Дөргөний усан цахилгаан станцийг хүлээлгэн өгөв
2010.01.29

Дөргөний усан цахилгаан станцийг хүлээлгэн өгөв

Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Чоно хайрахын гол дээр 12 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцийг 2005 оноос эхлэн барьж 2009 онд барилга угсралтын ажлыг дуусгаж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

БНХАУ-ын гадаадын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны Шанхай корпораци, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний удирдах газартай Дөргөний усан цахилгаан станцыг “Түлхүүр гардуулах” нөхцлөөр барьж байгуулах гэрээг 2001 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан билээ. Төслийг 26.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан.

Дөргөний усан цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг анх 1992-1993 онд ОХУ-ын ”Гидропроект” институт боловсруулж, урьдчилсан судалгааны дүнд Дөргөний УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Энэхүү төслийн гүйцэтгэгч Шанхай групп нь Дөргөний Усан цахилгаан станцын барилгын болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2005-2008 онуудад гүйцэтгэж дууссан ба улмаар 2008 оны 10 дугаар сард техникийн комисс, 2009 оны 1 дүгээр сард ажлын комисс, 2009 оны 11 дүгээр сард улсын комисс тус тус ажиллан Дөргөний УЦС-ыг ашиглалтад хүлээн авч байнгын ажиллагаанд оруулжээ.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын өмнөхөн манай орны алслагдсан баруун 3 аймгийг тухайн орон нутгийн усны эрчим хүчний нөөцөд түшиглэсэн, эдийн засаг санхүүгийн хямралд өртдөггүй өөрийн гэсэн цахилгааны эх үүсвэртэй болгож байгаагаараа Дөргөний УЦС-ын нийгэм, эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой юм.

Уг станцыг Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын шугамаар бүртгүүлж, экологийн цэвэр эх үүсвэрийн хувьд дэлхийн дулаарал үүсгэдэг хүлэмжийн хийг бууруулах арилжаанд оролцуулахаар төлөвлөж байгаа аж.

Дөргөний УЦС-ын суурилагдсан хүчин чадал 12МВт, жилд 38.0 сая.кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба УЦС нь гурван агрегаттай байх бөгөөд 1 агрегат нь 4МВт-ын хүчин чадалтай гэнэ.

2009 оны 9 дүгээр сард Дөргөний УЦС-ыг ОХУ-ын системтэй зэрэгцээ ажиллагаанд амжилттай холбосон ба 2009 онд нийтдээ 12 сая гаруй кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Баруун бүсийн эрчим хүчний системтэй холбосон. Тус станц байнгын ашиглалтад орсноор Баруун бүсийн эрчим хүчний системийг өөрийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгон энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүллээ гэж холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Дөргөний усан цахилгаан станцын төслийн үндсэн барилга байгууламжийн бүрэлдэхүүнд доорх объектууд орно. Үүнд:

1. Шороон далан: Өндөр 17.5м, хярын урт нь 231м. Далан байгуулснаар 374.3 км2 усан толион талбайтай, 170 сая м3 ашигтай эзлэхүүн бүхий усан сантай.

2. Ус хаях суваг: 630м урттай

3. Станцын барилга: Станцын барилга нь 4*3 МВт-ын, Франсис маягийн гурван том турбин-генераторыг суурилуулсан.

4. Конторын барилга: 2 давхар 1360м2 талбайтай.

5. Дэд станц
110 кВ-ын дэд станцтай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.