2010.05.18

Ц.Даваасүрэн: Бид эхэлж оролдоогүй байхад тэд өөрсдийгөө баллах гээд байна

-"Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийнхэн МАХН-ын Бага хурлын XI хуралдааны өмнөхөн мэдэгдэл гаргасан. Харамсалтай нь С.Баяр намын даргынхаа албыг сайн дураараа өгсөн нь та бүхний мэдэгдлийг ач холбогдолгүй болгоход хүргэсэн. Гэхдээ түүний энэ үйлдэл нь та бүхний хүлээж байсан үр дүн мөн биз дээ?

-Одоо ч намын XI Бага хурлын талаарх мэдээлэл хуучраад байна шүү. Гэхдээ яагаад жигүүрийн мэдэгдэл ач холбогдлоо алдсан гэж. Мэдэгдэл гарахаас өмнө намын даргын асуудал шийдэгдсэн бол тэгж хэлж болох л доо. Жигүүрийн зүгээс "Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдэл олгож, хариуцлагыг нь үүрүүлье" гэсэн мэдэгдэл хийсэн. Намын дарга ажлаа өгсөн нь үнэн. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлаар Ерөнхий сайдын улс төрийн эрх мэдэл, үүрэх хариуцлагыг тодорхой болгож өглөө. Энэ бол 1996 оны алдааг давтахгүй байя гэсэн бидний санаатай нийцсэн үйл явдал. С.Баяр дарга намын XXV их хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвших эрх авсныхаа дараа намын дарга, Ерөнхий сайдын ажлыг хавсарч хийх шаардлага тавьж байсан учраас цаашид намын дарга байх нь ёс зүйн талаасаа зохимжгүй байсан.

-С.Баяр Ерөнхий сайдын албаа өгөхдөө "Таван төгөлдөршлийнхөө хоёрыг нь хийж чадсангүй" гэж байсан. Харин таны бодлоор тэр нам доторх "төгөлдөршлүүд"-ээ амжилттай хийж чадсан болов уу?

-"Атрын III аян"-ы хувьд үр дүн гарсан. Ямар ч байсан зарим төрлийн хүнсний ногоогоор дотоодоо хангадаг болсон нь чухал зүйл. Тариаланчдын сэтгэл сэргэж, газар тариалангийн салбар хөгжих суурь тавигдсан байх шүү. Эрүүл мэндийн хувьд, С.Баяр даргад бусад ажлаа хийж гүйцээх боломж олдоогүй нь харамсалтай.

-Та ний нуугүй хэлээч. Ер нь МАХН-ын тэрслүү 26 гишүүн шаардлага гардуулах операци зохион байгуулахдаа хоорондоо юу гэж тохиролцож байсан бэ. Тухайлбал, та ямар учраас үүнийг санаачилж, гарын үсэг зурсан юм бэ?

-Хоорондоо гэж хэнийг хэлээд байна. Намын шинэ даргатайгаа ямар нэгэн зүйл тохиролцсон уу гэх гээд байнаа даа. Тийм зүйл байхгүй. Тэр мэдэгдлийн талаар Ерөнхий сайд юу ч мэдээгүй байх. Үр дүнгийн талаар би дээр хэлсэн шүү дээ. Ерөнхий сайдын улс төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгөх хэрэгтэй байсан юм гэж.

-"Үүний ард экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байгаа" гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байлаа. Энэ үнэн үү. Таны хувьд, Н.Энхбаяртай хэр ойр дотно харилцаатай вэ?

-Жигүүрийнхэн хоорондоо ярилцаж, шийдээд мэдэгдэл гаргасан. Түүнээс биш хэн нэгэн хүний захиалга байсан гэдэг нь зүгээр л хардлага, аль эсвэл гүтгэлэг. Би Н.Энхбаяр даргатай жирийн л харилцаатай. Хамгийн сүүлд Сөүлийн онгоцны буудалд тааралдсан санагдана. Дарга болохоор нь хөлөө хугалах гэж гүйчихээд "унах"-аар нь танихгүй болчихдог зан надад байдаггүй. Ажил албаа өгсөн, тэтгэвэртээ гарсан хэнтэй ч өмнө нь ямар харилцаатай байсан тэр хэвээрээ л байдаг.

-"Элсний 13" жигүүрийнхэнтэй нэлээд ойр дотно. Энэ нь намдаа шинэчлэл хийх гэсэн эрмэлзэлийнх нь илэрхийлэл мөн үү. Таны бодлоор, МАХН-ыг яаж шинэчлэх вэ?

