Гүйцэтгэлээ дуусгахгүй бол шүүхэд өгч төсвийн мөнгөө буцааж авна
-Шөнийн дотор 70 тэрбумыг салхинд хийсгэжээ-
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл дорнод аймгийн Матад суманд нар салхины хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах ажлын талаар ЭБЭХ-ний сайдад тавьсан асуулгын хариуг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр сонсов. Тус сумын нутагт барьж байгуулах, иргэдийн цахилгаан эрчим хүчээр хангах зорилготойгоор 2007 оны аравдугаар сард 890 сая төгрөгийн өртөгтэй ажил эхэлсэн байна. Энэхүү ажил нь 2008 оны гуравдугаар сард дуусах байсан ч өнөөг хүртэл ажил нь үргэлжилсээр байгаа аж. Мөн суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь ашиглалтад ч ороогүй байхдаа эвдэрч эхэлжээ.
Ийм төрлийн цахилгаан үүсгүүр бий болгох ажлыг ганцхан Матад суманд хийгээгүй бөгөөд Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн 12 суманд байгуулахаар болж, 70 тэрбум төгрөг төсвөөс гаргасан байна. Гэвч өнөөдөр нэг нь ч 100 хувь ажилладаггүй, улсын комисс ч хүлээн аваагүй байсаар.
Хэзээ ажил нь дуусч, 12 сумын иргэд цахилгаанаар хангагдах нь таавар хэвээр байна. Магадгүй хэзээ ч бүтэхгүй байж ч мэднэ.
Төсвийн мөнгийг салхин цахилгаан станц байгуулах ажил хийсгэсэн талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хүлээн зөвшөөрсөн бичиг илгээсэн байна. Тэрээр "Засгийн газрын 2007 оны 50 дугаар тогтоолоор эрчим хүний төслүүдийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн шууд гэрээ хийх аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Тухайн үед ТЭХ-ний сайдаар ажиллаж байсан хүн тушаал гарган "Баян констракшн"ХХК-тай НСЦС-07/ 05 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр Дорнод аймгийн Матад суманд 120 кВТ-ын хүчин чадалтай нар, салхи хосолсон станц барихаар болсон. Нийт төсөвт өртөг нь 890 сая төгрөг.
Станцыг хүлээн авахаар 2008 онд улсын комисс хоёр ч удаа ажилласан боловч шаардлага хангахгүй байж. Үүнээс хойш гүйцэтгэлээ хийж дуусгах талаар сануулга өгч байсан ч өнөөдрийг хүргэсэн" гэж байв. Мөн ганц шөнийн дотор 12 сумын нутагт 70 тэрбумаар станц барих асуудлыг ямар ч тендергүйгээр шийдсэн нь ийм байдалд хүргэлээ гэж өмнөх сайдаа буруутгалаа. Хэрэв хийсэн ажлаа дуусгаж, комисст хүлээлгэн өгөхгүй бол ирэх онд гүйцэтгэл хийсэн компаниудыг шүүхэд өгч төсвийн мөнгөө эргүүлэн авах юм байна.
Матадын станцыг барих ажлыг лоббидож авсан "Баян констракшн" нь эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, барилгынх аж. Гэтэл бизнесийн ашиг сонирхлын үүднээс тухайн компанитай шууд гэрээ байгуулжээ. Салхин сэнс, нараар ажилладаг цахилгаан станц нь гамшиг тохиолдсон үед буюу салхины хүч 40 м/с хүрэх үед л ажиллах юм байна. Тэгэхээр Матад сумынхан цахилгаан эрчим хүчтэй болох ганц боломж нь байнга гамшиг тохиолдох шаардлагатай болж байгаа юм. Гишүүд дээрх асуудалд маш их шүүмжлэлтэй хандан (хариуцлага тооцох ёстой гэж байлаа. Мөн ганцхан Матадын асуудлыг яриад зогсохгүй. Бусад нь ч мөн адил яригдах ёстой гэж байсан юм. ЭБЭХ-ний сайд төрийн холбогдох албан тушаалтнуудтай хариуцлага тооцох үүрэг өгсөн ч хариу нь ирээгүй байгааг дуулгав.
Сайд асан Б.Эрдэнэбат шууд гэрээ байгуулах асуудлыг гардан хийж, яамныхаа төрийн нарийн бичгийн даргыг ч оролцуулалгүй, мэргэжлийн хүмүүсийг байлцуулахгүй байгуулж 70 тэрбумыг салхинд хийсгэжээ. Харин одоо буух эзэн, буцах хаяггүй болж. Иймд станцтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болов.