Д.Ганхуяг: Манайх ноолуураараа дэлхийн “том ангилалд” багтах боломжтой
2010.04.26

Д.Ганхуяг: Манайх ноолуураараа дэлхийн “том ангилалд” багтах боломжтой

Монголын ноос ноолуурын холбооноос “Монголын Ноолуурын салбарын өрсөлдөх чадварын өнөө ба ирээдүй” сэдэвт уулзалт зохион байгуулсан. Үүнд, малчдын төлөөлөл болон мэргэжилтнүүд оролцож халуун яриа өрнүүлэв. Уулзалтын талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.gankhuyag_01

-Хавар болж ноос, ноолуур ид гарч малчид маань ч улирлын мөнгөтэйгөө золгох нь ээ. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь юу байв?

-Урин дулаан болж, малчид маань одоо л нэг юм юмтайгаа залгах нь. Энэ удаагийн уулзалтаар ноолуурын нэмүү өртөг болон цаашид баримтлах бодлогын талаар түлхүү ярилцсан.

-Таны илтгэлд энэ талаар нэлээд хөндөж байгаа сонсогдсон. Ер нь манай улс уул уурхайн баялгаараа дэлхийн улс орнуудаас чамлахааргүй дээгүүрт явдаг. Харин ноолуурын салбарын хувьд хэдэд явж байгаа бол?

-“Small country, Big country” гэсэн нэр томъёо олон улсын худалдаанд байдаг. Тодруулбал, тухайн орны газар нутгийн хэмжээ, хүн амын тоо огт хамаардаггүй. Харин тухайн улсын ямар нэгэн баялгийн нөөцийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, үйлчилгээний хэмжээ буюу дэлхийн зах зээлд нөлөөлөх нөлөөллийг илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр, тухайн орны дэлхийд өрсөлдөх чадвартай салбарыг хэлдэг. Жишээлбэл, манай улс дэлхийн зах зээлд ноолуураар Хятадын дараа ордог, зэсийн нөөцөөрөө Чил улсын, нүүрсний нөөцөөрөө тавд орж эдгээр баялгаараа “Big Country” буюу дэлхийн “том орон“ ангилалд тооцогдох боломжтой юм.

-Энэ боломж нөхцөлийн талаар шат шатандаа олонтаа ярьдаг боловч ажил хэрэг болсон нь бараг үгүй. Тэгэхээр төрийн зүгээс ноолуурын салбарыг яаж дэмжих нь зүйтэй юм бол. Мөн энэхүү түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортлох нь зөв гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай баялгаа түүхийгээр нь бус аль болох өөрийн орондоо нэмүү өртөг шингээж, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний байдлаар экспортлох нь манайд стратегийн ач холбогдолтой байх нь мэдээж юм. Мөн түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөнд байдаг нь зах зээлийн зарчим. Үүнд л төр, засаг байнга анхаарах шаардлагатай байна. Түүнээс хүн ам цөөтэй манай орны тухайд, бүх төрлийн түүхий эдийг боловсруулна гэвэл тийм боломж хомс байх талтай юм.

-Нэгэнт нэмүү өртгийн талаар хөндсөн болохоор нэг зүйл асууя. Мэдээж та бүхэн энэ талаар ярьж байгаа болохоор үндэслэлтэй тооцоо судалгаа хийсэн байх. 2009 онд манай улс самнасан ноолуур экспортлож, хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?

-Ноолуурын салбарын өнөөгийн байдалд “Нэмүү өртгийн шинжилгээ” хийсэн.

-Шинжилгээнийхээ талаар тодруулна уу?

-Энэ нь түүхий эдийн үйлдвэрлэлээс хэрэглэгчид уг бараа, үйлчилгээг худалдан авах хүртэлх бүх процессийн явцад аль шатанд нь нэмүү өртөг бий болж, хаана нь алдаж байгааг илрүүлэн хамгийн их борлуулалт болон үр ашигтай ажиллах хувилбарыг сонгоход хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтсон аргачилал юм. Уг судалгааг хийхдээ ноолуурын салбарын 2009 оны байдлыг долоон жилийн дараах буюу 2016 онд хүрэх зорилттой харьцуулж гаргасан. Өнгөрөгч онд Монгол Улс 8000 тн орчим ноолуур үйлдвэрлэснээс өмнөд хөршид угаасан болон самнасан байдлаар 5800 тн гаруй буюу нийт ноолуурын 70 гаруй хувь экспортоор гаргасан байх жишээтэй. Харин түүхий ноолуурын тухайд хоёр орны хооронд хийсэн хорио цээрийн протколоор импортыг хориглосон ба манай малчид нууж хааж бага хэмжээгээр өмнөд хөрш рүү гаргасан байж болох талтай ч, гаальд энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн манай улсыг бохир ноолуурынхаа экспортын татварыг тэглэмэгц, өмнөд хөрш импортын татвараа 10 юаниар нэмэгдүүлж 6-8 сая.ам.доллароор төсвийн орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн өнгөрөгч онд манай улс 1623 тн самнасан ноолуурыг дунджаар 42.1 ам.доллараар экспортолж, 68.37 саяын орлого олжээ. Гэтэл энэ онд самнасан ноолуурын зах зээлийн дундаж үнэ 58 ам.доллар байсан. Энэ зөрүү 25.8 сая ам.доллар болж байна.