-Өөрөө юуг үндэслээд тэгж хэлж байна. Хамтрах байтугай, "Элсний 13" гэдэг фракц байдгийг ч мэдэхгүй юм байна.

-Саяхан Ерөнхий сайд та бүхнийг Их тэнгэрт хүлээн авч уулзсан. Тэрслүү 26 С.Батболдоос хүссэн хариултаа авч чадсан уу?

-Жигүүр гэдэг нь намын бүтцийн байгууллага учраас удирдлагадаа дэмжлэг үзүүлж, намынхаа эрхэм зорилгын төлөө явах учиртай. Гарч ирсэн бүхэнтэй үзэлцээд явах нь жигүүрийн ажил гэж ойлговол "Буруу замаар будаа тээнэ" гэдэг л болно. Бидний хувьд зарчмаа анхнаасаа тохиролцож, алдвал хэлээд, бүтэмжтэй байвал дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Бид хийж, бүтээе, нийтлэг эрх ашгаа эрхэмлэнэ гэсэн хүн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байдаг. Би Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан учраас Их тэнгэрт болсон уулзалтад оролцож чадаагүй.

-Намынхаа шинэ даргад сэтгэл хангалуун байна уу. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт өгдөг вэ?

-МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд бизнесийн болон зах зээлийн туршлага талаасаа их итгэлийг араасаа "дагуулж" яваа хүн. Тодруулбал, хувь хүнийхээ хувьд хүрсэн бизнесийн оргилд улс орноо хүргэчих болов уу гэсэн бодолтой хүмүүс их байна. Улс төрийн тухайд ч гэсэн шийдвэр гаргах түвшинд 10-аад жил ажиллалаа. Энэ бол улстөрч хүнд хангалттай хугацаа. Түүнийг сэтгэл гаргаж, зүтгэвэл дэмжихэд бэлэн гэдгээ бид эхнээс нь илэрхийлсэн. Харин хамтарсан Засгийн газар байгуулсан явдлыг цаг үе, түүх шүүнэ биз. Би үүнийг хувь хүнийхээ хувьд "хоёр талтай" гэж боддог. Үнэхээр сөрөг хүчинд нь улс төрийн соёл дутагдаад үндэсний эрх ашиг хохирох хэмжээнд хориг саад тавьж, хөгжилд хохирол учруулах гээд байгаа бол зөв мэт. Хууль эрх зүйн талаас нь нарийн харвал болохгүй л байх шиг. Ерөнхий сайд Ардчилсан намын зарим хүнийг Засгийн газартаа урьж ажиллуулсан гэсэн тайлбар байж болох л юм. Гэвч намынхаа хэтийн эрх ашгийг бодвол тийм ч сайхан алхам биш. Наад зах нь сонгуульд "Олонхи болгоорой гэж хэлж чадах уу" гэх мэт асуудал хүртэл байна. Хамтарсан Засгийн газар байгуулснаа "Улс орныхоо эрх ашгийг илүүд үзсэн. Том үсрэлт хийх боломж гарлаа" гэж тайлбарлаад байгаа юм. Харин ард түмэн юу гэж үзэж байгааг судлах л хэрэгтэй. Тэд 2012 онд дүнгээ тавина. Судалгаанаас харахад, одоохондоо сайн үнэлгээ тавиагүй л байна. Тэгээд ч хийж амжуулсан ажил тийм ч хангалттай биш байх шиг санагдаж байна. Зарим хүн “Хамтарсан”-ы дундаас "олигархи" гэдэг хүү төрдөг гэх юм байна шүү дээ. Ер нь улстөрчид ганц энэ удаад ч хамтраад байгаа юм биш л дээ.

-Ц.Нямдорж сайд, Ж.Сүхбаатар гишүүн хоёрын дунд юу болоод өнгөрснийг та мэдэж байгаа. Энэ явдал "МАХН залуусаа дэмжих дургүй байна" гэсэн сэтгэгдлийг олон хүнд төрүүллээ. Харин та дээрх явдлыг дотроо хэрхэн дүгнэж байна вэ?

