Баруун бүсийнхэн “Нарантуул” захыг бус “Баянхонгор”-ыг зорих нь
-Жишиг аймгийн эхлэл нь энэ-
Баянхонгор болон баруун бүсийн бусад аймгийн иргэд хямд чанартай өргөн хэрэглээний хүнс,бараа бүтээгдэхүүнийг нэг дороос сонгон хэрэглэх боломжтой боллоо. Орон нутгийн хэмжээнд байхгүй шинэ худалдааны төв үүд хаалгаа нээж жижиг дунд бизнес эрхэлдэг 500 гаруй хүн амьжиргаагаа залгуулах ажлын байртай болов.
Хонгорынхон төрөлх нутгаа хөгжүүлэхээр зохион байгуулсан бизнес форумын үеэр Баянхонгор аймгийг баруун бүсийн жишиг аймаг болгох тухай яригдсан юм. Жишиг аймаг болохын тулд эхний ээлжинд хийх ажил нь аймгийн иргэдээ ажлын байртай болгож хэрэглэгчдэд хямд чанартай хүнс барааг нэг дороос авах боломж бүрдүүлэх, цаашлаад баруун аймгуудаас хүмүүс ирж арилжаа наймаа хийдэг газартай болгосноор төдий хэмжээгээр тус аймагт ашиг хуримтлагдах явдал байлаа. Тэгвэл жил хагасын өмнө яригдаж байсан тэрхүү ажил өнөөдөр биеллээ олж “Баянхонгор” баруун бүсийн худалдааны төв нээгдлээ. Худалдааны төвийн нээлтэд УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, “Техник импорт” компанийн захирал Д.Ганбат, “Ди Диш” телевизийн захирал Д.Ганболд, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар оролцов.
Худалдааны төвд зориулан Намдалчойнхорлин хийдийн хамба аливаа хүмүүний хүссэн болгоныг өгдөг хэмээн билэгддэг Ногоон дарь эх бурхны гарт нь идээн бумба бариулснаар бүтээж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Cосорбарам “Үлэмжийн чанар” дуугаар аравнайлан худал-дааны төвийн нээлт аймгийн хэмжээнд өргөн дэлгэр боллоо. Энд 40 гаруй ажлын байр шинээр бий болж 500 гаруй аж ахуй нэгж хувь хүн түрээсийн ажлын байртай болж байгаа гэсэн үг юм.
Түрээслэгчид мөн үйлчлүүлэгчдийн соёлтой тухтай орчинг хангах үүднээс байгаль орчинд хоргүй цахилгаан халаалт, агааржуулалт салхивч гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, галын дохиолол камерийн хяналтын систем, интернэтэд холбогдох боломжтой, 24 цагийн харуул хамгаалалт, 150 гаруй машины ил зогсоол, шөнийн цагаар гаднах талбайг бүрэн гэрэлтүүлэх гэрэлтүүлгийн системтэй юм.
Худалдааны төвийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хэлэхдээ “Сонгуулийн үеэр хөдөлмөрчидтэй уулзаад явж байхад Баянхонгорыг жишиг аймаг болгох санал та бүхнээс гарсан. Баянхонгор гэдэг нэртэй, газар ухахаар алт гараад байдаг атлаа ард иргэд бид ядуу амьдраад байна гэж ярьсан сонгогчдын ярианаас үүдээд баруун бүсийн жишиг аймаг болгоё гэсэн юм. Энэ худалдааны төвийг байгуулахад хүчин зүтгэж хийж бүтээсэн залуустаа баяр хүргэе. Энэ бол жишиг аймгийн эхлэл. Худалдааны төвөөр эхэлж байгаа нь ч учиртай. Баянхонгороос хүмүүс бараагаа татаж, ашиг нь эндээ үлдэнэ. Малчдад бэлэн мөнгө дутагдалтай байна, тэгвэл энэ байгуулсан бүсийн худалдааны төвд ирж мах, ноос, ноолуураа борлуулаад буцаад ар гэртээ хэрэгтэй юмаа аваад явна. Мал нядалгааны цех, Соёлын төв, стадион барихаар бодож байна. Цаашлаад сумдаа хөгжүүлэхэд анхаарч эхэлнэ” хэмээн ярилаа.
Баруун бүсийн худалдааны төвийг “Баянхонгор трейд центр” компани барьж байгуулахыг нь хариуцаж, тус нутгаас гаралтай улстөрч, бизнесмэнүүд хөрөнгө оруулсан байна. “Баянхонгор баруун бүсийн худалдааны төв”-д сайд Х.Баттулга, Лу.Болд, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Арвижих” компанийн захирал А.Пүрэвсүрэн, Бодь группын захирал Л.Болдхуяг, Ди Диш телевизийн захирал Д.Ганболд, Техник импорт компанийн захирал Д.Ганбат нарын олон хүн нутгийнхаа хөгжил дэвшилд хөрөнгө оруулж хоёр тэрбум орчим төгрөгөөр хамтран бүтээжээ. Мөн багагүй хэмжээний банкны зээл авсан талаараа ч бүтээн байгуулалтын эзэд дурдана билээ.
Хоёр давхар нийт 4087 ам метр энэхүү худалдаа үйлчилгээний төвд 424 павилон, цайны газар, үсчин гоо сайхны салон, банкны үйлчилгээ байхаас гадна мах сүү цагаан идээ хүнсний ногооны гурван заал ажиллах юм байна. Харин агуулахын хувьд 1200 ам метр талбайд 1200 тн ачаа бараа багтаах хүчин чадалтай. Цаашид агуулахыг тасалгааны, сэрүүн, хөлдөөх гэсэн гурван температурын системтэй болгох юм байна.
Баруун бүсийн аймгийнхан тэр дундаа Баянхонгорчууд хүнсний бүтээгдэхүүн хувцас хэрэглэл авахаар 640 км-ийн цаадах нийслэлийг зорих шаардлагагүй боллоо.
Тус худалдааны төвийн анхны үйлчлүүлэгчид нь Баянхонгорынхон, харин алсдаа баруун бүсийнхний их хөлийн газар болж таарна. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдээс ялгарах онцлог давуу тал тус газарт байгааг бас онцлох хэрэгтэй байх. Агууржуулалтын системийг бүрэн шийдэж, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарчээ. Худалдааны төвийн хоёрдугаар давхар дахь зүлэг, түр амсхийх суудал, түргэн хоолны газар зэрэг нь анхны үйлчлүү-лэгчдийн анхаарлыг татаж нийслэл дэх томоохон захуудтай харьцуулан магтах нь сонсогдож байв.
Аймгийн Засаг дарга Д.Амарсанаа “Энэ худалдааны төвд баруун аймгуудын түүхий эдийг татаж авах, буцаад тус бүс нутгийн иргэдийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангана. Цаашид малын түүхий эд боловсруулах үйлдвэрийг Баянхонгор аймагт байгуулна. Энэ бүхний эхлэлийг өнөөдөр тавилаа. Манай аймаг цаашдаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйг эрчимжүүлнэ гэж хөгжлийн чиглэлээ тодорхойлж байгаа” хэмээн ярилаа.
Баянхонгор аймгийн төвд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 500 гаруй өрх үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус худалдааны төв нээгдсэнээр мөн төдий тооны иргэн айл өрх, орлоготой бизнестэй болох боломж бүрдлээ.