2009.09.11

Израилийн аялал жуулчлалын салбартай хамтран ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд Израиль улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр Израиль улсын Аялал жуулчлалын сайд Стас Мисежниковын урилгаар айлчилж байгаа бөгөөд талууд хоёр орны хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээ хийн, Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн сайд Л .Гансүх айлчлалынхаа хүрээнд Израилийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй компанийн удирдлагатай уулзаж Монгол орны эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, үүнд аялал жуулчлалын салбарын гүйцэтгэж болох үүрэг, Монгол-Израилийн хооронд аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, яриа хийв. Түүнчлэн сайд Л.Гансүх Израиль улсын Байгаль орчны яам болон Бүс нутгийн хөгжлийн яамны дэд сайдуудтай уулзан, дуслаар усжуулалт хийх төхөөрөмж үйлдвэрлэгч "Нетафим" компани, нарны цуглуулагчийн тусламжтай эрчим хүч үйлдвэрлэгч "Солэл" компанийн үйл ажиллагаатай танилцав.

Дараа нь сайд Л.Гансүх Израиль улсын Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж Израиль улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн явц ирээдүйн хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.