Монгол-Европын холбооны хамтарсан хороо хуралдана
2010 оны 10 дугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо болох Монгол, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгав.
Хурлаар талуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл сонсоно. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, 2007-2010 оны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн талаар ярилцах юм. Хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцож, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, төсөл хэрэгжүүлэх боломж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар хөндөж, үүний үр дүн, агуулга, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцоно.