Хүүхдийн эндэгдлийн мэдээлэл зөрүүтэй гарахгүй
НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар Харвардын их сургуулийн профессор, дэлхийн тэргүүлэх хүн ам зүйч Кеннет Хилл тэргүүтэй хүмүүс Үндэсний статистикийн хороонд ажиллаж байна. Тэд хүүхдийн эндэгдлийн мэдээлэлд хийсэн үнэлгээгээ Засгийн газар болон олон улсын байгууллагуудад танилцуулж, эндэгдлийн тооцоо болон мэдээллийн чанарт хэрхэн үнэлгээ хийх талаар сургалт явуулжээ.
Кеннет Хилл тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзаж энэ талаар ярилцсан байна.
Нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын төдийгүй улс орны хөгжлийн ерөнхий түвшинг илэрхийлдэг гол зүйл. Захиргааны /иргэний бүртгэлийн болон эрүүл мэндийн/ статистик мэдээлэл, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, Хүүхэд хөгжил зэрэг үндэсний хэмжээний түүвэр судалгаагаар эндэгдлийн үзүүлэлтийг гаргадаг. Гэхдээ эдгээр нь зөрүүтэй байгаа учир өнөөгийн түвшингээ бодитой тодорхойлж, 2015 он гэхэд хүрэхээр дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх чиглэлээр үнэлгээ өгөхөд хүндрэл учруулж байгааг Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.
Монгол Улсад нялхсын болон хүүхдийн эндэгдлийн түвшин буурч байгаа нь статистик мэдээлэл, түүвэр судалгаагаар харагдаж байгаа ч мэдээллийн чанар, сонгож авсан тооцооны аргаас хамааран зөрүүтэй дүн гарчээ.
Зөвлөхүүд хүн ам зүйн шинжлэх ухаанд хэрэглэдэг шинжилгээний аргуудыг хэрэглэн шинжилгээ хийхэд статистик мэдээлэл болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны шууд тооцооны аргаар хийсэн тооцоо нь ойролцоо гарч байгаа ч эндэгдлийн түвшинг төдийлөн бодитой илэрхийлж чадахгүй байгаа нь тодорхой болжээ.
Харин “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”, “Хүүхэд хөгжил судалгаа-“нд ашигласан шууд бус аргаар тооцсон тооцооны дүн эндэгдлийн түвшинг бодитоор илэрхийлж байгаа учир энэ арга нь Монгол Улсад тохирох хамгийн зөв хэлбэр гэж үзсэн байна.
Кеннет Хилл тэргүүтэй хүмүүс 10 дугаар сарын 7-ны өдөр Үндэсний статистикийн хороонд ярилцлага зохион байгуулж нялхас, хүүхдийн эндэгдлийн захиргааны мэдээллийг сайжруулж боловсронгуй болгох, энэ талаар тооцоо хийхдээ улсынхаа нөхцөл байдалд тохирсон арга зүйг хэрхэн хэрэглэх, цаашид Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөжээ.
Захиргааны статистик мэдээллээр 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 2009 онд 20, 2008 онд нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны шууд аргаар тооцсон нялхсын эндэгдэл 22 байгаа нь захиргааны мэдээлэлтэй ойролцоо гарсан гэсэн үг. Харин судалгааны шууд бус аргын тооцоогоор нялхсын эндэгдэл 35 гэж гарчээ.
2005 онд явуулсан “Хүүхэд хөгжил” судалгааны дүнгээр 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл эндэгдэл 40, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 51 байна.