Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна
2009.11.09

Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр 15,00 цагт Төрийн ордны Б танхимд Ажил хэргийн уулзалт эхэлж, түлш, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал, түүний дотор эрчим хүчний салбарын стратегийн түүхий эд болох нүүрсний үнэ, экспортлох боломжийн талаар тус салбарынхан УИХ-ын гишүүдтэй санал солилцож байна.


Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ манай улсын хувьд нүүрсний асар баян нөөцтэйг онцлоод тус салбарын хувьд нүүрс нь стратегийн түүхий эд учир өнөөдрийн уулзалтаар энэ сэдэвт онцгой анхаарал хандуулж, санал бодлоо солилцох болно гэв. Дараа нь УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн референт судлаач Н.Түвшинтөгс мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын захиалгаар нүүрсний дэлхийн зах зээлийн харьцуулсан судалгаа хийснээ танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд түүнчлэн Засгийн газрын төлөөлөл, Эрчим хүчний салбарын удирдлагууд, Холбогдох яамдын сайд, дэд сайд нар болон Дэлхийн банкны Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газар болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Уулзалтад оролцогчдод хандаж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар үг хэлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.