Эрчим хүчний асуудлыг шийдэв
2010.04.07

Эрчим хүчний асуудлыг шийдэв

УИХ-ын  гишүүн Ц.Баярсайханыг тойрогтоо ажиллах үеэр нь цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны энэ удаагийн томилолтын  гол зорилт юу вэ?

-Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг, хилийн 636 дугаар баганы орчмоор хилийн түр боомт нээж, ӨМӨЗО-ны Алшаа аймгаас Өмнөговь аймгийн малчдад олгож байгаа өвс тэжээлийг гаргах, тус аймгийн удирдлагуудтай уулзах уулзалтыг зохион байгууллаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч удирдлагуудын хамт Алшаа аймагт ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын маань гол зорилго бол 1992 онд Гашуун сухайтын боомт, 1993 онд Шивээ хүрэнгийн боомт ашиглалтад орсон.
Энэ боомтуудыг барьж байгуулах бэлтгэл ажлыг миний бие Монголын талаас хариуцаж байсан хүний хувьд боомтын өнгөрсөн хугацааны үр дүн, цаашид явуулах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор намайг урьсан. 1992, 1993 онд Өмнөговь аймаг өөрийн хүчээр, мөн хөрш зэргэлдээ аймгуудын оролцоо дэмжлэгтэйгээр дээрх боомтуудын барилгыг барьж, ашиглалтад оруулснаар анхны бараа солилцоо, хилийн уулзалтуудыг хийж байлаа. Тус боомтууд нээгдснээр манай аймгийн иргэд, бизнес эрхлэгч, малчдад асар их ач тусаа өгсөн гэж би хувьдаа боддог.

Ялангуяа  түүхий эд, бүтээгдэхүүнээ гаргаж, хүнсний болон өргөн хэрэглээний бараа хомс үед БНХАУ-аас тэдгээр зүйлээ импортолж, өөрсдийнхөө болоод аймаг орныхоо хэрэгцээг хангаж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэхүү эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин улмаар боомтууд байнгын үйл ажиллагаатай болсон. Сүүлийн 3 жилд нүүрсний экспорт эрчимжиж эхэллээ. Энэ үед бидний харилцан тохиролцсон зүйлүүд бол эхний ээлжинд 2009 онд Өмнөговь аймгийн хэмжээгээр нэлээд ган зудтай байсан. Тийм учраас өвөл хавар цаашид зайлшгүй хүндрэх нь гээд Алшаа аймгийнханд хандаж өвс тэжээлийн тусламж хүссэн. Үүний дагуу 1000 тонн өвс, 1000 тонн тэжээлийг өгье гэсэн шийдэлд хүрч, өвс, тэжээлийг өгөхдөө, тухайлбал Шивээ хүрэнгийн боомтоос Алшаа аймгийн төв хүртэл 700 гаруй километр. Үүнийг тээж авч ирэхэд нэлээд зардал гарна. Нөгөө талаар Алшаа аймаг өөрөө өвс тэжээл үйлдвэрлэдэггүй бөгөөд нутгийн гүнээс /1000 км-ээс/ өвс тэжээлээ татна. Ийм учир газар дундчилж, зардлаа арай багасгах үүднээс хилийн түр боомт нээх санал тавьсан.
Манай талаас энэ асуудлыг дэмжихээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл зөвхөн Шивээ хүрэнгийн боомтоор энэ өвс тэжээлийг оруулж ирэх юм бол Манлай, Ханбогд сумдуудад хүрэхэд бас 600-700 километр газар. Үүнийг Засгийн газарт уламжилж, улмаар холбогдох зөвшөөрлийг гаргуулан Хятадын Засгийн газарт тавьсан. Ингээд Хятадын Засгийн газар энэ оны  нэг дүгээр сард зөвшөөрлөө өгч, бид өвс, тэжээлээ авч эхэлсэн. Одоогийн байдлаар эхний сумдад өвс тэжээл хүрч эхлээд байна. Ер нь бол Хятадын талтай ярилцсан нэг зүйл байсан нь 2005 онд “Нарийн сухайт-Шиньхуа Макын” уурхайтай Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахад тухайн тойргоос сонгогдсон гишүүн, мөн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан цаг үетэй минь таарсан учир хоёр асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ нь Хятадын талаас эрчим хүчний шугам татаж байгааг үргэлжлүүлж Гурвантэс сум, хилийн хороог холбох асуудлыг энэ гэрээнд тусгасан байсан юм. Энэ дагуу орж ирсэн шугамнаас Ноён, Сэврэй сумдыг эрчим хүчээр хангах ажлыг 2007 оноос хойш хөөцөлдөж байна. Тэгэхээр урдаас орж ирж байгаа шугамны 35 киловаттыг зайлшгүй 110 киловатт болгох шаардлагатай байсныг энэ удаагийн уулзалтаараа шийдэж чадлаа. Ноён, Сэврэй сумдын эрчим хүчний асуудлыг энэ жил улсын төсвөөс 3,4 тэрбум төгрөгийг гарган шийдвэрлэхээр болж байгаа.

