Өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй малыг устгаад байна
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин, өвчний тархалтыг таслан зогсоох, устгах ажлыг эрчимжүүлж, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн явц, өвчний үзлэг тандалт, вакцинжуулалт, устгал, ариутгал, халдваргүйтлийг зохих журмын дагуу зохион байгуулах, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд өнөөдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хурлын үеэр анхаарууллаа.
Тус хурлаар шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өвчний голомтод ажиллаад ирсэн ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хийсэн юм.
Өнөөдрийн байдлаар хоёр аймгийн 14 суманд 606 өрхийн 250 мянга орчим мал байгаа, шүлхийгээр өвчилсөн 16 мянга гаруй малыг устгажээ. Өнгөрсөн сарын 25-нд Энэтхэг улсаас 200 мянган тун вакцин ирсэн, энэ сарын 10-нд дараагийн сая тун вакцин ирэх юм байна. Шүлхий үүсгэгч нь хүйтэнд тэсвэртэй, малын дархлаа буурахад дахин дэгдэлт гарч болзошгүй, эрсдэл ихтэй тул шүлхийн голомт бүхий эдгээр хоёр аймагтай хөрш зэргэлдээ Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын нийт малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж урьдчилан сэргийлэх , ингэхдээ зүү, тариур, ариутгалын бодисын хангалтыг сайтар тооцоолж, вакцинжуулах ажилд мэргэжлийн эмч, хүн хүчийг хангалттай дайчлан ажиллахыг Улсын Онцгой комиссын дарга үүрэг болголоо.
Мөн тэрбээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш таслан зогсоох арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж байгааг шүүмжлээд “Нэг аймгийн нэг суманд байсан голомт өнөөдрийн байдлаар хоёр аймгийн 14 суманд тархаад байна. Иймд эдгээр аймгийн Засаг дарга болон Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын дарга нарт дахин голомт шинээр үүсгэхгүй байхыг анхаарууллаа. “Цаашид арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхгүй удаашруулсан нөхцөлд холбогдох албан тушаалтнуудад Засгийн газраар дамжуулж хариуцлага тооцно гэдгийг Шадар сайд М.Энхболд хатуу хэллээ.
Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарын хүсэлт, Улсын онцгой комиссын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шүлхий өвчинтэй тэмцэхэд шаардагдах зардалд зориулан Сүхбаатар аймагт 150 сая, Дорнод аймагт 50 сая төгрөг, мөн Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст тус бүр УАЗ 469 авто машиныг улсын нөөцөөс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар Улсын Онцгой комиссын өнөөдрийн хурлаар шийдвэрлэлээ.