Монгол улсыг 185 улс дэмжлээ
2009.10.29

Монгол улсыг 185 улс дэмжлээ

Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл /ЭЗНЗ/-ийн гишүүнээр сонгогдов. 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаар манай улс НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш хоёрдахь удаагаа, 35 жилийн дараа ЭЗНЗ-ийн гишүүнээр ажиллахаар болж байгаа юм. ЭЗНЗ нь НҮБ-ын үндсэн байгууллагуудын нэг бөгөөд эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн чиглэлээрх тулгамдсан асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд шийдвэрлэж, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилготой юм. ЭЗНЗ нь 54 гишүүнтэй бөгөөд жил бүр 18 гишүүнийг гурван жилийн хугацаатайгаар сонгодог. Чингэхдээ НҮБ-ын бүх гишүүн орны гуравны хоёроос дээш буюу наанадаж 128 улсын дэмжлэг авах шаардлагатай юм. НҮБ-ын гишүүн 185 улс манай улсыг дэмжиж саналаа өгсөн нь хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч байлаа. Манай улс НҮБ-ын ЭЗНЗ-д гишүүнээр сонгогдсон явдал нь дараах ач холбогдолтой юм.

Үүнд:

  • “Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах” гэсэн Гадаад бодлогын зорилтоо хэрэгжүүлэх,
  • Дэлхийн улс түмний нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад идэвхитэй оролцон бодитой хувь нэмэр оруулж, НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн үйл ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөх,
  • Манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Бичигтэн болох НҮБ-ын 10 жил, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар тогтоол санаачилан батлуулах, далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэргээр НҮБ-ын хүрээнд явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагаагаа бататган улам тодорхой ажиллах боломж олж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.