Дорнод аймгийн иргэд цахилгааны хөнгөлөлт эдлэхээр боллоо
Ялангуяа эмзэг бүлгийн айл өрх, орлого багатай иргэдэд өнөөдрийн үнэ тариф хүндээр тусдаг. Тэгвэл УБ хотод Эрчим хүчний зохицуулах газраас эмзэг бүлгийн хэрэглэгчийн хөнгөлөлттэй тариф мөрддөг. Энэ жишгээр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2009 оны 4-р сард Эрчим хүчний зохицуулах газарт албан бичиг хүргүүлж УБ хотод эмзэг бүлгийн иргэдэд үзүүлдэг цахилгааны үнийн хөнгөлөлтийг Дорнод аймагт нэгэн адил тогтоож өгөхийг хүссэн юм.
Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд Дорнод аймагт “Эмзэг бүлгийн тариф” мөрдөх журмыг 50-р тогтоолоор баталсныг мэдэгджээ. “ДБЭХС” ТӨХК-иас ирүүлсэн санал, холбогдох тооцоо судалгааг үндэслэн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, нэн ядуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн хүрээнд хамрагдах бүх хэрэглэгчид цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх боллоо. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгч сард 50.0 квт.ц хүртэлх хэрэглээндээ 50 хувийн хөнгөлөлт эдэлж, 39.0 төгрөг төлнө. Хөнгөлөлт нь сард 50 квт цаг хүртэлх хэрэглээнд хүчинтэй бөгөөд 50 квт цагаас хэтэрсэн бол квт тутамд одоо мөрдөж буй 68.0 төгрөгөөр тооцох юм байна. Энэхүү хөнгөлөлт нь эмзэг бүлгийн иргэдэд бодитой тус дэм болно гэж үзэж байна.