-Тун тааламжгүй асуудал. Ц.Нямдорж сайдад хүнд байхад нь "Ашгүй дээ" гэж шүүрч аван дээрээс нь нэмэрлэх, өшөө авах гэсэн жудаггүй занг жигүүрийнхэн гаргахгүй. Ж.Сүхбаатар гишүүн бол төрийн албанд "чанагдсан", манай намын ирээдүйг авч явах залуусын нэг гэдэгт би эргэлздэггүй. Бидний хувьд, асуудлыг өөр өнцгөөс харж болно шүү дээ. Хамгийн гол нь хоорондоо ойлголцоод л явах ёстой. Түүнээс биш өнгөрсөн 20 жилээ хар. "Болохгүй байна, огцор" гээд бид өдөөд байсан юм огт байхгүй. “Тавиад оны нөхөд маань дуусчихаагүй. Тэднээс авах юм их байна” гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндлээд л явж. байна. Харин ах зах хүнээ гэсэн хүндлэлийг "айлаа" гэж ойлговол эндүүрэл болно. Бид оролдоогүй байхад өөрсдийгөө баллах гээд байна.

-УИХ-ын гишүүд Ёс зүйн дүрэмтэй болох талаар их ярьж байгаа. Гэтэл МАХН-ын гишүүд энэ асуудалд хойрго хандаж, асуудлыг хойш тавиад байгаа нь ийм дүрэмтэй болохыг эсэргүүцэж байна гэсэн үг үү?

-Жигүүрийн зүгээс тавьдаг гол асуудал бол намын шинэчлэлийн талаар МАХН-ын XXV их хурлаас тавьсан зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байна гэдэг асуудал л юм шүү дээ. Тухайлбал, өөрийн тань асуугаад байгаа намынхаа XXV их хурлаар баталсан Ёс зүйн дүрмээ шударгаар хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс дүрэмтэй болох тухай биш, харин баталсан дүрмээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх тухай ярьж байгаагаараа МАХН бусад намаас түрүүлж яваа гэж бодож байна.

-2003 онд ОХУ-д төлөх их өр тэглэгдсэн гэж ард түмэн ойлгож байсан. Тухайн үед та их өрийн дарамтаас гаргах техникийн ажлын хэсгийг ахалсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил хоёр хувийн өр үлдсэн гэдэг нь тодорхой болсон. Оросууд хоёр хувийн өрийг "Монросцветмет" нэгдэлтэй холбож, Монголын тал үүнийг барагдуулах талаар хөөцөлдөж байна. Гэхдээ тухайн үед оросуудтай энэ талаар ямар хэлбэрээр тохиролцсон юм бэ?

-Их өрийг тэглэсэн нь зөв байсан гэдэгт би огт эргэлздэггүй. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам их өр манай улсад ашигтайгаар шийдвэрлэгдсэн нь батлагдаж байна. Хэрэв тэглээгүй байсан бол ашигт малтмалын орд газруудаа ашиглахад хүндрэл үүсч болох байсан. Хоёр талаасаа зурсан зээлийн гэрээтэй, банкинд нээгдсэн өрийн тооцооны данстай, тайлан бүртгэл, тооцоотой. Парижын клубт 1997 онд нэг шилжих рублийг нэг ам.доллар гэж тооцоод 11.4 тэрбум ам.доллар гэж бүртгэгдсэн өр байсан. Энэ өрийн 98 хувийг хүчингүй болгуулсан. Өр төлөх зарчим гэдэг бол одоо яриад байгаа "Монросцветмет" нэгдлийн өр дээр ч нэгэн адил үйлчлэх Засгийн газар хоорондын санамж бичиг юм. Энэ өр хамтарсан үйлдвэрийн өр гэдгээрээ тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яамны ажлын хэсэг дээр яригддаг байсан. Түүнээс биш хоёр улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрээс гадуур зүйл. Манайхан л цаг хугацаа алдсанаас иймэрхүү асуудал үүссэн гэж ярьдаг юм. Гэхдээ дээрх өр тэглэсэн зарчмыг баримтлах эрх зүйн баримт бол байгаа.

-Та банк, санхүүгийн салбарын тэргүүний ажилтан цолтой. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Дэлхийн банкнаас санаачилсан Банкны бүтцийг өөрчлөх, дахин хөрөнгөжүүлэх төслийг хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулчихлаа. Яагаад хойшлуулсан юм бол?

