орлогын 3-5 хүрэлх хувь, эсвэл олсон орлогыг нь бүгдийг нь хураадаг ийм зүйл заалт орж байгаа. Жишээ нь Монгол үнээний сүүгээр үйлдвэрлэлээ гээд хуурай сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байвал хэрэглэгчээ хууран мэхэлсэн гэж үзээд, нэлээд өндөр хариуцлага тооцохоор хуулийн төсөлд орсон байгаа. Ямар ч байсан энэ удаа хуулийн төсөл батлагдах байх гэж бодож байна.