Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдаан болов
2010.10.11

Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдаан болов

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан  хорооны ээлжит XIII хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо болов. Хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан Хорооны Монголын хэсгийн тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Европын комиссын Гадаад харилцааны Ерөнхий газрын Монголын хэлтсийн дарга Ф.Жессен нар тэргүүлж оролцов.


Хуралдаанаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон гадаад бодлого, Европын Холбооны улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, 2007-2010 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн хэрэгжилт, 2011-2013 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцав. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдал, харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн, түүний дотор байгаль орчин, тээвэр, хүнс, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулахаар ажиллаж буй Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн хэлэлцээний эхний шат эхэлснээс хойшхи богионо хугацаанд хоёр талын чармайлтын үр дүнд Хэлэлцээрийн төслийг э
цэслэх шатандаа явж байгаа талаар талууд онцлон тэмдэглэж, тус Хэлэлцээрийг энэ ондоо багтаан эцэслэн байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдэв. 

Мөн Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав. Европын Холбооны зүгээс Монгол Улсын энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа тэмдэглэн 2010-2013 оны хугацаанд 8 сая еврогийн санхүүжилтыг энэ чиглэлд хийхээ мэдэгдэв.

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хороо нь жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд ээлжит 14 дүгээр хуралдааны 2011 оны 2 дугаар хагаст Брюссель хотноо хийхээр тохиролцлоо.

Европын Комиссын төлөөлөгчид маргааш буюу 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Тэргүүн шадар Н.Алтанхуягтай уулзаж, Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр ярилцах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.