Гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцно
2009.12.24

Гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцно

Уг асуулгад ‘’Баян констракшн’’ ХХК нь Дорнод аймгийн Матад суманд нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах 890 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг 2007 оны 10 дугаар сард эхэлж 2008 оны 3 дугаар сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажилласан боловч одоог хүртэл ажлаа гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй төдийгүй суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч гэмтэн сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж чадахгүй байна. Энэ нь зөвхөн Матад сумын төдийгүй бусад аймгийн сумдад ч тохиолдож буй бэрхшээл юм. Иймд дараах асуултад хариу өгөхийг сайдаас хүсчээ. Үүнд тухайн тендерт шалгарсан компанийн хэдэн хувийг санхүүжүүлж, уг станцыг барьж байгуулах ажлын явцад хэдэн удаа, хэрхэн хяналт шалгалт хийсэн, улсын комисст хүлээлгэн өгөөгүйн шалтгаан, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй компанид ямар арга хэмжээ авах болон улмаар гэрээг цуцалж, мөнгөө эргүүлэн татах боломж бий эсэх талаар асуулт тавилаа.


УИХ-ын гишүүний асуулгад дараах хариуг ирүүлсэн байна.

Матад суманд барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2007 оны 11 дүгээр сард УМХГ-аас олгосон бөгөөд захиалагчийн хяналтыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн мэргэжилтнүүд 4-5 удаа хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү объектод 2008 оны 3 дугаар сард техникийн комисс болон ажлын комисс тус тус ажилласан боловч улсын комисс ажиллуулах шаардлага хангаагүй байсан тул нэмж хийх ажлыг тодорхой хугацаа зааж, үүрэг даалгавар өгсөн байна.

Мөн Монгол Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн нар салхины эрчим хүчний эх үүсвэрийн ажиллагааны байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал бэлтгэх ажлын хэсгийг сайдын тушаалаар байгуулан ажиллуулсан байна. Тус ажлын хэсэг 2009 оны 3 дугаар сард Матад сумын төвийн 120 квт хүчин чадалтай нар, салхины цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаад, тус станцын тоног төхөөрөмжийн горим ажиллагаа нь доголдолтой, хяналтын компьютерын системийг бүрэн угсарч суурилаагүйгээс шалтгаалан сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа талаар техникийн дүгнэлт гаргасан байна. Түүнээс хойш уг станцын ашиглалтын явцад 5 ширхэг салхин агрегат нь эвдэрсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Эрчим хүчний газраас 2009 оны 9 дүгээр сард албан шаардлага хүргүүлж, 2009 оны 10 дугаар сард багтаан нар, салхины цахилгаан станцуудыг хэвийн ажиллагаанд оруулахгүй бол гэрээг цуцалж, гэрээний дагуу шүүхэд хандахаа мэдэгдсэн. Хариуд нь тус компани Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад сумдад барьж байгуулсан нар, салхины станцуудыг 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэвийн ажиллагаанд оруулах болсноо мэдэгдсэн.

Эрчим хүчний газрын сэргээгдэх эрчим хүчний болон техник хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд хамтран 2009 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Манлай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Ховд аймгийн Цэцэг, Говь-Алтай аймгийн Цээл, Бугат, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдад салхины цахилгаан станцуудын байдалтай танилцсан байна. Матад сумын нар, салхины цахилгаан станц нь сумын хэрэглэгчдийг оройд 3-4 цагаар эрчим хүчээр хангах төдий ажиллаж байна. Дээрх сумдын нар салхины станцуудын гэмтлийг засварлах талаар гүйцэтгэгч компани өнөөдрийн байдлаар газар дээрээ ямар нэгэн ажил хийгээгүй байна.

Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газраас гүйцэтгэгч компанитай удаа дараа ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн бөгөөд сүүлийн 2 жилд эрчим хүчний барилга байгууламж барих тендерт оролцох эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хуулийн хүрээнд хариуцлага тооцон, арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.