Малаа үржүүлж байж л махаа  экспортлоно
-Эрчим хүчээс илүү мах, махан бүтээгдэхүүний асуудал ярвигтай болж ирлээ. Манай нутагт үхэр байхгүй. Хонь багатай, гол хүнсний хэрэгцээ ямаа маань саяын зуднаар бараг дууссан. Малчид тэмээгээ идшиндээ хэрэглэх бус, өсгөж үржүүлэх сонирхолтой байдаг. Энэ талаар?

-Уул уурхайн томоохон ордууд ашиглалтад орж байна. Экспортод гаргах бололцоотой боллоо. Тэгэхээр  малчин Дорж хоёр малаа нядалчихаад тэрнийхээ махыг аваад хил рүү явахгүй гэж хэлээд байгаа юм. Ядаж зохион байгуулалтад ороод сум  дээрээ нэг хээрийн нядалгааны цэгтэй болоод тэнд малаа үйлдвэрлэлийн аргаар нядалсан иймэрхүү байдлаар гаргахгүй бол хятадууд авахгүй шүү дээ.
Хоёрдугаарт, энэ уурхайнуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулж байж махаа бэлтгэхгүй бол бүтэхгүй. Энд нэг жишээ хэлэхэд Өмнөговь аймгийн харьяа нэг малчин хүн байна. Тэр хүн Дорнодод 15 мянган малтай. Түүгээрээ Энержи Ресурс ХХК-ийн махыг хангаж байна. Тэгвэл ядаж нэг сум 190 мянган малтай юм чинь зохион байгуулалтад ороод мах, сүүгээ борлуулаад байхад болохгүй гэх газаргүй. Тэгээд махныхаа нөөцийг тооцоод үзэхээр манайх чинь тэмээгээ л өгөхгүй юм бол өөр махны хэрэгцээ хангах мал байхгүй болчихоод байдаг. Тэмээгээ өсгөх хэрэгтэй. Нядалж болохгүй юм. Адуу, үхэр цөөн. Ямааг хэрэглэе гэхээр ноолуурынх нь хэрэглээг бодно. Хажуугаар нь энэ зудны гол хорогдол нь ямаа байлаа. Тэгэхээр хонийг л махны чиглэлээр өсгөж үржүүлэх шаардлагатай болоод байна. Мал экспортлох ийм бололцоотой үед хонио үржүүлэх зорилгоор үржлийн мал оруулж ирэх зөвшөөрлийг Булганы эрдэм шинжилгээний хүрээлэн дээр гаргуулаад байна.
Саяын хилийн уулзалтаар энэ дагуу Алшаа аймгийнхантай хэлэлцээр хийж, махны чиглэлийн үржлийн хуцнуудыг оруулахаар тохиролцоод ирлээ. Төлгөдөө 120 килограмм татдаг хуц байна. Тэндээс 50-ийг авахаар болсон. Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаанаас бас хуц авья гэж төлөвлөж байгаа. Ер нь малжуулах төслийг эрчимжүүлэх талруугаа явахгүй бол болохгүй байна.

Оюу толгой ХХК-д ажиллагсадын 90 хувь нь монголчууд байна
-Оюу толгойн гэрээний талаар иргэд их сонирхож байгаа. Зөв, буруу, будлиантай гээд ХМХ-ээр ч  багагүй шуугиад авсан. Хамгийн гол нь гэрээний үндсэн агуулга ард түмэнд нааштай бодлого баримталж байгаа бол уу, үгүй юу?

