2010.09.01

УИХ-ын дарга Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар явлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөө өглөө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа орон нутагт ажиллахаар Дорнод аймгийг зорилоо.

УИХ-ын дарга энэ сарын 1-7-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа эдгээр аймгийн зарим сум, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа шийдвэрүүдийн талаар сурталчилж, санал бодлыг нь сонсох юм. Мөн аймаг орон нутгийн ажил байдал, газрын тосны хайгуул олборлолт, хил хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцана.

УИХ-ын даргыг эдгээр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Д.Одбаяр, П.Алтангэрэл, Ч.Улаан, Р.Буд, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, мөн хил хамгаалах, мэргэжлийн хяналт, татвар, газрын тосны агентлагийн удирдах ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.