Нутаг амьтай гишүүн
УИХ-ын гишүүний ажлын үзүүлэлтийн нэгээхэн хэсэг нь тойргийн сонгогчидтойгоо хэр ойр ажиллаж, тэдний санаа бодлыг хүлээн авч, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа явдал билээ. Энэ үзүүлэлтээрээ эрхэм гишүүн Ж.Энхбаяр тойргийн сонгогчдоосоо хамгийн өндөр үнэлэлт авах нь дамжиггүй ээ.
Тэрээр зөвхөн 2009-2010 оны УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар тойрогтоо гурван ч удаа очин ажиллахдаа сонгогч олонтойгоо зүгээр нэг уулзаад өнгөрсөнгүй, орон нутагт тулгамдаад байсан олон чухал асуудлыг шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд аймгийн төв, Алтай хотод өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын байдалтай байснаас гадна, ундны усны хязгаарлалт, дулаан хангамжийн дутагдалд орсноос болж аймгийн иргэд, ялангуяа орон сууцны айл өрхүүд, албан байгууллагуудын ажил, амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдан хүндхэн байдалтай хэдэн сарыг өнгөрөөсөн.
Ийм хүнд үед нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн биеэр очиж аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзан орон нутгийн ажил байдалтай болон цаг агаарын хүндрэл, учирсан хохиролтой газар дээр нь танилцаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсон, хүндэрсэн олон асуудлыг цагалдалгүй шийдвэрлэсэн юм.
Мөн тойргийн сумдаа байнга тойрч, уулзалт хийдэг бөгөөд Тайшир, Дэлгэр, Цогт, Цээл, Халиун, Эрдэнэ, Алтай, Бигэр, Чандмань сум болон Гуулин, Баянтоорой тосгонд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзан цаг үеийн ажил байдал, мал өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцсан. УИХ, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар болон УИХ-ын гишүүний хувьд 2009 онд хийсэн ажил, 2010 онд хийх ажлынхаа талаар харилцан ярилцаж, сонгогчдынхоо хүсэл сонирхолыг хийх ажлынхаа төлөвлөгөөнд түлхүү тусгасан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь 2008-2010 онд аймгийн урд сумдыг хариуцан, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь аймгийн хойд сумдыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн Ж.Энхбаяр хойд сумдыг, Ц.Дашдорж урд сумдыг хариуцан ажиллана. Ингэж сумдаа хоёр хоёр жилээр хариуцан ажиллах нь сумдын тулгамдаж буй асуудлуудыг системтэйгээр, түргэн шуурхай, давхардуулахгүйгээр шийдэх боломжтой юм.