-Хөдөлмөрчидтэй хийж байгаа уулзалт дээр Оюу толгой гэрээний явцын талаар их асууж байгаа.   Оюу толгойн гэрээ үндсэндээ гурван удаагийн парламентаар дамжиж, дөрвөн удаагийн Засгийн газраар хэлэлцэгдээд өнгөрсөн жилийн сүүлээр нэлээд эрчимтэй яригдан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдан улмаар холбогдох хариуцлагатай хүмүүст хандаж тодорхой асуудлуудыг тавьсан. Энд хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний гэрээ байгуулах хугацаа, геологи хайгуулын зардлыг тэр хөрөнгө оруулалтад оруулж байгаа юу гэдгийг мөн үйлдвэрлэл, хүчин чадлын асуудал болон татварын хөнгөлөлтүүд гэх мэт олон асуудлаар тодруулга өгсөн л дөө. Үүний дүнд УИХ-аас 57 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол үндсэндээ Оюу толгойн гэрээний хувь заяаг шийдсэн тогтоол гэж хэлж болох юм. Энэ тогтоолоороо Оюу толгой төслийн явцад монгол төрийн оролцоог 34 хувиар тогтоосон. Хоёрдугаарт ямарваа нэгэн татварын хөнгөлөлтийг үзүүлэхгүй гэж шийдвэрлэсэн.

Оюу толгой ашиглалтад орсноор Монгол Улсыг зах зээлийн нийгэм дэлхийн олон нийттэй хөл тавьж ажиллах, хөрөнгө оруулалтыг дэмждэг хууль, эрхзүйн тодорхой орчинтой улс байна гэдэг ойлголтыг өгч чадна гэдэг чухал ач холбогдолтой. Зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад төслүүд дээр мэдээж Монголын Үндэсний компаниуд гадныхантай хамтарч ажиллах таатай нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Оюу толгойн гэрээг батлах явцад  нэгдүгээрт хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум америк доллар байснаа 4 тэрбум болж буурсан. Ингэснээр Монголын талаас 1,7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх байсан бол 810 сая доллар болж байгаа юм.
Хоёрдугаарт татварын нэлээд олон хөнгөлөлт үзүүлэх байсныг больсон. Гуравдугаарт, Оюу толгой төсөл дэх хайгуулын зардлыг хөрөнгө оруулалтын хэмжээнд оруулж тооцохгүй. Харин уурхайн бэлтгэл ажилтай холбогдсон зардлыг хөрөнгө оруулалтад оруулж тооцохоор болсон. Үүний дагуу зам, дэд бүтцийн асуудлыг тодорхой болголоо. Тухайлбал анхны төсөл дээр эрчим хүчийг эхний ээлжинд үйлдвэрлэл барьж байгуулах явцад Хятадын талаас импортлох байсныг болиулж Монголын талаас эрчим хүчээ авахаар тогтсон зэрэг дэвшилттэй зүйлийг энэ төсөл өөртөө агуулж байгаа. Дээр нь Оюутолгойн гэрээнд бүс нутгийн хөгжлийн асуудал туссан. Тухайлбал говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар гэрээнд заасан байгаа.

-Ажлын байрны хувьд ямар ахиц гарч байна вэ? Хөрөнгө оруулалтаас монголчуудад жилдээ ногдох ашиг хэр байх бол?

-Ажиллагсадын хувьд эхний ээлжинд Өмнөговиос ажиллах хүч авна гэж тохирсон. Гэрээг хэрэгжүүлэх явцад /барилгын ажил/ ажиллагсадын 60 орчим хувь нь монголчууд байна. Харин төсөл хэрэгжээд эхлэхэд 90 хувь нь монголчууд, 10 хувь нь гадныхан байх юм.  Энэ төсөл хэрэгжихэд 10 мянган ажлын байр бий болно гэж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд бидний хамтарч ажиллах цар хүрээ өргөн байх шаардлагатай. Мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, Монголчуудаа мэргэжилтэй, өндөр цалинтай орлоготой ажиллуулах шаардлага байна.
Урьд нь Тавантолгой ХХК-ийн ногдол ашгийг хэрхэн зарцуулдаг байсан нь тодорхойгүй

