Могойн голын цахилгаан станц баруун бүсийн хөгжлийн түлхүүр болно
2010.06.24

Могойн голын цахилгаан станц баруун бүсийн хөгжлийн түлхүүр болно

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих талаар УИХ-ын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Ц.Дашдорж:60 МВТ-ын хүчин чадалтай станц байгуулна гэдэг том бүтээн байгуулалт

Монгол Улсын 19 аймаг, аймгийнхаа төвөөс сум, сумаас баг руу цахилгаан татах асуудал яригдаж байхад Завхан, Говь-Алтай аймаг Тайширын усан цахилгаан станцыг хүлээн гэрэл цахилгаангүй байсаар байна. Тиймээс дээрх аймгуудыг эрчим хүчээр хангахаар 60 мвт-ын хүчин чадалтай станц байгуулах гэж байгаа нь ирээдүйгээ харсан нэлээн томоохон бүтээн байгуулалт юм. Хоёр аймгийн эрчим хүчний ердийн хэрэгцээ 15 мвт. Гэхдээ эрчим хүчийг дагаад уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор аймгийг уул уурхайн үүц гэж хэлж болно. Энэ үүцийг эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Тухайн ордын дэд бүтцээс хамаараад үнэлгээ гардаг. Тэр утгаараа энэ ордуудын үнэлгээг өргөж, уйл ажиллагааг эрчимжүүлэхэд эрчим хуч асар их шаардагдана. Тиймээс Могойн голд цахилгаан станц барих нь маш зөв алхам юм.

Ө.Энхтүвшин:Баруун аймгийн хөгжлийн гэрэл гэгээ могойн голд байжээ

Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн иргэд олон жил хүлээсэн. Сургууль, эмнэлэг барих, малжуулах төсөл хэрэгжүүлсний дараа иргэд одоо үйлдвэр барих, ажилгүй байгаа залуусыг ажлын байраар хангах тал дээр та бүхэн анхаараач ээ гэдэг байсан. Миний дотор үргэлж явж байсан бодол биеэлж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд олон жил хөөцөлдсөн. Үүнд Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон их хурлын гишүүд, Улаанбаатар хотын Ш цахилгаан станцыг олон жил удирдсан УИХ-ын гишүүн АТлейхан нар ихээхэн хувь нэмрээ орууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар энэ ажлыг хийж байгаа бөгөөд эндээс Мөрөн хотыг 110 квт-ын шугамаар холбож улмаар шугамаа Говь-Алтай, Завхантай залгаж энд үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулна. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдэнэ. Хятад ажилчид барьж өгөөд гараад явчихна. Тиймээс энэ станцыг авч явах хүмүүс сайн суралцах хэрэгтэй. Татварын орлогоор аймаг, сумын төсөв нэмэгдэнэ. Үйлдвэр  ашиглалтад   орсноор Хөвсгөл аймаг санхүүгийн хувьд биеэ даах боломж бүрдэнэ. Жижиг дунд үйлдвэр хөгжиж, МАА мах боловсруулах, блок, барилгын материал үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдана. Хэдэн жилийн дараа ирэхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Ногоон гол баг Эрдэнэт, Дархантай дүйцэхүйц хөгжилтэй болсон байна гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлыг нэлээд хөөцөлдөж байж бүтээсэн. Зарим нэгэн буруу зөрүү ойлголт гарч байгаа. Тухайлбал, энэ чигээрээ гадных болно, эсвэл Могойн голын уурхайн 51 хувь нь гадных болно гэсэн хардлага бий. Ийм явдал гарахгүй гэдгийг баталгаатай хэлье. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Могойн голын уурхайн 51 хувийг орон нутгийнх нь өмчид үлдээх шийдвэр гарсан. Нүүрсээ худалдах замаар асуудлыг зохицуулаад явах боломж байна. Цаашид хангайн  бүсийнөндөр хөгжсөн суурин болох нь гарцаагүй юм. Баруун аймгийн хөгжлийн гэрэл гэгээ Могойн голд байжээ.

А.Тлейхан: Станц цаг алдалгүй ашиглалтад оруулах нь чухал

Дээрх хоёр аймгийг хангах байсан Тайширын усан цахилгаан станц 4-5 мвт-аар ажиллаж ачааллаа даахгүй байгаа энэ үед Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьж байгааг дэмжиж байна. Үүнээс өөр гарц байхгүй. Өртөг зардлын хувьд ч хамгийн хямд хувилбар юм билээ. Тиймээс хурдан хугацаанд ашиглалтад оруулж баруун бүсийн олон жил хүлээсэн хүслийг биелүүлэх үлдлээ. Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглээ 20 мвт. Үлдсэн мвт-ыг төвийн системд холбож Дорнод, Баян-Өлгий аймгийн хангаж болно.