-Уулзалтын үеэр 2016 онд Хятад улстай адилхан боловсруулаагүй ноолуурыг экспортлохоо больж, самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүн болгох нь наад зах нь ажлын байр нэмэгдүүлнэ гэж байсан. Энэ нь нэмүү өртөгтэй холбоотой юу?

-2016 онд нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл болон бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах зорилтыг тавьж байна. Түүхий ноолуурын үнэ 180-190 сая ам.доллароос гадна энэ салбараас Монгол Улсад үлдэх нэмүү өртөг 250-300 сая ам.доллароор нэмэгдэх болно. Энэ нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг дунджаар 100 ам.доллароор нэмэгдүүлж жил бүр ийм хэмжээний орлогыг олно гэсэн үг. Ажлын байр багадаа 25 мянгаар нэмэгдэх тооцоо байгаа. Дээрх зорилт хэрэгжсэнээр наанадаж л, ноолуурын түүхий эдийн үнэ тогтворжих болно.

-Түүхий эдийн үнийн тогтворжилтыг та хэрхэн харж байна вэ?

-Үүнийг хоёрхон үндэслэлээр дурьдая л даа. Нэгдүгээрт, түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнэ хүчтэй савлаж байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэл төдийхөнд байдаг зах зээлийн зарчим үйлчилнэ. Удаах нь Монгол Улсын угаах, самнах үйлдвэрийн хүчин чадал нийт түүхий эдийн хэмжээнээс 1.5-1.8 дахин бий болсон учраас дотоодын өрсөлдөөнөөр ханш тогтвортой байх боломжтой. Цаашид дотоодын зах зээлд самнасан ноолуур, ээрмэл утсан дээр төгс өрсөлдөөн бүрдүүлэхийг төр засгаас бодлогоор дэмжих боломжтой.

-Аливаа бизнес үр өгөөжөө өгөх хүртэл төр засгийн зөв бодлого, зарим тохиолдолд дэмжлэг хэрэгтэй байдаг л даа. Ялангуяа үндэсний үйлдвэрлэл, ноолуурын салбарыг дэмжихэд төр засгаас ямар бодлогын шийдвэр шаардлагатай байна вэ?

-Зөвлөгөөнөөр хэд хэдэн шийдлүүд гаргасан. Тухайлбал, ноолуурын салбар нь жилд үйлдвэрлэж байгаа 8000 тн ноолуурынхаа 50:50 хувийг самнасан ба сүлжмэл бүтээгдэхүүн болгоход манай эдийн засагт жилд 500-гаас доошгүй сая ам.доллар нэмүү өртөг болон борлуулалтаар орохоор байна. Гэхдээ мэдээж үүнд түүхий эдийн үнэ ороод шүү дээ. Тухайлбал, нэг тн ноолуур 62 мянга 500 ам.долларын үнэ цэнэтэй болж энэ нь нэг тн зэснээс ес, угаасан нүүрснээс 62.5 дахин илүү үнэ цэнтэй болох юм. Иймээс энэ салбарыг Монголын стратегийн ач холбогдолтой салбарт оруулж холбогдох төрийн зохицуулалтаар дэмжих ёстой. Мөн энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг санхүүжилтээр дэмжихэд 2010 оны байдлаар 100 сая ам.доллароос доошгүй хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай. Хамгийн гол нь малчид болон үйлдвэрлэгчдийг шууд холбох зорилгоор Түүхий эдийн биржийн тухай хуулийг батлах хэрэгтэй байна. Мөн боловсруулаагүй ноолуурын кг тутамд үнийн 15 хувьтай тэнцэх экспортын татвартай болгох нь чухал. Ингэснээр Хятад улс руу экспортлогдож буй боловсруулаагүй ноолуурын хэмжээ багасч илүү нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурын экспортын хэмжээ нэмэгдэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.