Д.Ганхуяг: Өөрсдийнх нь асуудал биш болохоор таг суучихаад байна
ЗХУ-ын мэргэжилтнүүдийг явсны дараа тэдний амьдарч байсан Баянзүрх дүүргийн тав, Баянгол дүүргийн хоёр, Дархан хотын нэг байранд монгол иргэд түрээсээр суух болсон билээ. Эдгээр байруудыг Монголын талд бүрмөсөн шилжүүлэх асуудал эртнээс яригдаж эхэлсэн ч өенөөдрийг хүртэл нааштай үр дүнд хүрээгүй л байна. Уг асуудал шийдэгдэх ажил ямар шатандаа явж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Нийслэлийн Баян-зүрх, Баянгол дүүрэг, Дархан хотод байх найман байрыг Монголын талд шилжүүлж, оршин сууж байгаа иргэдэд нь эмчлүүлэн өгөх асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-2004 онд намайг УИХ-ын гишүүн болсноос хойш энэ асуудал яригдаж байгаа юм. Энэ хугацаанд найм, есөн удаа Оросын удирдлагуудад хандаж, эдгээр байрыг Монголын талд шилжүүлэх асуудлаар санал хүсэлт явуулсаар байсны дүнд хоёр чухал шийдвэр гарсан.2008 онд Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.А.Зубковтой улс төрийн хэлэлцээр хийж асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээр тохирсон нь эхний шийдвэр юм. Түү ний дараа 2009 онд хоёр улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар хэлэлцээр хийж, "Монгол улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал"-д дээрх найман байрыг манай талд шилжүүлэх шийдвэрийг дахин нотолсон. Гэтэл доод түвшиндээ гацчихаад байх юм. Шуудхан хэлэхэд түшмэдүүд өөрсдийнх нь асуудал биш болохоор таг суучихаад байгаа юм.
-Тэгвэл одоо хэргийг хамаарч байгаа Оросын Элчин сайдын яаманд шууд хандчихаж болдоггүй юм уу?
-Ханддаг. Даруйхан шийдвэрлэе л гэдэг. ОХУ-ын гадаадад байгаа обьектуудын асуудал нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хамааралтай байдаг юм байна. Гэхдээ юуны ч мэдэлд байсан Элчин сайд нь шийдчих боломжтой юм. Ажиллаад байна л гэдэг. Өмнө нь Цэргийн хотхоны долоон байрыг мөн энэ байдлаар ярьсаар байгаад шийдсэн юм билээ. Одоо дээрх найман байр л үлдчихээд байна.
-Таныг өнгөрөгч дөрөвдүгээр сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд уг асуудлыг оруулж байсныг санаж байна. Ямар хариу авсан бэ?
-Уг хуралдааны үр дүнд дээрх найман байрыг ямар нэг нөхцөл бол-золгүйгээр хүлээлгэн өгөх асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн яам, Элчин сайдын яаманд олон удаа албан бичиг өгч, Оросын талтай уулзалт хийсэн гэсэн мэдээллийг ирүүлсэн.
-Олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцид дээрх байруудыг зохицуулах заалтууд байдаг гэсэн?
-Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн учир иргэдэд нь уг байрыг түрээсэлсэн нь Олон улсын Венийн конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.Байрыг анх Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж бариад доод газрыг нь 1971 оны ЗСБНХУ, БНМАУ хоорондын протоколоор "Объектын дор байгаа газрыг Монголын тал Оросын талд үнэ төлбөргүй, буцалтгүйгээр, хугацаагүйгээр шилжүүлнэ" гээд заачихсан байдаг. Гэтэл энэ нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газрыг гадаадын улс оронд буцалтгүй, түрээсгүй өгч болохгүй" гэсэн заалттай харшилж байгаа юм. Үндсэн хууль га-рахаас өмнө хийгдсэн ямар ч гэрээ хуульд зааснаас өөр байвал Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хүчингүй болох тухай Үндсэн хуулийн хавсралтад заасан байдаг. Үүний дагуу дээрх заалт хүчингүй болж, эдгээр байрууд Монголын талд шилжих эрх зүйн орчин нь бүрдсэн.
-Одоо эдгээр байрны иргэд түрээсээ төлөөд л байгаа юу?
-2006 оныг хүртэл тасралтгүй төлсөн байгаа юм. Энэ хугацаанд 1.5 сая ам.доллар Оросын Элчин сайдын яаманд төлсөн байна лээ. Түүнээс хойш түрээс төлөх нь төлж, төлөхгүй нэг нь эх орондоо байгаа атал хөөгдөж, туугдан амьдарч байна. Үндсэндээ тэд 20 жил ингэж амьдарч байна шүү дээ. Шинэ зуунд хоёр орны харилцаа холбогдох гэрээ, хуулийг дээдэлсэн шинэ шатанд гарч байна. Иймд өнгөрсөн хуучин тогтолцооны үеийн энэ мэт жижиг асуудлыг ший-дэх нь тодорхой. Хамгийн гол нь идэвхтэй, эрчимтэй ажиллаж, нэн яаралтай шийдэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлмээр байна. Энэ байрны асуудал жижиг мөртлөө маш чухал асуудал юм шүү.