-Банкны тухай асуудал эмзэг сэдэв учраас маш нухацтай хэлэлцэх ёстой. Тэр агуулгаараа хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Харин банкуудаа чадваржуулъя, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлье гэдгийг эдийн засгийн цар хүрээ тэлж байгаа өнөө үед муу бодпого гэж үзэхгүй байна. "Жамаар нь явуулъя" гээд эцэстээ ард иргэдээ хөрөнгө мөнгөөр нь хохироож, хор хохирлыг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулдаг зохисгүй байдлаасаа салах цаг болсон. Харин "Банкуудаа сайн сонсоорой. Дундуур нь буруу, зөрүү гүйдэл гүйгээд, зөв яваа нэгнээ луйвардах байдалд хүргэж болохгүй" гэж хэлэх байна.

-Ер нь манай банк, санхүүгийн байгууллагуудад гадаадынхан ажиллах болсныг та юу гэж үздэг вэ. Монголын Хөрөнгийн биржийн удирдлагын эрхийг гадныханд сонгон шалгаруулалтаар өгөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шүү дээ?

-Уг нь байх ёстой зүйл гэж боддог. Өөрсдөө хийж чадахгүй ажлаа туршлагатай нэгнээр хийлгээд сурч авах нь цаг хугацаа хожно. Харин зөв сонголт хийж, сайн хүн, баг авч ажиллуулахад анхаарах ёстой. Тухайлбал, "Зоос" банкийг дампууруулсан гадны хүнийг Төрийн банкинд буцаагаад тавьсаныг бол ойлгохгүй л байна. Санхүүгийн зах зээлд банкнаас гадна шууд зээллэгийн буюу хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн тогтолцоог бий болгох хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Ингэж банктай өрсөлдөх зээллэгийн тогтолцоо бий болсноор санхүүгийн орчин бүрдэх болно. Өнөөдөр бидэнд банкинд мөнгөө хийхээс өөр гарц алга байна шүү дээ. Харин хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бий болгочихвол хувьцаанд мөнгөө хийгээд өсгөж болно. Олон улсын санхүүгийн зах зээлд гарах бололцоог ч бүх талаас нь нээж өгч, хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Төрийн банк байгуулсныг мэргэжилтнүүд янз бүрээр л тайлбарладаг. Харин та ийм банктай болсныг ямар өнцгөөс харж байна вэ?

-"Их хохирол амсах байсныг Төрийн банк байгуулснаар шийдсэн" гэж ярьдаг. Үнэн бол сайн л хэрэг. Харин байгуулсан эрх зүйн талаасаа бол асуудал бий. Энэ талаар хоёулаа дараа ярилцъя.

-Өнгөрөгч оны эцсээр УИХ 2010 оны нэгдсэн төсвийг 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай баталж байлаа. Гэтэл Засгийн газраас парламентад өргөн барьсан төсвийн тодотголд нийт алдагдлыг 460.3 тэрбум төгрөгөөр тооцжээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байна. Ийм хэмжээний зөрүү үүсэхэд юу нөлөөлж байгаа юм бол?

-Эдийн засагт ирээдүйд орох орлогын боломж байгаа бол түүнийг борцлох бус, харин тэлэх, идэвхжүүлэх, ажлын байр шинээр бий болгох чиглэлд зарцуулах хэрэгтэй л дээ. Зохистой хэмжээнд төсөв алдагдалтай байхыг "Аюул дэгдэнэ" гэж ойлгож болохгүй. Зэсийн үнэ өндөр байгаа энэ үед дулааны улиралд хөрөнгө оруулалтын ажлуудаа хийгээд авах л хэрэгтэй. Харин ямар арга замаар 1.5 сая төгрөг иргэдэд хүртээх вэ гэдгээ сайн бодож, үнэ хөөрөгдөхгүй байх талаас нь анхаарахгүй бол хишиг тараасны эцсийн үр дүн гаргахгүй нь тодорхой байна шүү. "Эх орны хишиг" тараасны дараа юмны үнэ хэд дахин өсчихвөл ажилгүй, орлогогүй иргэд улам л ядуурч, бүр ч илүү бухимдана гэдгийг тооцохгүй байж болохгүй.

Миний бодлоор, хүн амынхаа бодит орлогыг тодорхойлж, халамж шаардлагатай 165 мянган өрхөд тодорхой хэмжээний бэлэн мөнгө хүртээх нь зүйтэй. Бусдад нь хөрөнгө оруулалт хэлбэрээр, тухайлбал, жижиг, дунд үйлдвэр ч юм уу барьж өгөөд хувьцааг нь иргэддээ өгсөн нь үр дүнтэй болов уу. Хөдөөд мах, хуурай сүү, бяслаг, эсгий, малын түүхий эд боловсруулах үйлдвэр барьж өгөөд хувьцааг нь тухайн орон нутгийн орон суугчдад 1.5 саяд нь ногдох хэмжээгээр хуваагаад өгчихөж болно. Иргэд хоорондоо хамтарч, ажлын байр бий болгох жижиг үйлдвэрийн төсөл боловсруулвал түүнийг нь санхүүжүүлж болно шүү дээ. Бэлэн мөнгийг аль болох зах зээлд нийлүүлэхээс татгалзах хэрэгтэй байна.