ДОюунхорол: Эрчим хүчний  салбарт хамгийн том хөрөнгө оруулалт боллоо

Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын шав тавих ёслол болж байгаад туйлын их баяртай байна. Монгол Улсад анх удаа эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж байгаа нь азтай хэрэг. Хятадын хөрөнгө оруулалттай олон компани Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ч ийм томоохон хөрөнгө оруулагч байдаггүй юм билээ. Тиймээс "Шинэ Азиа Майнинг" компанийн хамт олонд баруун бүсийнхэн туйлын их баярлаж байгаа. Өнөөдөр Завхан, Говь-Алтай аймгийн иргэд дөрөвхөн цагийн дизелийн станцаар гэрлээ авдаг. Олон ээж нар лааны гэрэлд төрж байна. Хөгжлийг авчрах гэрэл, гэгээ ирж байгаад тэд баяртай байгаа. Тэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр боллоо. Сайны хажуугаар саар гэгчээр Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гурван гишүүн энэ нээлтийн ажиллагааг тур хойшлуулах санал тавьсан. Салбарын сайдыг энэ ажиллагаанд оролцвол огцруулна гэсэн мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байна лээ. Монголын нийтлэг эрх ашиг, ард түмний төлөө ажиллаж амьдрах ёстойгоос биш Завхан аймгаас сонгогдсон гишүүн шүү гэж ажиллаж болохгүй. Энэ үүргээ зарим хүмүүс буруугаар ойлгосон.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгсумын засаг дарга Д.Болдоосзарим зүйлийг тодрууллаа.

-Цахилгаан станц барих ажлыг танай сумын иргэд хэр дэмжиж байгаа вэ?

-Манай сум байгаль цаг уур эрс тэс, мөнх цэвдэгтэй. Тариа тариад олигтой ургахгүй. Мал маллая гэхэд их эрсдэл ихтэй. Учир нь өвөлд цас их унаж хүйтэрдэг. Өнгөрсөн онд 220 мянган мал тоолуулснаас энэ өвлийн зуднаар 90 мянга нь хорогдлоо. Тиймээс бид цахилгаан станц ашиглалтад орсноор аж үйлдвэрийн парк бий болж, дээрх эрсдэлээс хамгаалах дархлаатай болно гэж үзэн уг ажлыг дэмжиж байгаа юм. Манай сум 4800 гаруй хүн амтай. Тэдний 50 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэн идэвхтэй ажил хайж байгаа.

-Жилд уурхайгаас суманд хэдий хэмжээний татвар төлдөг вэ?

-Сумын төсөвт Могойн голын уурхай жилд 10 гаруй сая төгрөг төлдөг. Одоогоор уурхай хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байгаа. 40 гаруй ажилтантай, улирлын чанартай ажилладаг. Аймгийн төсөвт мөнгө нь ордог.

-Хэчнээн тонн олборлолт явуулдаг вэ?

-Уурхай  1972 онд байгуулагдаж, 1994 он хүртэл жилдээ 100 мянган тонн нүүрс олборлодог байсан. Харин 1994 оноос хойш дулааны эх үүсвэрийнхээ зардлыг улсаас санхүүжүүлж чадахгүйтэй  холбогдоод уурхайн борлуулалт буурсаар өнөөдөр жилдээ 10 гаруй мянган тонн нүүрс борлуулж байгаа. Бага хэмжээний нүүрс олборлоод ажилчид нь улирлын чанартай ажиллаж дөнгөн данган л амь зууж байгаа. Үүнээс болж уурхайд ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй, зөвхөн цалин зардал шатахуун тосоо нөхдөг. Техникийн шинэчлэлт огт хийгдээгүй. Уурхай үндсэндээ хүнд байдалтай байгаа. Харин цахилгаан станц ашиглалтад орчихвол жилд 200- гаруй мянган тонн нүүрс олборлож цахилгаан станцад нийлүүлнэ. Борлуулалтын орлого зургаан тэрбум төгрөг болох тооцоо байна. Нүүрсний уурхайн хүчин чадал одоогийнхоос 20 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр техник, технологийн шинэчлэлийг даруй хийх шаардлагатай.

-Уурхайн нөөц ямар байгаа вэ?

-Нөөцийн хувьд одоо ашиглаж байгаа үндсэн орд 17 сая тонн. Нүүрсийг жилд 200 мянган тонноор олборлоно гэвэл 85 жилийн нөөц байна. Дээр нь "Хуртай Хайрхан" компани 2007 оноос хайгуулаа эхэлсэн. Энэ оноос Австралийн "Оскар Майнинг" компани нүүрсний хайгуул хийж байна. Тэдний тойм мэдээллээр 250 сая тонн нүүрсний нөөц байна. Манай нүүрс маш сайн 7500 ккал илчлэгтэй. Тавантолгойн нүүрсний дараа орох чанартай нүүрс. Өнөөдрийг байдлаар 54 мянган тонн нүүрсний шилжих нөөцтэй. Ямар ч байсан эхний ээлжид цахилгаан станцыг 4-5 сар ажиллуулах боломжтой. Үүн дээрээ яаравчлан хөрс хуулалтын ажлаа эхлэх хэрэгтэй. Бид нэгэнт уурхайг хувьчлахын эсрэг байгаа тохиолдолд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж уурхайгаа цааш авч явна. Зардлаа ч дор нь нөхнө. Мөн ирэх онд Хөвсгөл аймагт дулааны станц барих гэж байгаа. Үүнд жилдээ 50 гаруй мянган тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Ойрын үед олборлолтоо зайлшгүй нэмэх хэрэгтэй. Гадаадын мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр энэ нүүрсийг баяжуулах боломжтой. Хэд хэдэн компани баяжуулах үйлдвэрийн санал тавьсан., Тэр нь бүгд гадаадын компани байсан болохоор бид одоогоор татгалзсан хариу өгөөд байгаа.