М.Энхболд Давосын уулзалтанд оролцлоо
2010.09.17

М.Энхболд Давосын уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Худалдаа,  хөгжлийн бага хурлаас БНХАУ-ын Засгийн газартай хамтран энэ сарын 6-9-ний өдөр, БНХАУ-ын Сяминь хотноо зохион байгуулсан Дэлхийн хөрөнгө оруулалтын хоёр дахь удаагийн чуулга уулзалт, мөн 13-15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд жил бүр зохион байгуулдаг шинэ удирдагчдын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу “Зуны Давос 2010”-д оролцоод эх орондоо ирсэн. Ингээд энэ талаарх албан мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт “Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдвийн дор болж, энэ үеэр дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараах үед олон улсын эдийн засгийн өсөлтийг хангах, түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нөөц боломж, “ногоон хөрөнгө оруулалт”-ыг дэмжих талаар төр засгийн тэргүүн нар болон олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчид, судлаач нар санал солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн баялгийг зохисгүй ашиглах нь ядуу буурай орнуудад илүүтэй нөлөөлж байгаа, мөн манай улсын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа боловч байгаль орчныг нөхөн сэргээхэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа талаар дурьдаад нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх нь манай улсын дунд болон урт хугацааны зорилтын үндэс болж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин болон НҮБХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакди нартай тусгайлан уулзав.

Дэд дарга Си Жиньпин-тэй уулзахдаа улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр орны “сайн хөршийн харилцан итгэсэн харилцаа”-г бэхжүүлэхэд чиглэж байгаа болон дэд бүтэц, уул уурхай, зам тээвэр, соёл, хүмүүнлэгийн болон спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Монгол Улсын далайд гарцгүй байдлаас үүсэлтэй хүндрэл, бэрхшээлийг багасгах зорилгоор Хятадын талтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа Шадар сайд М.Энхболд илэрхийлэв.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд НҮБХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакди-тай уулзахдаа хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад сурталчлах, Монгол-Хятад-ОХУ-ын Дамжин өнгөрөх тээврийн талаарх гурван талт хэлэлцээрийг эцэслэн байгуулахад ач холбогдол өгөн эрчимжүүлэх, далайд гарцгүй орнуудад дэмжлэг үзүүлэх Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсыг далайд гарцтай болгоход дэмжих, түүхий эдийн бирж байгуулахад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

ДЭЗЧУ, Хятадын Засгийн газар /БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо/-тай хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил” сэдэвт тус чуулга уулзалтад 85 орны төр, засаг, бизнесийн хүрээнийхэн, эрдэм шинжилгээний байгууллагын 1500 гаруй төлөөлөгч оролцож, санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангаж, тогтвортой байдлыг бий болгох талаар санал бодлоо солилцлоо.   Мөн 14-ний өдөр Шадар сайд М.Энхболд Тяньжин хотын Дунзяны эдийн засаг, худалдааны чөлөөт боомтын бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр Тяньжин хотын дарга Хуан Сингуо,  тус хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юаньминь нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тухайлбал,  Улаанбаатар-Тяньжингийн хооронд нислэг үйлдэх, хүнсний бүтээгдэхүүнд гүн боловсруулалт хийх, тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байгаагаа Хятадын тал илэрхийлсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.