Хятад Улс Путинээс их юм сурчээ
2010.09.30

Хятад Улс Путинээс их юм сурчээ

Япон, Хятадын харилцаа хурцдаж байна. Японы Окинава арлын амбан захирагч Хирокадзу Накаима Засгийн газартаа хандан «Хоёр орны маргааны талбар болсон Сенкаку арлын ойролцоох бүсэд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна» хэмээн хүсэлт гаргасан нь үүний нэг баталгаа.


Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябао НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцож байхдаа Японы Ерөнхий сайд Наото Кантай уулзахаас эрс татгалзсан нь мөн л Сенкаку аралтай холбоотой. Тийм ч ач холбогдолгүй энэ арлаас үүдэлтэй Япон, Хятадын маргаан талуудын харилцаанд хохирол учруулсаар. Хоёр улс нүүрс нийлүүлэх, иргэний агаарын тээврийг өргөтгөх, Дорнод Хятадын тэнгисийг хамтран ашиглах зэрэг хэлэлцээрээ зогсоожээ. Хятадын Гадаад харилцааны яамны дипломатууд өөрийн улсад суугаа Японы Элчин сайд Уитиро Ниваг долоо хоногийн дотор долоон удаа дуудаж ирүүлэн, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэр бүү хэл сүүлчийн удаад Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго хэмээх Хятадын гадаад бодлогыг атгадаг улстөрч Японы Элчинтэй биечлэн уулзжээ. Тэгэхдээ хичнээн их дургүйцэн, хилэгнэж байгаагаа ойлгомжтой илэрхийлэхийн тулд Японы хөөрхий Элчинг шөнийн нэг цагт дуудсан гээд төсөөл дөө. Энэ нөхцөл байдалд Японы тал нэр төрөө авч үлдэхийг хичээн, тайван, тэвчээртэй гэдгээ харуулахыг зорьж байна.

Япончууд уг дуулиан дэгдсэний дараахан Хятадын хөлөг онгоцыг багийн гишүүдийн хамт тавьж явуулсан билээ. Дараа нь баривчлагдсан ахмадыг суллахын өмнөхөн цэргийн хөлгүүдээ Сенкаку арал руу татаж байгаагаа Япон Улс мэдэгдсэн.


Ер нь хоёр том гүрний хооронд дайн дэгдэх тун шахсан. Оросын шинжээч В.Кашин энэ талаар «Хил орчмын асуудлыг яаж зохицуулж болохгүйг Япон, Хятадын газар нуттийн маргаан харууллаа» хэмээн бичжээ. Мэдээж, энэ хямралаас болж дайн дэгдэхгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна. Гэхдээ Сенкаку арлын дуулиан хөрш орнуудын харилцаанд хүчтэй нөлөөлсөөр. Манайх-ны хэмжүүрээр инээд хүрэм өчүүхэн буюу ердөө долоон км2 талбайтай, хүн амьдардаггүй, эзэнгүй одой арлууд ийнхүү дэлхийн улстөрд нөлөөлөх болжээ.

Ер нь тус арал аль улсад харъяалагддаг талаар хязгааргүй маргаж болно. Яагаад гэвэл энэ арлын түүх нэн ээдрээтэй... Шинжээч Стив Ливайн уг дуулианы талаар «Хятад Улс Путинээс их юм сурчээ. Өөрөөр хэлбэл Гүржийн сургамж нөлөөлж байна» хэмээн дүгнэжээ. ОХУ тэр үед Зөвлөлтийн Кавказ болон Дундад Азийг өөрийн нөлөөний нутаг гэж үздэгээ АНУ болон дэлхий дахинд харуулсан. Гүржтэй хийсэн дайн үүнийг баталгаа. Одоо харин Хятад Улс Азийн орнууд, ялангуяа Японд хандав «Дорнод Хятадын далайн арлууд бол бидний өмч, иймээс манай загасчид загас барих зэргээр юу дуртайгаа хийх болно» гэж тунхаглаж байна.

Тэгэхээр эдгээр арлын нефть, байгалийн хийн нөөц ч бас Хятадынх болж таарах нь. Бээжин ингэхдээ Москва шиг эцсээ хүртэл явахаа дэлхий нийтэд ойлгуулж чадлаа. Аз болоход Бээжин дайн дэгдээсэнгүй, гэхдээ Японы үйлдвэрлэлийн олон салбарт ноцтой хор хохирол учруулж амжлаа. Тэгэхээр Япон үйлдвэрлэлийн түвшнээ хэвээр хадгалж үлдэхийн тулд энэ арлаас татгалзах байх. Хятад ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд гуравт ордог Японыг өдөөн хатгаж зүрхэлсэн нь үнэхээр гайхалтай. Дэндүү бардам, хэт өөртөө итгэлтэй загнаж байгаа юм биш үү. Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн гишүүн 10 улс дээрх явдалд ихэд түгшин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Хятад ингэж болохгүй.

Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй» гэж шүүмжилжээ. Гэхдээ АНУ нөгөө Гүржтэй холбоотой мөргөлдөөн шиг өөрийн үзэл бодлоо хамгаалж дайтахгүй нь лав. Тэрчлэн АСЕАН-ы гишүүн нэг ч орон ингэж зүрхлэхгүй дээ. Яагаад гэвэл 2008 онд ОХУ дайнд бэлэн байсан шиг Хятад өнөөдөр эр эмээ үзэлцэхээс буцахгүй бололтой. ...Хятадын хөгжил цэцэглэлт 1980-аад оны Японоос өөр. Учир нь Япон бол том гүрний амбицгүй, арилжааны улс. Гэтэл өнөөгийн Хятад аль алины төлөө үзэж тарахад бэлэн байна. «Financial Times»-ын сурвалжлагч Жефф Дайер «Энэ дуулиан бол Хятадын эрх баригчдын ээлжит нэг ааш аяглал бус. Харин нам төрийн систем дэх нөлөө бүхий бүлэглэлүүдийн хийсэн ажил» хэмээжээ. 

Стокгольмын шинжээч Линда Якобсон «Дээрх бүлэглэлд нефтийн үйлдвэрлэл гээд олон байгууллагын удирдагчид багтдаг. Хятадын нүүр царай, хөдлөх хүч болсон эдгээр хүмүүс эх орноо дэлхийн тавцан дээр зохих байр сууриа эзлэх цаг болсон гэж үздэг» хэмээн баталж байна. Тэгэхээр Хятад, Японы зөрчлийн шалтгаан ганц ахмадын асуудал ч биш аж. Хятадууд мөхөж буй марксизмынхаа оронд их гүрний үзэл санааг өргөн дэвшүүлэх төлөвтэй. Оросууд 2008 онд «Манай газар нутаг руу өнгөлзөхгүй бол өрнөдтэй нөхөрсөг харил-цаагаа хадгалсаар байх болно» гэж ойлгуулсан. Харин одоо Бээжин яг тэднийг дуурайж байна. Энэ дуулиан, бас юанийн асуудал нь Хятад ба өрнөдийн харилцааны хэмжүүр болох нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.