Эв нэгдэлийг эрхэмлэсэн Төвийн бүсийн чуулга уулзалт Өмнийн цэнхэр говьд өртөөллөө
“Анхан шатаа сонсоё аян”-ы хүрээнд зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт Архангай, Завхан аймгаар түүчээлэн Өмнийн цэнхэр говьд өртөөллөө.
Өмнөговь аймаг Монгол улсын хувьд үсрэнгүй хөгжлийн түүчээ болоод зогсохгүй, улс орныг хэдэн зуун жил тэжээх стратегийн чухал бүсэд тооцогдож байгаа нутаг. УИХ, Засгийн газраас хэдэн жил хойш тавигдсан Тавантолгой, Оюутолгойн орд газрыг ашиглах шийдвэрт хүрсэнээр Монгол улсын шинэ цагийн хөгжлийн гараа Өмнөговь аймгаас эхэлж байна гэж хэлж болох юм. Тэр ч утгаараа АН-ынхан төвийн бүсийн чуулга уулзалтаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулсан нь энэ аж.
2010 оны 9-р сарын 18, 19-нд хотод зохион байгуулагдсан Төвийн бүсийн чуулга уулзалтанд АН-ын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Д.Зоригт болон ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, БСШУ-ны дэд сайд Куланда нар болон Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Төв аймгийн намын дарга, ҮЗХ-ны гишүүд, намын хорооны гишүүд, төлөөлөгчид оролцлоо.
А
рдчилсан нам гишүүд дэмжигчид, ард түмнийхээ хандиваар “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”-г бүтээн босгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд орон нутагт ч энэ аян өрнөж эхлээд байгаа юм. Чуулга уулзалт Даланзадгад хотын төвд аймгийн намын шинэ байрны шав тавих ёслолоор эхэлсэн. Шинэ байрны шав тавих ёслолд намын удирдлагууд болон таван аймгийн төлөөлөгчид оролцож, лам хуврагууд шүншиг өргөсөн юм. Үүний дараагаар төлөөлөгчид аймгийн АН-ын байр болон нутгийн захиргааны ордонтой танилцаж дурсгалын зураг татууллаа.
Чуулганы хурлын үйл ажиллагаа Даланзадгад хотын “Галакси” синема кинотеатрт “Дэлхийд гайхагдсан Монголын их говь” кино үзэж сонирхсоноор эхэлж, хурлын нээлтийг АН-ын дарга Н.Алтанхуяг нээж үг хэллээ. Тэрээр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гуравдах удаагийн буюу төвийн бүсийн чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт гишүүд дэмжигчиддээ талархал илэрхийлээд алдаа оноо амжилт бүтээлийг нь товчхон танилцуулж улам амжилттай сайн ажиллахыг хүссэн. Тэрээр энэ удаагийн чуулга уулзалт Монгол улсын үсрэнгүй хөгжлийн суурь болсон Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж буйг дурдаад энэ үсрэнгүй хөгжлийн үүд хаалга Өмнөговиос эхэлж буйг онцолсон.
Түүнчилэн Н.Алтанхуяг дарга хэлсэн үгэндээ “Өнөөдөр хүн бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүнийгээ хэнээс эмээлгүй хэлж чаддаг, тэрхүү үзэл бодол нь хувь хүнийх нь жинхэнэ унаган төрх байх тэр л эрх чөлөөг бий болгохын төлөө анх АН гарч ирсэн. Бид энэ үзэл бодолдоо үнэнчээр 20 жил явж ирсэн. Хүссэн зорилгоо ч биелүүлж чадсан. Гэхдээ энэ 20 жилийн түүхэндээ алдсан, бас оносон зүйл ч их бий. Эндээс бид нэг л зүйлийг олж харсан. Бид эвтэй байхдаа ялалт байгуулдаг, харин хуваагдаж талцахдаа засгаа алдаж, ард олныхоо итгэлийг алдаж байсан туршлага бидэнд бий. Бид 50 суудалтай байж байгаад 1 суудалтай болж болдог гэдгийг санаж явах хэрэгтэй. Тиймээс цаашдаа ийм зүйлд хүргэдэг шалтаг шалтгаануудыг бид олж арилгаж хэрэгтэй. Монголын ард түмний баян чинээлэг ирээдүйн төлөө Ардчилсан намын гишүүд нэг зорилгын дор нэгдэж чаддаг гэдгийг харуулах цаг болжээ. Бид дотроо хэрэлдэж муудаж суух биш харин ард түмнээ баян чинээлэг амьдруулахын төлөө ажиллах цаг болжээ. Үүнийг наран ургах зүгээс эхлүүлэх нь Ардчилсан намын бодлого байх болно” гэдгийг онцлон дурдсан юм.
Үүний дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Д.Зоригт болон ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, БСШУ-ны дэд сайд Куланда нар чуулганы төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.