-Оюу толгойгоос гадна Тавантолгой ХХК-ий ногдол ашиг гэж нутгийн иргэн бүрт 50, 50 мянган төгрөгийн хишиг хүртээсэн. Түүнээс хойш аймгийн ЗДТГ-аас шалгалтууд тасрахаа болиод байна. Одоо ч гэсэн Авлигатай тэмцэх газар, МХГ-аас шалгалт ирчихээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тавантолгойн хувьчлалын асуудал бол намайг Өмнөговьд ажиллаж байхад /өмч хувьчлалын комиссын дарга байсан/ хэлэлцэгдэж, энэ уурхайд ямар ч байсан Өмнөговьчуудын оролцоо байх ёстой. Иймд 51 хувийг орон нутгийн өмчид үлдээх шийдвэр гаргасан. Энэ нь өнөөдөр хүртэл хэрэгжээд явж байна. Тэгэхээр 51 хувь нь орон нутгийн өмч байснаараа бид тодорхой хэмжээний ногдол ашиг авдаг. Өмнө нь энэхүү ногдол ашгийг хэрхэн яаж ашиглаж байсан нь тодорхойгүй. Тодорхой зориулалтаар ашигласан, бүтээсэн юм гэж байхгүй. Ногдол ашгийн хэмжээ тэр үед 2 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээтэй байсан, Тийм болохоор аливаа бүс нутгийн хөгжлийн нэг үндэс бол орон нутгийн өмч юм.

-“Хүний хөгжил” сангийн төсөв хаанаас бүрдэж байна вэ?

-Стратегийн ордуудаас олох орлого, аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй холбоотой татварын тодорхой орлогоор энэ санг бүрдүүлэхээр хуульчилсан нь хамгийн зөв зүйтэй алхам гэж бодож байгаа.

Малжуулах төсөл 7 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ
-Малчдын амьдрал тун хэцүү болчихлоо. Цаашид мал нь цөөрсөн, малгүй болсон иргэддээ ямар арга хэмжээ авах вэ?

-Миний хувьд улсын төсөвт 250 сая төгрөгийг малжуулах төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөөд байна. Аймгийн ЗДТГ-аас энэ төсөлд 300 сая төгрөг гаргахаар бэлтгэж байгаа. Үүнийг бид Хаан банкны захирал, болон төв удирдлагуудтай ярилцсан. Хаан банк дэмжээд 400 сая гаруй төгрөг гаргая гэж байгаа. Нийт дүнгээрээ  тэрбум төгрөгийг малжуулах төсөлд хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно. Цөөн малтай болсон, малгүй болсон малчдад зөв сонголт хийж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал аймгийн эдийн засаг, нийгэм, малчдын орлогод сайнаар нөлөөлнө.  Энэ төслийг бид 7 сараас эхлэн хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Малчдыг малжуулах төсөлд хамруулахаас гадна мэргэшүүлээд уул уурхайд шинээр гарч байгаа 10 мянган ажлын байранд ажиллуулах боломж бий юу?

-Малгүй болж байгаа, МАА дээр ажиллаж байгаа хүмүүсийг Оюу толгой, Тавантолгой, бусад хөрөнгө оруулагчдын гүйцэтгэж байгаа төслүүдэд ажилд оруулах талаас нь нэлээд анхаарч ажиллана. Гол нь тэнд ажиллах хүмүүсээ тодорхой мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил олгоход онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр малгүй болсоон гээд шууд очоод ажиллана гэвэл уул уурхай гэдэг чинь нарийн мэргэжил шаардах ажил учраас болохгүй шүү дээ.

-Танд ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажил  байна?

-Хаврын чуулганаар бидний хийх гэж төлөвлөж буй нэлээд ажил байгаа. Ялангуяа Тавантолгой төслийг хэлэлцэж эхлэнэ. Тавантолгойг Монголын эдийн засагт үр ашигтай, бүс нутагт, Өмнөговьдоо ашигтай хувилбараар шийдэхийн төлөө ажиллана. Хууль санаачлах эрхийн хүрээнд Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний хууль, Зээлийн сангийн хууль, Иргэн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хууль, Түүхий эдийн биржийн тухай хуулиудыг санаачилж, чуулганаар хэлэлцүүлнэ гэж бодож байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Тавантолгой орчмын нутаг дэвсгэрт орших Цогццэций сум байна. Оюу толгой орчмын Ханбогд сум мөн Шивээ хүрэн боомт, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын гол бүс нутаг Гурвантэс сум байна. Энэ сумдуудын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний асуудал, сумдыг хөгжүүлэх цогц төлөвлөгөө, хот байгуулалтын асуудалд нэлээд анхаарлаа хандуулна. Дээрх сумдад буй  эмнэлгүүдийг сум дундын эмнэлэг болгож, уурхайн хүмүүст үйлчлэх, үйлдвэрлэлийн осол  гарсан тохиолдолд асуудлыг шийдэхүйц хэмжээний том эмнэлэг байгуулахын төлөө улсын нийгэм эдийн засгийн бодлогод суулгахын төлөө ажиллана.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.