Гэрийнхээ цахилгааныг гар утаснаасаа удирданa
Тэдний олон жилийн хөдөлмөрийг үзэхээр өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог нар ШУА-ийн химийн хүрээлэнг зорив. Туршилт хийчихээр ч гэр авах мөнгө байхгүй учир, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооноос олгосон хоёр цэмбийсэн гэрт эрдэмтэд маань туршилтаа хийж, түүнээ үзүүлэхээр зэхжээ.
Хүйтний эрч чангарч байсан ид хүйтэн үед барьсан эдгээр гэрт ороход өмнөөс пүнхийж байв. Гэрт гурван ширхэг пар байрлуулж, бүгдийг нь удирлагаар зохицуулах аж. Дээд тал нь 25 хэм хүртэл халж, түүнчлэн хүн амьдрахын хэрээр гэрийн дулаан нэмэгдэх ажээ. Энэ технологийн гол онцлог нь гар утаснаасаа гэрийнхээ дулааныг зохицуулж болох онцлогтой аж.
Мобиком, Юнитейлийн сүлжээгээр эхний удаад ашиглахаар зохицуулсан байлаа. Гэрийнхээ дулааныг төдөн хэмд байлгая, унтраая, асаая гэх мэтийн мэссэжийг явуулахад хариу мэссэж нь тэр даруй ирэх аж. Мөн түүнчлэн тооцоо гаргаж, цахилгаандаа хяналт тавихад ч энэ нь асар хялбар харагдлаа. Систем нь алсын удирдлагатай, Физик техникийн хүрээлэнгийн төслийн удирдагч Ц.Энхмандалын ярьснаар “энэ дотор нэг ёсондоо хүн байгаа” гэсэн үг гэнэ.
Нэг үгээр хэлбэл энэ технологийг ярьдаг гэж хэлж болох санагдлаа. Одоогоор энэ системийг Баянхошуунд нэг айлд туршиж байгаа юм байна. Хашаан дахь байшинтай айлуудад энэ систем хамгийн тохиромжтой нь батлагдаад байгаа бөгөөд гэрийн хувьд дулаан бага зэрэг алдагдах сул тал байгаа ч ойрын үед энэ алдааг засах болно гэж ШУА-ийн дэд ерөнхийлөгч н.Галбаатар дурдаж байв.
Энэ системийг нэвтрүүлснээр гарах зардал нь одоогийн айлуудын нүүрсээр халааж байгаатай адил гэнэ. Өөрөөр хэлбэл оройноос өглөө хүртэлх зардал нь нэг шуудай нүүрсний үнэ буюу 1300 төгрөг орчим л болж байгаа юм байна. Шөнийн цахилгаанаа бараг ашигладаггүй, ихэнхийг нь ОХУ руу алдчихдаг манай орны хувьд энэ системийг нэвтрүүлбэл шөнийн цахилгаанаа ашиглах бүрэн боломж нээгдэх нь.
Системийг тавьснаар төвийн цахилгаан шугам сүлжээнд ямар нэг хүндрэл гарахгүйг ч эрдэмтэд тооцоолжээ. Харин үнийн хувьд 800 мянган төгрөгөөр тогтоосон байна. Тэр болгон иргэд авч чадах эсэхэд жаахан эргэлзэж байгаа бололтой.
Харин хоёр дахь гэрт гурван янзын технологи байрлуулжээ. Хиймэл нар гэх ил шахуу гал мэт харагдах энэ технологийг туршсан иргэд дулаахан байгаа тухай ам сайтай байгаа гэнэ. Харин нэлээн зузаан ширмээр хийсэн нэгэн зуухны түүх нь тун сонин аж. 1980- аад оны үед хийгдсэн энэ зуухад коохжсон нүүрс хийж туршиж байсан бөгөөд даанч тухайн үед хэн ч тоогоогүй байна. Зуухны дулаан нь доошоо орж, гэрийн дулааныг ер алдахгүй гээд сайн талууд энд харагдлаа.
Мөн энэ үеээр үртсэн металл, шигшиж ангилсан цэвэр нүүрс гэх мэт шахмал нүүрсний онцлогыг харуулсан мэдээлэл байсан ч очсон зочид энэнээс илүүтэй цахилгаанаар халах боломжит технологиудыг сонирхож байсан.
Ямартай ч өглөө оройд төөрөх шахам явж буй нийслэлийн утаанд эерэг өөрчлөлт гарах нь гэсэн итгэл найдвар төрж байлаа. УИХ дээр энэ асуудлаар хоёр ажлын хэсэг гарсан бөгөөд эдгээр гишүүдийг авчирч танилцуулах болно гэж Д.Арвин гишүүн хэлэв.