УИХ дахь АН-ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр АН УИХ-д 27 суудалтай. Тиймээс их хурал дээрх аливаа шийдвэр АН-ын оролцоогүйгээр гарах боломжгүй байдаг.
Үүнийг би АН хамтарсан засгаас гарч, хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэсэн бодолтой хүмүүст хандаж хэлж байгаа юм. Ардчилсан нам засгийн газарт хамтарсаныхаа хүчинд түүхэн шийдвэрүүдийг гаргаж чадсан юм. 2008 онд Монголчуудын 70 жил мөрөөдөж байсан Олимпийн аваргууд төрж, хүүхдүүд спортоор хичээллэж эхэлсэн. Гэтэл үүний үр дүн шууд гарч энэ жил бид дэлхийн Шатрын оюутны аварга төрлөө. Монголд анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн аваргатай боллоо. Дэлхийн аваргын мөнгө хүрэл медаьльтай тамирчидаа аварга авсангүй гэж голох янзтай хардаг болчихож. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр өнөөдрийн 7,8 настай хүүхдүүд, өнөөдрийн 20,30-тай тамирчид маань дэлхийн түрүү, олимпийн түрүүг авч болдог гэдгийг мэдэрч байна. Бид аваргуудын хэмжээнд өрсөлдөж, эн зэрэгцэх боломжтой хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрч эхэллээ. хүүхэд, залуучууд маань ингэж сэтгэж чадаад байхад улс төрчид маань дэлхийн хэмжээнд байг гэхэд Монголынхоо хэмжээнд сэтгэж шинэ амьдрал шинэ зорилгын төлөө явах цаг нь ирж.
Өнөөдөр бид хурал хийхээрээ л намаа даргаа огцруулах уу үгүй юу, эсвэл Засгийн газрыг огцруулах уу гэдэг ийм л хоёр асуудлыг ярьдаг болсон. Гэтэл нөгөө гол өрсөлдөгч болсон нам маань хөгжлийн асуудлыг бодлогын асуудлыг ярьж улс орон даяар хэлэлцүүлэг явуулж, ард түмнээс ямар байдлаар үнэлгээ авах вэ гэдгээ ярьж байна. Бид өнөөдрөөс эхлэн тулга тойрсон хэрүүлийн чанартай асуудлаа орхиж жинхэнэ бодлого ярьдаг хөгжил ярьдаг нам болье. 20 жилийн турш ард түмэндээ эрх чөлөө эдийн засгийн боломжийг бий болгож чадсан манай нам хөгжлийн асуудлыг ярихгүй бол өөр хэн ярихав. Бид Монгол улсаа яаж хөгжүүлэхэв, ард түмнийхээ амьдралыг яаж сайжруулахав гэдгийг яриад ажил хэрэг болгоод явахад 2012 онд ялалт байгуулахад ядах юм байхгүй” хэмээн хэлсэн юм.
Ийнхүү төвөөс очсон АН-ын удирдлагууд өөр өөрсдийн санаа оноо, алдаа оноогоо дүгнэн цэгнэж гишүүдтэйгээ ний нуугүй ярьсан бол хөдөө орон нутгийн төлөөлөгчид тэднийгээ дэмжиж орон нутагтаа хэрхэн ажиллах, хөдөө орон нутагт ямар бодлого дутагдаж байгааг ярилцсаар нэгэн сэтгэлээр нэгдэж чадсаныг тус хурал харуулсан.
Харин хэзээний инээд ний нуугүй халуун дотно яриагаар өөрийгөө хүрээлүүлж чаддаг Л.Гүндалай гишүүн АН-ыг сонгосон сонголт нь мөнхий сонголт байсан. Залуу насны алдаа оноо давилуун зангаар нам байгуулж тусгаарлаж явсан ч ухаан сууж төрхөмдөө эргэж ирсэнээ ярин, алдаж болно хамгийн гол нь алдаагаа засаж ухаан сууна гэдэг хамгийн чухал нь байдгийг биеэр мэдэрсэнээ ярьсан нь төлөөлөгчдийг хөгжөөгөөд авсан. Ийнхүү алдаа оноогоо дүгнэж цэгнэсэн төвийн бүсийнхэн орой нь “Өргөө” хамтлагийн тоглолтоор аймгийн залуучуудтай хамт нэгэн үдшийг өнгөрөөсөн бол хоёрдох өдрөө байгалийн үзэсгэлэнт газар болох Елын аманд очиж дурсгалын үураг авахуулан гар бөмбөгийн тэмцээнээр авхаалж самбаагаа сорьж галын наадмаар үдшийн цэнгүүнээ үргэлжлүүлсэнээр хоёр өдрийн турш өмнийн цэнхэр говьд чуулсан төвийн бүсийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.