2009.11.30

Завханчууд өдөрт таван цагаар гэрэлтэй суух болжээ

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит онлайн уулзалтад өчигдөр Завхан аймгийнхан оролцлоо. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Балдан очир, Ш.Сайхансамбуу нар сонгогчид болон орон нутгийн удирдлагуудтай онлайнаар уулзав. Мөн энэ уулзалтад УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр нар байлцав.

Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм. Тэрээр өвөлжилт хүндрэх төлөвтэйг дуулгахын зэрэгцээ олон бэрхшээл дурдлаа. Баахан зовлон тоочиж байгаадаа ч дахин дахин уучлалт хүсч байв. Өнөө жил 500 вольтын хүчин чадалтай дизель станц байгуулагдсаны ачаар завханчууд энэ жилээс өдөрт таван цагаар гэрэл цахилгаантай суух болсон гэнэ. Гахайн ханиад дэгдсэн ч эмч мэргэжилтнүүдийн буянаар хүн нас бараагүй юм байна. Харин нэг таагүй зүйл нь Тува улс руу гаргах 2500 мал нь хил дээр саатаад байгаа аж. Аймагт байгуулах худалдааны төв барих ажил хөрөнгө мөнгөгүйн улмаас зогсонги байдалд орчихсоныг дуулгалаа. Ийн ярьсаар нэлээд нурших янзтай байсан түүний үгийг эл хурлыг даргалагч УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хязгаарлав. Дараа нь УИХ-ын гурван гишүүн ээлж дараагаар үг хэлэхэд Д.Балдан-Очир гишүүн "Бид гурав та нарынхаа сонголтоор УИХ-д сууж бусад аавын хүү, ээжийн охидоос цойлохгүй юм аа гэхэд хоцрохгүй явж л байна.

УИХ-ынхаа ажлыг амжуулахын зэрэгцээ та бүгдийнхээ захиасыг сайн биелүүлэхээр зүтгэж байна" гэсэн шүү юм ярив. Харин Ш.Сайхансамбуу гишүүн "Засаг дарга таны хэлсэн бэрхшээлүүдийг сонслоо. Бидний төсөөлж байсантай ойролцоо л юм ярьж байна. Алив тэр худалдааны төв барихад чинь хэдэн төгрөг хэрэгтэй юм. Улиастай хотыг хөгжүүлж тохижуулахад хичнээн хөрөнгө шаардлагатай юм. Сая УИХ-ын гишүүдийн өөрсдөдөө авсан гэж хэл ам татлаад байгаа нэг тэрбум төгрөгийн 500 саяыг нь зөвхөн Улиастай хотыг хөгжүүлэхэд зарцуулъя, Засаг дарга тантай уулзаж энэ мөнгөөр Улиастайг яаж өөрчлөхөө сайн ярилцъя. Тэр малын тэжээл татах талаар ярья, хөөцөлдье. Станц байгуулахад зориулах таван тэрбум төгрөгийг нэг тэрбумаар нэмэх боломж бий эсэхийг ярья, лавлая" гэж ирээд л аргагүй бэнчинтэй хүн шиг загнав. Гэтэл Д.Оюунхорол гишүүн "Ер. нь бид гурав үүргээ сайн биелүүлж, шаардлагатай байгаа зүйлсийг төсөвт суулгуулж чадсан. Нийтдээ 3.3 тэрбум төгрөгийг Завхан аймгийн хөгжилд төсөвлөсөн. Д.Балдан-Очир гишүүн бид " хоёр нэг тэрбум төгрөгийнхөө ихэнх хувийг шинэ сургууль барих, засвар хийхэд зарцуулахаар шийдсэн" гэв. Тэдний үгийг сонссоны дараа Завхан аймгийн иргэдийн төлөөлөл саналаа хэлэхээр боллоо. Өндөр настан Лхагва гэж өөрийгөө танилцуулсан нэг өвөө суудлаасаа "Манайхаас сонгогдсон УИХ-ын гишүүд та нар ирж үзэгдэхгүй, уулзахгүй юм. Хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Өнөөдөр л та нарын барааг харж байх шив. Та нар тэр нэг тэрбум төгрөгөө байна шүү дээ. Шууд Улиастайн Засаг даргад шилжүүл. Тэгээд чиглэлээ хэлээд ӨГЧИХ. Тэр хүн, юу хийхээ мэдэг.

Өнгөрсөн жил манайд зуд болоод их хэцүү байлаа. Харин манай Засаг дарга ß.Санжмятав авхаалж самбаа гаргаж гайгүй давсан. Өнөө жил ч цас ихтэй хүндрэх төлөвтэй байна. Энэ үед л тус болдог цаг. Та нарын хэрэг одоо гарч байна" хэмээн харин ч нэг халгасан шинжгүй хэлээд тавив. Тэгсэн Засаг дарга ß.Санжмятав ихэд тэвдэн "Лхагва гуайн араар зөөлөн үг хэлэх хүн зөндөө сууж байгаа шүү. Яадаг билээ намайг зориуд ингэж хэлүүлж байна гэж бодох вий" гэлээ. Хашир өвгөний хэлсэн үгийг сонссон гишүүд жуумалзаж "Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байна" гээд бөөн тайлбар тавилаа. Уулзалт энэ маягаар үргэлжлэхэд Засаг дарга ß.Санжмятав аймагт халдвартын эмнэлэг байхгүйг ч хэлээд амжлаа. Хариуд нь гишүүд төсөв нэгэнт батлагдчихсан. Батлагдахаас өмнө та нар бидэнд ирүүлсэн санал хүсэлтдээ үүнийгээ дурдаагүй байсан шүү дээ. Гэхдээ бид аргалахыг бодъё гэсэн утгатай юм ярьж хүсэл бүхнийг биелүүлэгч алт&н загас гэлтэй сууцгааж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.