-Жил бүр л төсвийн алдагдал гардаг учраас Засгийн газрын зүгээс бонд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэтэл зарим эдийн засагч "Бонд гаргах нь арай эртдэнэ" гэж ярьдаг. Эдийн засагчийн хувьд, та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Манай улсын төсвийн орлого улирлын шинж чанартай. Жилийн эхний улиралд эдийн засгийн идэвхжил сул байдгаас шалтгаалан төсвийн орлого тааруу ордог учраас бонд гаргах шаардлагатай байдаг. Дараа нь бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, орлого сайжрахаар буцаад төлдөг зарчмаар л явж ирсэн юм.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон өнгөрсөн долоо хоногт хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсгол хийсэн. Гэтэл энэ хуралд "акулууд" бус, "жараахайнууд" хүрэлцэн ирсэнд гишүүд дургүйцлээ. Тэдний хэлсэнчлэн "Энэхүү сонсгол улс төрийн захиалгат жүжиг байсан" гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй байна. Дандаа маргалдаж суухаар УИХ-ын үйл ажиллагаанд шинэлэг хэлбэр оруулж ирье гэдэг талаас нь дэмжиж байна. Харин асуудлаа зөв сонгосон эсэхийг хэлж мэдэхгүй юм. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл хоёр, гуравхан байгууллага шалгахад 30 гаруй хуурамч диплом илэрсэн ноцтой асуудалд анхаарч, төрийн албаны үйл ажиллагаанд бий болсон иймэрхүү гаж үзэгдэлд цэг тавих хэрэгтэй. Мань мэт нь 20 жил өөрийгөө зовоон сурч байж ажил, албандаа хүрч байхад арай хэтэрч байх шиг. Төрийн албанд хариуцлагын тогтолцоо алга болж, тухайн хүн ажилдаа тэнцэж байгаа эсэхийг хянадаггүй болсон нь хэн ч юу ч хийж болно гэсэн буруу зарчим үйлчлэхэд хүргэсэн. Иймээс төрийн албанд ажлын үр дүн, гүйцэтгэлийн хяналтын тогтолцоог цаг алдалгүй бий болгох ёстой. Зарим гишүүн "УИХ-д хяналтын байнгын хороо байгуулъя" гэснийг дэмжиж байгаа. Хариуцлага, хяналтын асуудал түвэгтэй учраас УИХ-аас эхэлж ийм бүтцийг байгуулах нь зөв.

-Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Танай намынхныг нэлээд эсэргүүцэх байх гэж хүмүүс ярьж байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр хоёр намын хооронд ямар нэгэн тохиролцоо байсан юм биш биз?

-Тохиролцоо энэ тэрийг нь мэдэхгүй юм. Харин улстөржих вий гэсэн болгоомжлол байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүнээс өөрөөс нь шалтгаална. Чуулган дээр хэлсэн шигээ эх орныхоо хөгжлийн төлөө явж ирсэн бол тиймэрхүү зохисгүй алхам хийлгүй, харин ч төрийнхөө ач буяныг хариулах биз. Төрийн албанд мөнхийн ноёрхол гэж байдаггүй учраас тийм буруу жишиг тогтвол эргээд хариу нь ирнэ гэдгийг бодоцгоох байлгүй дээ. Жасрайн Жанцантай нэг өрөөнд прокурор гээд явж байсныг нь мэдэх учраас би дэмжсэн. Эхнээсээ л манайхантай хамтарч, Шадар сайд ч хүртэл хийж явсан төрийн албаны туршлагатай хүн гэдэг талаас нь манайхан харсан болов уу.

-Та хэр баян хүн бэ. Жилийн орлого тань хэд вэ?

-Жирийн нь л нэг дундаж орлоготой хүн. Бусад мэдээллийг хөрөнгө, орлогын мэдүүлгээс авна биз ээ.

-Баярлалаа.
Танд амжилт хүсье!

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.